
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа ярилцлагаа “Монголын гэгээрэл ариун номын орон төв”-ийг яагаад байгуулах болсон талаар тань эхлэх үү?
-Өндөр гэгээн Занабазартай холбогдсон минь аль 30-аад жилийн өмнө жаахан охин байхаас үүдэлтэй юм. Анх Н.Чүлтэм гуайн гаргасан жижигхэн номыг олж авсанаар энэ их хүнтэй уулзсан. Улмаар 1995 оноос дагнасан судалгааны ажлаа хийж байна. тэгээд энэ байгууллагынхаа нэрийг зүгээр ч нэг оноогоод өгчихөөгүй. Монголчуудын гэгээрэл болсон оюун санааны эрдэм чадлыг нэгэн лагшнаа бие хэл сэтгэл бүгдэд төгс хураасан, Өндөр гэгээн гэж алдаршсан мэргэн удирдагч соён гэгээрүүлэгчийн амьдрал уран бүтээл, их сургааль, оюуны их гэгээрлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой анх байгуулж байлаа.
-Танай төвөөс Занабазар “Өндөр гэгээнтний цадиг адистад арлаг аврал” номыг гаргасан байна. энэ номыг бүтээхийн гол учир шалтгаан яг юу байсан бэ?
Энэхүү их соён гэгээрүүлэгч хүнийг 300 гаруй жилийн тэртээгээс монголчууд маань сонссон төдийгөөр магтаж, дуулсан төдийгөөр муулж ирсэн. Тиймээс энэ их удирдагчийн талаар үнэн оршоож, мянган удаа сонсохоор нэг удаа уншаасай гэсэн чин хүслээр энэ номыг бүтээсэн. Чухам яагаад “Өндөр гэгээнтэний цадиг адистад урлаг аврал” гэж нэрлэсэн юм гэхээр энэ аугаа их түүх урлагт мөнхрөн үлдсэн юм. Өндөр гэгээний бүтээсэн 21 дарь эх тэргүүтэнд монголоо гэсэн авралт сэтгэл өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэдэг утгаар нь ингэж нэрлэсэн юм.
-Өндөр гэгээний талаар монголчуудын бичсэн олон арван бүтээл бий. таны гаргасан энэ ном тэднээс юугаараа ялгаатай вэ?
Би энэ номыг бичихийн тулд монголынхоо олон эрдэмтэдийн бичсэн бүтээлүүдийг уншиж судалсан. Ингэж судалж байхад юу надад тод бодогдсон бэ гэхээр угаасаа монголчуудын сэтгэлгээ сэрэхүйн онцлог, зөн гэгээрэл билэгдэлтэй ард түмэн байжээ. Зөн гэхээр бидний үед бол зөвхөн амьтны зөн мэдрэмж гэж тайлбарладаг байсан. Гэтэл зөн билэг гэдэг чинь аливаа юмыг оюуныхаа чадамжаар таньж мэдэх аргамжааг зөн гэдэг юм. Тиймээс ч манай монголчууд бэрхийг таньсан аугаа их ухаанаараа гэгээрчихсэн ард түмэн. Харин үүнийгээ билэгдээл үлдээчихдэг бөгөөд тэр нь цагаа болохоор задлагдаж үүцээ нээдэг юм. Тэгээд ч энэ номондоо улс орны мөнхөд оршихуйн нууц нь тухайн ард түмний зөн сэрэхүйн их билэгдэлд байдаг гэсэн талаас нь илүүтэй тусгаж өгсөн байгаа.
-Энэ номыг хүмүүс хаанаас авч унших вэ?
Манай төв дээр ирж авч болно. Мөн миний 9913-3716 гэсэн дугаараар холбогдоод авах юм бол би авсан хүмүүстээ чухам яагаад энэ номыг унших ёстой юм, Өндөр гэгээний оюуны их бясалгал, зөн билэгдэл нь юундаа байсан юм гэдгийг тайлбарлаж өгнө. Үнэ ханшийн хувьд билэгдэлээ бодоод 33 мянгаар худалдаалж байгаа. Би энэ номоо номын дэлгүүрүүдэд тавихаасаа илүүтэй зөвхөн уншиж мэдэхийг хүссэн хүмүүст нь л хүргэхийг зорьж байгаа юм.