“Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хууль зөрчлөө”

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

“Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хууль зөрчлөө”

-Дээд шүүхийнхэн жилийн өмнө гаргасан тогтоолоосоо эсрэг шийдвэр гаргажээ-


Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий албан тушаалтнууд үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг хөнгөн блокны үйлдвэр болох “Силикат” компанийн хувьцааг хууль бусаар “дээрэмдэж” авсан гэнэ. Бүр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүгчдэд нөлөөлж,хууль илт зөрчсөн ажиллагаагаа өөрсдийн зөв хэмээн шийдвэр гаргуулаад байгаа аж. Санхүүгийн зохицуулах хорооны энэхүү хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор “Силикат” ХК ихээхэн хохирол амсаад байгаа юм байна. Энэ талаар тус компанийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.


-Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч нар хууль илт зөрчиж, нэг талыг хэт барьсан шийдвэр гаргасан гэсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүгч нар нэг талыг хэт барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж бид үзэж байгаа. Бид шүүгч нарын нэр хүндэд тэртусмаа Улсын дээд шүүхийн нэр хүндэд халдаж байгаа юм биш шүү. Уншигчдад, ард түмэнд, бидэнтэй адил үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд үнэн байдлыг л хүргэхийг зорьж байна. Улсын дээд шүүх жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцаж, нэг талыг барьсан, эрх ашгийн зөрчил агуулсан шийдвэр гаргалаа.

-Тэгвэл “Силикат” ХК юунаас үүдэн Санхүүгийн зохицуулах хороотой шүүх, хуулийн байгууллагад хандатлаа “үзэлцээд” байгаа талаар яриагаа эхлэх хэрэгтэй байх?

-“Силикат” ХХК  1966 оноос “Цараац цагаан тоосго, Шохойн үйлдвэр” нэртэйгээр Монгол Улсын барилгын материалын үйлдвэрийн 25 хувийг дангаараа хангаж ирсэн түүхтэй компани. “Силикат” ХК  Европын Хөгжлийн банкнаас “Зоос” банкаар дамжуулан зээл авч, зээлийнхээ ихэнх хувийг удалгүй төлж, 2008 онд 1.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон байдаг.  Тэр үед  “Силикат” ХК  шохойны үйлдвэрээ өргөтгөж техник, технологи тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлийн чанар, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон юм билээ. Улмаар компанийн ТУЗ хуралдаж, тоног төхөөрөмж болоод банкны өр төлөхөд 3.6 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээх тооцоог гаргасан байсан. Тэгээд л “Силикат” ХК-ийн ТУЗ хэд хэдэн удаа хуралдаж, өр болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд шаардагдах мөнгийг яаж олох вэ, хаанаас босгох вэ гэсэн асуултын хариултыг хайж эхэлсэн. Ингээд компанийн хувь нийлүүлэгчид шаардлагатай санхүүгийн мөнгө олохын тулд өөрсдийн өмчлөлийн  хувьцааны 30 гаруй хувийг үнэт цаасны зах зээлд гаргаж чадвал мөнгөтэй болох боломжтой гэж үзсэн юм билээ. Ингээд компанийн хувьцааг үнэт цаасны зах зээлд гаргаж өгдөг буюу хувьцааны танилцуулгын материалыг бэлдэн гаргуулахаар 2010 оны аравдугаар сард зуучлалын буюу “Андеррейтэр”-ийн гэрээ байгуулдаг “БИ ДИ СЕК” компанийнхантай уулзсан байдаг. Тэр үед “Силикат” компанийнхан үнэт цаас болоод хувьцааны асуудлаар ямар ч мэдлэггүй байсан гэдгийг онцолмоор байна. Гэтэл “БИ ДИ СЕК” компанийнхан “Силикат” ХК-ийнханд “Энэ асуудлыг бид маш шуурхай шийдвэрлэж өгнө. Бидэнд итгэж болно. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоомжид заасан үүргийнхээ дагуу нэмэлт хувьцааны танилцуулгын материалд хяналт тавина. Тиймд санаа зовох зүйлгүй. Манай компани хуулийн дагуу та бүхэнд шаардлагатай бүх зөвлөгөө, мэдээллийг өгнө. Тиймээс та нар хуулийн болоод үнэт цаасаар мэргэшсэн зөвлөх авах шаардлагагүй” гэж зөвлөх авахыг хориглосон байдаг. Ингээд “Та нар манай компанитай “Андеррайтер”-ийн гэрээ байгуул. Бусад асуудлыг бид зохицуулж өгнө. Зах зээлд гаргах нийт хувьцааны 50 хувиас доошгүй хувьцааг анхдагч зах зээлд санал болгох доод үнээр худалдан авч, хөрөнгө оруулалт хийх эрх эдэлнэ” гээд гэрээнд  нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан байна. Мөн ямар нэгэн хууль зөрчсөн зүйлгүй хэмээн итгүүлсэн юм билээ. Тэр үед “Силикат” ХК-ийн удирдлагууд “Хөрөнгө мөнгөний асуудлыг шийднэ. Хэрэв ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байвал Санхүүгийн зохицуулах хороо цаашлаад Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлөөс хянагдаад гараад ирэх тул хуульчаас зөвлөгөө авч, цаг алдалгүй бичиг, баримтаа бүрдүүлээд өгөх шийдвэр гаргасан байгаа юм. Ингээд бичиг баримтаа зуучлалын буюу “Андеррейтэр”-ийн гэрээ байгуулдаг “БИ ДИ СЕК” компанийнханд өгчээ. Санхүүгийн зохицуулах хороонд “Силикат” компанийн нэмэлт хувьцааны танилцуулгын бүрдүүлбэрт орсон баримт материалыг 2011 оны тавдугаар сарын 2-нд өгсөн байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо дөрөв хоногийн дараа нэмэлт хувьцааны арилжаа эхлүүлэх зөвшөөрөл бүхий 130 дугаар тогтоолыг гаргасан байна лээ. Энэ нь олон хууль, журам зөрчиж Санхүүгийн зохицуулах хороо шийдвэр гаргасан гэдгийг сүүлд “Силикат” компанийн удирдлагууд мэдсэн байгаа юм. Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж мөнгө босгосон. Одоо үйлдвэрээ босгоод, асуудлаа шийднэ хэмээн баяртай байтал зуучлалын буюу “Андеррейтэр”-ийн гэрээ байгуулдаг “БИ ДИ СЕК”  компанийн гурван залуу “Силикат” компанийн удирлагуудтай уулзсан байдаг. Тэд “Силикат” компанийн ТУЗ-ийн есөн хүний зургаад нь манай компанийн хүмүүс байх болно. Мөн хяналтын зөвлөлийн гурван хүн манай компанийн хүмүүс байхаар боллоо. Одоо ХНХ-ийн хурлаа хийнэ” хэмээсэн байна. “Силикат” компанийнхан “Зуучлалын компани ямар учраас компанийн асуудалд гэнэт оролцдог билээ” гээд хуульчидтай уулзаж эхэлсэн байдаг.

