Гишүүд ажилдаа хэрхэн ханддаг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Гишүүд ажилдаа хэрхэн ханддаг вэ?

-Сайд Х.Баттулга “ховрын бараа” гэгддэг Б.Наранхүүгээс ч илүү ажлаа тасалжээ-

Намрын чуулганы хугацаанд гишүүдийн хуралдааны ирцийг УИХ-ын тамгын газраас тооцож гаргасан байна. Намрын чуулганы хугацаанд их хурлын нэгдсэн хуралдаан 39 удаа болсон. УИХ-ын дарга З.Энхболд нэг ч удаа хурлаа таслаагүй ч гэлээ гадаад томилолтын улмаас хоёр удаагийн хуралдаанд суугаагүй байна. Нэгдсэн хуралдаанд хамгийн идэвхитэй суусан нь гишүүн С.Ганбаатар. Тэрээр нэг хуралдаанд л суугаагүй, гэхдээ тэр хуралдаанаа тасалжээ. Харин зургаан удаа хоцорсон байна. Чөлөө аваагүй,өвдөөгүй, бас гадаад томилолтоор яваагүй бололтой. Гишүүн Ц.Нямдорж хуралдаа 35 удаа суусан гэсэн үзүүлэлтээр удаалж байгаа. Тэрээр хоёр удаа тасалж, таван удаа хоцорчээ.Гишүүн Д.Гарамгайбаатар, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, С.Одонтуяа нар 34 удаа хуралдаа суусан бол намын бүлгийн дарга нар ч бас идэвхитэй гишүүд гэдгээ харуулж, бүгдээрээ 30-аас дээш удаагийн чуулганд оролцжээ. Сайд нараас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 34 удаа хуралд сууснаараа тэргүүлж байгаа бол М.Сономпил сайд гурван  удаа чөлөө авч, нэг удаа таслан,хоёр удаа өвчтэй гэсэн шалтгаанаар зургаан хуралдаанд оролцоогүй байна. Энэ үзүүлэлтээрээ тэрээр сайд нарын дотор Ц.Баярсайхан сайдын ард бичигдэж байгаа бол Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хойноосоо тэргүүллээ. Тэрээр 37 хуралдааны 10-д нь л оролцсон. 24 удаа шалтгаангүй тасалж, 3 удаа гадаадад томилолттой байсан бол 1 удаа чөлөө авчээ. Тэрээр сайд нар дотроос төдийгүй их хурлын гишүүд дотроо хамгийн цөөхөн удаа чуулганы танхимд "үзэгдсэн" гишүүнээр тодорч байна. “Ховрын бараа” гэж хэлэгддэг Б.Наранхүү гишүүн хүртэл Х.Баттулга сайдаас олон, 16 удаа хуралдаа суусан байна. Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 14 хуралдаанд оролцож, 23 хуралдаанд ирээгүй, гэхдээ таслалтаасаа илүүтэй гадаадад томилолтоор ажилласан, чөлөөтэй байсан байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 17 удаа чуулганы хуралдаанд оролцсон. Бусдаас нь чөлөө авчээ.Гадаад харилцааны сайд Л.Болд 16 удаагийн хуралдаанд оролцож, 22 хуралдааныг өнжсөний 15-д нь гадаад томилолттой байсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Ч.Сайханбилэг, Хүн ам, нийгмийн хамгааллын сайд  С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Г.Уянга нар гадаадад томилолтоор ажилласнаараа гадаад харилцааны сайдын араас дөхөж явна. Ч.Сайханбилэг сайд 13 удаа, гишүүн Г.Уянга, Л.Цог нар есөн удаагийн хуралдааны үеэр гадаадад байжээ. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч намынхан нь хүчээр их хуралд нь үлдээсэн гишүүн Р.Амаржаргал байнгын хороо, чуулганы хуралдаанд бараг үзэгдэхээ больсон. Ирцийн мэдээ ч үүнийг нотолж, 23 удаа тэрээр хуралдаанд оролцоогүй байна. Таван удаа өвчтэй, бусад 18-д нь түүнийг тасалснаар бүртгэжээ. Гишүүд өвчтэй, чөлөөтэй, гадаад томилолт, орон нутагт ажиллаж байгаа гэсэн дөрвөн янзаар хуралдаанд оролцоогүй шалтгаанаа тайлбарладаг, дээрхийн аль нэг нь байхгүй бол тасалсанд тооцдог. Хуралдаа суусан тоог нь эс тооцон хамгийн бага тасалсан гэсэн үзүүлэлтээр авч үзвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нэг ч удаа таслаагүй байна.

Нэрнийх нь арын  тасалсан гэсэн багана хоосон ганцхан гишүүн байгаа нь Ж.Батсуурь. Тэрээр таван удаа хурал өнжихдөө гуравт нь гадаад томилолт, хоёрт нь өвчтэй байсан гэнэ.Гишүүн С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар таслаагүй ч нэг удаа хоцорсон бол гишүүн Н.Батцэрэг нэг таслалт, Д.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат, М.Батчимэг нар хоёрхон удаа тасалснаараа бусдаасаа ялгарчээ.Сайд нар их хурлын хуралдаанд хамгийн бага оролцдог нь ачаалал ихтэй байдгийг нь нотолсон бол цөөнхийн залуу гишүүдийн идэвхи ч бас сайнгүй байгаа нь ирцийн мэдээнээс анзаарагдана. Гишүүн О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар нар 18, Д.Сумьяабазар 19, Н.Номтойбаяр 20, Я.Содбаатар 21 удаа хуралдаанд сууж, бусдад нь оролцоогүй байна. Таслалтынхаа тоогоор Х.Баттулга гишүүн магнайлжээ. Тэрбээр 24 удаа “тас”-тай байгаа бол 18 удаа тасалсан Р.Амаржаргал удаалж, 17 “тас”-тай Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, 16 “тас”-тай О.Содбилэг,13 тастай Ц.Дашдорж,12 “тас”-тай Ж.Энхбаяр зэрэг ардын намын залуучууд араас нь жагссан байна.

М.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж