Бүх буриад зоны “Алтаргана” их наадмыг энэ оны долдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин хаана хийх вэ гэдэгт наадмыг зохион байгуулах комиссынхон санал зөрөлджээ. “Алтаргана” наадмын анх 1994 онд зохион байгуулснаас хойш хорин жил өнгөрчээ. Энэ хугацаанд арван удаа “Алтаргана”-ыг зохион байгуулсан бөгөөд зөвхөн Монголд ч биш ОХУ-ын Улаан-Үд, Хятадын Шинхээнд зохион байгуулж байжээ. Харин энэ удаа анх зохион байгуулсан Хэнтий аймгийн Дадал суманд наадмаа хийе гэсэн санал давамгай байсан боловч зам, гүүр, зохион байгуулалтад 1,8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул аймгийн төв Чингист зохион байгуулах нь зөв гэсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Энэ жил Хэнтий аймагт өвгөн ноён М.Пүрэвжавын мэндэлсний 170 жил, Галшар сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Түүний зэрэгцээ буриад зоны уламжлалт наадмыг хилийн чанад дахь ахан дүүсээс дутахааргүй сайхан зохион байгуулах хэрэгтэй гэдэг шийдвэрийг зохион байгуулагчид гаргажээ.
Хэнтий аймгийн Дадал сум нь эзэн хааны өлгий нутаг төдийгүй Сөөгтэйн гол орчимд Чингис хаантай холбоотой 15 дурсгалт газар байдаг ажээ. Тиймээс шаардлагатай хөрөнгө мөнгийг сайд дарга нартай зөвшилцөн бүтээчихвэл зам тавьж, гүүр барьчихвал алсдаа Дадал сумыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх боломжтой гэж нутгийн удирдлагууд өгүүлж байна.
Д.ЦЭЦЭН