-Эндээс бүх юм тодорхой болж эхэлсэн байх нь. Энэ үед “Силикат” компани хувьцаа гаргах боломжгүй байсныг дээрх компани хууль бус тогтоол үйлдэж, зах зээлд гаргасан гэгддэг байх аа.

-Ингээд зуучлалын буюу “Андеррейтэрийн гэрээ байгуулдаг “БИ ДИ СЕК” компанийнхан Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Үүнээс үүдэн Санхүүгийн зохицуулах хороо хуулийн олон заалт зөрчсөн гээд бүх асуудал тодорхой болсон. Яг үнэндээ тухайн үед “Силикат” компани ямар ч хувьцааны арилжаа хийх боломжгүй байсан. Зээлийн өртэй компани хувьцаагаа худалдах ямар ч боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсан. Мөн ажлын 30 хоногт багтаан судалж, үзээд гаргадаг тогтоолыг дөрөв хоногт гаргасан гээд олон учир битүүлэг зүйл байгаа. Магадгүй үүний ард Санхүүгийн зохицуулах хорооны дарга болоод “БИ ДИ СЕК”  компанийнхан нийлж хувьцааны мэдлэг багатай компаниудыг “дээрэмддэг” гэж үзэхэд хүргэж байгаа. Ингээд л зүгээр нэг зуучлалын компанид хууртаж, түүний гар хөл болсон Санхүүгийн зохицуулах хорооны хууль бус шийдвэрээс үүдэн “Силикат” компанийн хувь заяа орвонгоороо эргээд байна. Иймд бид шүүхэд гомдол гаргасан юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний талд шийдвэр гарсан боловч Дээд шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд бид гомдолтой байна.

-Дээд шүүх ямар учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан юм бол?

-Бид 2012 оноос эхлэн энэ асуудлаар шүүхдэлцсэн. Тухайн үед анхан болон давж заалдах шатны шүүхээс манай компанийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар тус онд Улсын дээд шүүхэд гомдол гаргахад 01 тоот тогтоол гарган “Силикат” компани хохирсон байна. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Анхан шатны шүүхээр дахин хянуул” гээд буцаасан. Тэгээд анхан болон давж заалдах шатны шүүхээр биднийг хохирсон нь үнэн, Санхүүгийн зохицуулах хороо 130 дугаар тогтоолыг хууль бусаар гаргасан гэсэн шийдвэр гаргаад, Дээд шүүхэд иртэл жилийн өмнө гарсан тогтоолоосоо эсрэг юм ярьж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ Улсын дээд шүүх шүүх эрхийнхээ хүрээнээс хальж, анхан шатны шүүхийн зарчмаар бүр мэтгэлцэх хэлбэрээр хэргийг шүүсэн. Ингээд зогсохгүй 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуулийг 2013 оны арванхоёрдугаар сард болсон шүүх хуралд үндэслэл болгон ашиглаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй хуулийг ашиглаж, эрх ашгийн зөрчилтэйгээр, хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгааг нь илтгэж байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар “… Улсын Дээд шүүх нь албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасан байдаг. Тиймээс бид маш их гомдолтой байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Улсын ерөнхий шүүгч Ц.Зориг нарт хүсэлт, гомдол хүргүүлээд байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. 

Х.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж