Цахим тоглоомын газрыг хэрхэн журамлах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Цахим тоглоомын газрыг хэрхэн журамлах вэ?

Гадаадад байгаа хүнтэй холбоо барихаар гэрийнхээ ойролцоох интернэтэд орох гэтэл үүдэндээ “19.00 хүртэл ажиллана” гэсэн бичиг хадаад, хэдийнэ хаалгаа барьсан байлаа. Ойролцоо явсан хүүгээс цаг асуутал 20.00 өнгөрч байв. Харин тэр хүү “Эгч ээ, бүх интернэт, PC тоглоомын газрууд 19.00 цаг хүртэл ажилладаг болсон. Манай ангийнхан тоглох гэтэл нээлттэй PC тоглоомын газар олоогүй” гэлээ.

Түүний хэлснийг нотолж, хоёрдугаар сарын 10-нд Интернэт, цахим тоглоомын бизнес эрхлэгчдийн холбооны гишүүд болох 40 орчим хүн Чингисийн талбайд тайван жагсаал хийж, цахим үйлчилгээний газруудын цагийн хуваарийг багасгасанд эсэргүүцэл илэрхийлсэн юм. Бизнес эрхлэгчид “Урьд нь 23.00 цаг хүртэл ажилладаг байсан. 19.00 цагт интернэт кафе, тоглоомын газраа хаавал бид түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүйд хүрнэ. Тиймээс ажиллах цагийн хуваарийг эргэж харахыг Засгийн газраас хүсч байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Ингээд өнгөрсөн долоо хоногийн турш олны анхаарлын төвд байсан дээрх асуудлыг Засгийн газрын хоёрдугаар сарын 14-ны хурлаар хэлэлцэж, иргэд болон хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Засгийн газрын зүгээс цахим тоглоомын газруудын ажиллах цагийн хуваарийг өмнөхийн адил 23.00 цаг болгож, есөөс доош насны хүүхдэд үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа. Журмын дагуу 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх ба өдөрт хоёроос илүүгүй цагаар тоглуулах юм байна. Олны анхаарлыг татсан цахим үйлчилгээ, интернет тоглоомын газруудын ажиллах цагийн хуваарийн талаарх иргэдийн байр суурийг “Нэг сэдэв” онцолж байна.  

Интернэт кафены үйлчилгээ эрхлэгч Ш.Гүнжмаа:

-Нийслэлд өнөөдрийн байдлаар 568 интернэт кафе, PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс цөөн хэдэн газрууд л дээрхи зөрчлийг гаргаж байгаа. Үүнийг шийдвэрлэж байгаа нь энэ гээд бүх газруудад хавтгайруулан арга хэмжээ авч, 19.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан нь буруу байсан.

Юмыг хааж, хязгаарлах тусам энэ төрлийн бизнес далд хэлбэрт шилжинэ. Харин зөрчил гаргаж байгаа газруудыг цагдаагийн байгууллага илрүүлж, хатуу арга хэмжээ авдаг байх ёстой.

ШУТИС-ийн оюутан Б.Наранбаяр:

-Гэртээ интернэттэй болохоор интернэт кафед орох шаардлага гардаггүй. Миний үеийн залуус интернэт тоглоомонд хэт хорхойсон, донтох нь ихэссэн гэсэн.

Миний бодлоор хувь хүн өөрийгөө захирч, ухамсарлаж сурах хэрэгтэй байна. Тэгвэл тоглоомонд донтохгүй шүү дээ.

Интернэт, цахим тоглоомын бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн М.Алтанбагана:

 
-Манай залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хэд байгаа билээ. 19.00 цагт интернэт тоглоомын газрыг хааснаар оройн цагаар залуучууд архидах, улмаар гэмт хэрэгт өртөх нь ихсэх байсан. Насанд хүрээгүй хүүхдийг тоглоомонд донтож байна гэж үзэж байгаа бол цагийн хязгаар биш насны хязгаар тавих нь чухал юм.

ШУТИС-ийн оюутан Ё.Алтансүх:

-Тоглоомын газруудыг аль болох эрт хааж байх нь зөв. Хүүхдүүд 2500 төгрөгөөр хонож тоглоод, маргааш нь хичээлээ тасладаг.

Шөнөжингөө тоглосон болохоор маргааш нь хэн нэгнийдээ очоод унтчихдаг юм билээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №049

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж