Нидерландчууд дахин медалийн тавцанг эзэгнэв

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Нидерландчууд дахин медалийн тавцанг эзэгнэв

ОХУ-ын Сочи хотноо болж буй XXII өвлийн наадмын арав дахь өдрийн өдөр буюу өчигдөр дөрвөн багц медалийн эзэд тодорлоо. Олимпийн арван өдрийн дараах байдлаар Германы тамирчид долоон алт,
гурван мөнгө, хоёр хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн амжилтаар
тэргүүлж байгаа бол Нидерланд /5+5+7/, Норвеги /5+3+6/, Швейцарь
/5+1+1/, ОХУ /4+7+5/-ын багууд удаалж байна.

Нидерландчууд дахин медалийн тавцанг эзэгнэв


Сочийн мөсөн замд Нидерландын тэшүүрчид дахин үнэмлэхүй амжилт үзүүлллээ. Олимп эхэлснээс тэшүүрийн төрөлд онцгой амжилт үзүүлээд байгаа нидерландчууд энэ өдөр дахин гайхалтай амжилтыг үзүүлэв. Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-т Нидерландын Jorien ter Mors /1:53.51/, Ireen Wüst /1.54.09/, Lotte van Beek /1.54.54/ нар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Мөн Нидерландын Marrit Leenstra дөрөвдүгээр байрт шалгарсан бол ОХУ-ын Yuliya Skokova тавдугаар байрт шалгарлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд тэшүүрийн эрэгтэйчүүдийн 1500 м-т нидерландчууд медалийн тавцанг эзэгнэсэн түүхэн үйл явдал болсон бол эмэгтэйчүүд нь ч энэхүү амжилтыг давтлаа. Нидерландчууд тэшүүрийн төрлөөс таван алтан медаль хүртээд байгаа бол БНХАУ, БНСУ, Польш улсууд нэг алтан медаль хүртээд байна.

Уулын цанын төрлийн Super-G ангилалын аварга тодорлоо

Хамгийн анхны олимп буюу 1924 оноос хойш оролцож буй төрлийн нэг бол уулын цанын төрөл. 1964 оны Инсбрукийн олимпоос өндөр уулын төрөл нэмэгдсэн. Харин Сочигийн олимпийн наадам эмэгтэйчүүд энэ төрөлд анх удаа өрсөлдөж байна.


Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн Super-G тэмцээнд Норвегийн Kjetil Jansrud, АНУ-ын Andrew Weibrecht алт, мөнгөн медаль хүртсэн бол Канадын Jan Hudec, АНУ-ын Bode Miller нар адил 1:18.67 амжилтаар хүрэл медалийн тавцанд зогсжээ.   

Гүйлтийн цанын төрөлд Швед түрүүлэв

Гүйлтийн цаны эрэгтэйчүүдийн багийн төрөлд 4 х 10 км-ийн уралдаанд 16 улсын баг оролцсоноос Швед түрүүлж, ОХУ, Франц улсууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Норвеги, Италийн багууд дөрөв, тавдугаар байрт шалгарсан  бол Азийн төлөөлөл Казахстаны XIII, Япон XVI байр эзлэв.

Бүжгийн төрлийн богино үзүүлбэр боллоо

Уран гулгалтын төрөлд таван багц медалийн эзэд тодрохоос гурван төрлийн эзэд тодроод байна. Одоогоор багийн, эрэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд тодроод байна. Харин өчигдөр бүжгийн хосын богино үзүүлбэр боллоо. Энэ төрөлд 24 хос оролцсоноос 20 нь өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрт оролцох эрхээ авчээ. Богино үзүүлбэрийг АНУ, Канад, ОХУ-ын хосууд тэргүүлсэн байна.


Олимпийн арван өдрийн дараах байдлаар Германы тамирчид долоон алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд /5+5+7/, Норвеги /5+3+6/, Швейцарь /5+1+1/, ОХУ /4+7+5/-ын багууд удаалж байна. БНХАУ гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар IX, Япон /1+3+1/ XIV, БНСУ /1+1+1/ XVII байрт явна. Казахстан улсын хувьд уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртээд байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж