
Олон сарын турш даргагүй шахам явж, элдэв хэл амны бай болсоор ирсэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд болж, өчигдөр өндөрлөлөө. Сонгон шалгаруулалтад зургаан иргэн оролцсоноос нэг нь л ажлын байрны шаардлагад тэнцжээ. Ажлын байрны шаардлагыг ганцаар давсан Адъяагийн Мөнхтайван өчигдөр шалгалт өгч, 86,1 оноо авсан тул түүнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ.
Мөн өдөр Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд Дэндэвийн Должин 83,5 оноогоор тэнцсэн байна. Яамны Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу эдгээр иргэдийг тухайн албан тушаалд томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэх л үлдээд байгаа юм байна.
Д.ЦЭЭНЭ