БНСУ-ын Кёнжу хотод орших нэгэн амралтын Мауна далайн ресортын концертын танхимын дээвэр их хэмжээний цасанд даруулснаас хэсэгчлэн нурсан хэрэг гарчээ. Ослын улмаас есөн хүн амь үрэгдэж, 17 хүн хүнд, 80 орчим хүн хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн өөр 10 хүн барилгын нурангид даруулсан байгаа аж. Хохирогчдын ихэнхи нь Бусан хотын Гадаад хэлний их сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд гэнэ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр осол оройн 21:15 цагт болсон бөгөөд тухайн үед концертын танхимд тоглолт болж байсан аж. Кёнжу хотод өнгөрсөн долоо хоногт цас их унаснаас дээрх осол гарсан болохыг албаныхан мэдээлжээ.
Үүнээс өмнө 1995 оны зургадугаар сард Сөүлд орших “Сампун” их дэлгүүрийн барилга нурснаас олон зуун хүн амь үрэгдсэн аймшигт осол гарч байсан аж.
Б.АНХТУЯА