Гал гарсан тулаанд АНУ яллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Гал гарсан тулаанд АНУ яллаа

“Сочи-2014” олимпийн наадмын хоккейн тэмцээн өчигдөр мөсөн дээр гал гарсан ширүүн тоглолтоор үргэлжиллээ. Спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байсан энэ тоглолт бол ОХУ, АНУ-ын хоккейчдын тулаан байв.

Эрэгтэйчүүдийн хоккейн хэсгийн тоглолтод А хэсгийг нэг нэг хожилтой тэргүүлж буй дээрх хоёр баг учраа таарч, ширүүн тулаанд АНУ-ын баг яллаа. Тоглолтын үндсэн цагт хоёр баг 2:2 харьцаатай тэнцсэн тул нэмэлт цаг сунгаж, мөн л багууд гоол оруулж чадсангүй. Тиймээс ялагчийг буллит цохилтоор шийдвэрлэж, АНУ хүчтэй өрсөлдөгч ОХУ-ын багийг буулган авлаа.

Хоккейн хүчирхэг гүрнүүдийн хоорондох “гал гарсан” энэхүү тоглолтын эхний гоолыг Оросын довтлогч Павел Дацюк хийсэн. Харин хариуг нь АНУ-ын довтлогч Жо Павелски болон хамгаалагч Кэм Фовлер нар нэг нэг гоол оруулснаар тооны харьцаа 2:1 болгож, хошуучилж эхэлсэн. Улмаар гуравдугаар үеийн 12 дахь минут буюу тоглолтын 52 дахь минутад Оросын багийн ахлагч Павел Дацюк АНУ-ын багийн хаалганд дахин нэг гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. 

Ингээд нэмэлт цагт тоглолтын хувь заяаг өөрчилж чадаагүй хоёр баг буллит цохилтоор ялагчийг тодруулахаар болсон. Буллит цохилт ч мөн тоглолтоосоо дутахааргүй өрсөлдөөнтэй болж, хоёр багийн тоглогч гурван удаагийн цохиолтод нэг, нэг гоолтойгоор тэнцэж явсаар АНУ-ын довтлогч Тимоти Ошигийн цохилтууд амжилттай болсноор ялагч тодорсон юм. 

ОХУ-ын Сочийн олимпийн ес дэх өдөр буюу өчигдрийн /II.15/ тэмцээн, уралдаанаас анхаарал татсан өөр нэг төрөл нь шорт трек байв. Нэрт дуучин, солонгос үндэстэн Виктор Цойн дурсгалыг хүндэтгэн, Виктор нэртэй болсон ОХУ-ын тамирчин Виктор Ан эрэгтэйчүүдийн шорт трекийн төрөлд олимпийн алтан медаль хүртэж, ОХУ-ын багийн амжилтыг урагшлуулаа. Гэмтэл бэртэл, үл ойлголцлоос болж, ОХУ-ын иргэншилтэй болсон Виктор Ан 2007 оноос хойш томоохон тэмцээнд гараагүй байж байгаад найман жилийн дараа ийн олимпийн наадмын дөрөв дэх алтан медалиа хүртлээ.

Түүний амжилтын нөлөөгөөр одоо ОХУ багийн дүнгээр гуравдугаар бичигдэж байна.

Харин Шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн төрөлд БНХАУ-ын тамирчин Ян Жу түрүүлж, олимпийн аварга боллоо. Харин БНСУ-ын тамирчин Сук Хи Шим мөнгөе, Италийн Арианна Фонтана хүрэл медаль хүртлээ. 

Александр Третьяков эх орондоо дөрөв дэх алтан медалийг авчрав

Эрэгтэйчүүдийн скелетон төрөлд Александр Третьяков дөрвөн гарааны нийлбэр дүнгээр гурван минут 44,29 секундын амжилтаар /3:44,29 минут/ алтан медаль хүртлээ. Ингэснээр ОХУ эх орондоо зохион байгуулж буй цагаан олимпийн наадмаас дөрөв дэх алтан медалиа хүртлээ. Эрэгтэйчүүдийн скелетоны төрөлд Латвийн Мартинс Дукурш мөнгө, АНУ-ын Маттью Антоине  хүрэл медаль хүртлээ.

Япончууд уулын цанын төрөлд хүчтэй байна

Цанын харайлтын эрэгтэйчүүдийн Том толгод төрөлд Польшийн Камиль Сточ алтан медаль хүртэж, олимпийн аварга боллоо. Харин Японы тамирчин Нориаки Касай мөнгө, Словенийн Петер Превч хүрэл медаль хүртсэн. Ази тивийн төлөөлөл Японы тамирчид цанын төрлөөр дэлхийн аварга, олимпд дээгүүр өрсөлдөх хэмжээнд өрсөлдөх болсон нь энэ удаагийн олимпоом харагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж