Ардын аман зохиол мэт редакцийн зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Ардын аман зохиол мэт редакцийн зөвлөгөө

Хэвлэл мэдээллийн салбарт өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хүн салбар дотроо ч, салбарын гадна ч олон болжээ. Нийгмийг хөгжил дэвшилд уриалан дуудаж, болж бүтэхгүйг дэлгэн шүүмжлэх учиртай сэтгүүлчид маань бусдын бурууг шүүн явсаар өөрсдийн гэр доторхи асуудлаа орхигдуулжээ. Загасчны морь усгүй гэдэг шиг. Энэ салбарт зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг нэгдүгээрт, хууль эрх зүйн, хоёрдугаарт, өөрийн зохицуулалтын, гуравдугаарт, мэргэжлийн босгыг өндөрсгөх гэж томъёолж болохоор байна.

Эдгээрээс өөрийн зохицуулалтын талаар санал бодлоо солилцох гэсэн юм. Өөрийн зохицуулалт бидний хувьд шинэ сэдэв биш. Өөрийн зохицуулалт буюу Хэвлэлийн консул /зөвлөл ч гэж бас хэлэх нь бий/ гэж юу вэ. Сэтгүүлчид ёс зүйн алдаагаа тогоон дотроо хэлэлцэнэ хэмээн муйхраар ойлгож болох юм. Сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хэн боловч үүнийг мэдэж байгаа байх. Хэвлэлийн консул хэрэггүй гэж хэлэх хүн өнгөрсөн хорин жилийн хугацаанд байгаагүй ч хэрхэн, яаж, хэн байгуулах вэ гэдэг дээрээ очоод гацчихдаг уламжлалтай. Хэвлэлийн консул хэмээх байгууллага улс болгонд байгаад байдаггүй. Хэвлэлийн консул ажиллаж байгаа улс орнуудын жишээгээр харахад ёс зүйгээ баримтлан мэдээ бичих, эх сурвалжтай байх зэрэг сэтгүүлчийн наад захын мөрдөх дүрмийг баримтлахгүй болсон энэ үед Монголын хэвлэл мэдээлэлд хэрэгтэй. Сэтгүүл зүйг ёс журмаар байлгая гэвэл энэ саналыг дэмжих хэрэгтэй. Гагцхүү саад болж байгаа зүйл нь хэвлэлийн салбар тархай бутархай омог аймаг шиг байгаа байдал. Хар ухаанаар бодоход Монголын Сэтгүүлчийн эвлэл уг нь сэтгүүлчдийг нэгтгэн зангидаж энэ ажлыг өөрийн хөрсөнд суурьшуулмаар санагдавч  эвлэлээ гэх сэтгэл сэтгүүлчдэд байхгүй, сэтгүүлчдээ нэгтгэх чадал эвлэлд байхгүй.

Гэхдээ Консул хэрэгтэй гэж үзэн байгуулах хөрс суурийг бэлдэх санал санаачилгыг хэсэг сэтгүүлчид гарган клубийн хэлбэрээр ажиллаж эхлээд байгаа юм. Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан энэ клубт Сэтгүүлчдийн эвлэл, Монголын Хэвлэлийн хүрээлэн, зарим хэвлэлийн редакцийн төлөөлөл нэгдсэн бөгөөд илүү олон сэтгүүлчийг нэгтгэх хүсэл эрмэлзэлтэй байгааг энэ дашрамд уламжилъя. Клуб эхний ээлжинд Консулийн талаар зөв ойлголт түгээх, сэтгүүлчийн бүтээлүүдийг жишээ болгон хэлэлцэх, бусад улс орны Консулын дүрмийг хэлэлцэх ажлыг эхлээд байна. Энэ сайхан эхлэлийг дэмжин цэцэглүүлж чадвал нийгэмд эзлэх сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд дээшлэх нь дамжиггүй. Глобалчлагдаж байгаа нийгэмд сэтгүүлчид ч глобалчлагдахгүйгээр цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй.

Мэдээж Монголын сэтгүүлчид бид Ёс зүйн дүрэм, зарчимтай. Гэхдээ энэ маань дэндүү ерөнхий тунхагын чанартай байгаа юм. АНУ болон Герман зэрэг орны ёс зүйн дүрмийг ажихад сэтгүүлч юуг яаж мэдээлэх ёстой вэ гэдгийг авлага болохоор гаргасан байгаа юм. Тухайлбал,

АНУ-ын Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн ёс зүйн зарчимд “Сэтгүүлчид үнэнийг эрэлхийлж мэдээлнэ” гэж заагаад үүнийгээ дараах байдлаар задалсан байгаа юм.

  • Мэдээллийн үнэн, зөв эсэхийг байж болох бүх эх сурвалжаас лавлан баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийхийн тулд онцгой няхуур ажиллана.
  • Мэдээллийн субъектэд хариу өгөх, байр сууриа илэрхийлэх боломж олгоно
  • Боломжтой бүхий л үед эх сурвалжаа тодорхой дурьдахыг эрмэлзэнэ. 
  • Мэдээллийн эх сурвалж нэрээ нууцлахыг хүсвэл шалтгааныг нь тодруулсны дараа амлалт өгнө. Мэдээлэл өгсний төлөө ямар нөхцөл болзол тавьж буйг заавал тодруулна. Эх сурвалжид амлалт өгсөн бол түүнийг биелүүлнэ. 
  • Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүй төлөө ажиллана. 
  • Гэрэл зураг болон видео дүрсний тодрол, ялгаралыг сайжруулахыг эс тооцвол техникийн аргаар өөрчлөх замаар дүрсний агуулгыг гажуудуулахаас цээрлэнэ.
  • Архивын дүрс, эвлүүлэг зэргийг таних тэмдгээр ялгана. 
  • Болж өнгөрсөн үйл явдлыг жүжигчилсэн тоглолтоор харуулахаас зайлсхийнэ. Ийм аргыг ашиглах нь зайлшгүй шаардлагатай бол үүнийгээ ил тод болгож таних тэмдгээр ялгана. 
  • Олон нийт мэдэх ёстой чухал асуудлыг хөндөх зорилгоор, тухайн мэдээллийг өөр аргаар олж авах боломжгүй тийм тохиолдолд л мэдээллийг нууц аргаар олж авахыг зөвшөөрнө. 
  • Оюуны өмчийг хулгайлахаас цээрлэнэ. 
  • Өөрийн соёлын үнэт зүйлд няхуур шүүмжлэлтэй хандаж, өөрийн үнэт зүйлийг бусдад тулгахаас зайлсхийнэ. 
  • Арьсны өнгө, шашин, хүйс, нас, гарал үүсэл, газар зүйн байршил, сексийн хандлагад суурилсан хэвшмэл ойлголт, хандлагаас зайлсхийнэ.
  • Үзэл бодлоо нээлттэй солилцох боломжийг дэмжиж, өөрт таалагдаагүй, хүлээн зөвшөөрч боломгүй мэт үзэл бодол, байр суурийг ч нийтэлж, нэвтрүүлнэ. 
  • Албан ба албан бус мэдээллийн эх сурвалжийн аль аль нь ижил үнэ цэнэтэй тул дуу хоолой нь тэр бүр олон нийтэд хүрдэггүй хүмүүст үгээ хэлэх боломж олгоно. 
  • Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж салгана. Үзэл бодлыг мэдээтэй холихоос цээрлэж, үзэл бодлын нүүрийг мэдээнээс ялгаж зааглна. 
  • Зар сурталчилгааг мэдээнээс ялгааж, энэ хоёрыг зааг ялгааг бүдгэрүүлэхийг хатуу чанд цээрлэнэ.

Энэ бол зөвхөн нэг заалтын задаргаа нь. Нийт 18 ерөнхий заалтыг задалж, үүнийгээ мөрддөг аж. Уншаад үзэхэд өглөөний шуурхай дээр, анх сэтгүүлч болоод ажлын гараагаа эхлэхэд албаны даргын хэлж байсан заавар зөвлөгөө байгаа биз. Ардын аман зохиол мэт редакц болгоны гал тогоонд үеэс үед уламжлагдаж ирсэн эдгээр заавар зөвлөгөөг мөрдөхөд л хангалттай аж. Үүнийгээ л бид албан ёсны болгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа юм. Хууль, дэг журам гэдэг бол хүн нийгэмд бусадтай зохицон амьдрах нөхцөл. Сэтгүүлчид бид ч дэг журамд захирагдах цаг нь болжээ.

Дашрамд хэлэхэд, АНУ-ын Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн ёс зүйн зарчмыг Media Council Mongolia клубийн гишүүд долоо хоногийн мягмар гаригт задлан хэлэлцэхээр зэхэж байгааг дуулгая.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж