Чех улстай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Чех улстай хамтран ажиллана

БНЧУ-ын хөгжлийн агентлагаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Туршилтын усны хэмнэлтийн менежментийн схемийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Үүнтэй холбогдуулан тус улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Вацлав Йилек болон Чехийн хөгжлийн агентлагийн ажилтан Андреа Крупова, Барбора Латечкова, Мартин Хрубеш нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 01-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт  айлчиллаа.

Айлчлалын үеэр төлөөлөгчид аймгийн Засаг дарга, Мөрөн сумын удирдлагуудтай уулзаж, төслийн талаар санал солилцов. Мөн аймгийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг үзэж сонирхлоо.  Тус агентлагаас 2008 онд Хөвсгөл нуурын эрэг дахь Хатгал тосгоны хүн эмнэлэгт бохир ус цэвэрлэх төхөөрөмж суурилуулж өгч байсан бол одоо яригдаж буй “Усны хэмнэлтийн менежментийн схемийг хөгжүүлэх туршилтын”  төслийн хүрээнд эхний ээлжинд аймгийн төвийн усан хангамжийг сайжруулах зорилгоор, эх үүсвэрийн хоёр худгийг тус агентлагийн санхүүжилтээр барих юм.

Түүнчлэн ноён элчин сайд В.Йилек нь аймгийн төвийн сургууль, цэцэрлэг болон зарим хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид Чех улс, Хөвсгөл аймгийн хооронд нийгэм, соёлын салбарт харилцаа тогтоох талаар ажиллана гэдгээ илэрхийллээ.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж