
Үнэнч хайр дурлалыг тунхагласан гэх Валентин санваартны нэрээр нэрлэгдсэн Гэгээн хайрын өдрийг монголчууд харьцангуй хожуу ч гэсэн өргөн хүрээнд тэмдэглэдэг болчихоод байгаа. Хоёрдугаар сарын 14-нд зориулж, хамтлаг, дуучид эртнээс тоглолтоо бэлтгэдэг болсон бол ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд Валентины тусгай зоог бэлтгэж, хайрын багцаа задалдаг болсон. Мэдээж бэлэг дурсгал, цэцгийн дэлгүүрүүдийн хувьд худалдан авалтын хамгийн оргил үе. Цэцэг гэдэг Валентины баярын салшгүй хэсэг болчихсон болохоор тэр… Тиймээс хотын том гэгдэг цэцгийн дэлгүүрүүдээр орлоо.
Өнөөдөр хэдий ажлын өдөр ч гэлээ хайрынхаа төлөө, хайртдаа бэлэг барих гэсэн хүмүүс цэцгийн дэлгүүрт дүүрэн. Өнгө алагласан цэцэгсээс хамгийн гоёыг нь сонгох гэж залуус сандрах бол худалдагч нь харин баглаа цэцгээ боож амжилгүй тэвдэнэ. Хажуугаар нь сонголтод нь туслах гээд завгүй.
Цэцгийн үнийн хувьд харилцан адилгүй. Улсын их дэлгүүр дэх цэцгийн тасагт нэг ширхэг улаан сарнайн үнэ 6000 төгрөгийн үнэтэй бол “Цэцэг” төвд нэг ширхэг улаан сарнайг 3500 төгрөгөөр худалдаж байв. Гэхдээ үнийн дүнгээс үл хамаарч, хоёулаа хөл ихтэй. Энэ жилийн хувьд 99, эсвэл 33 ширхэг улаан сарнай “мода”-нд оржээ. Том сагсанд сагсайлган боосон 99 сарнай дэндүү тансаг харагдах бөгөөд үнийн хувьд 450 мянган төгрөг. 33 ширхэгтэй баглаа нь 115-198 мянган төгрөгийн үнэтэй байна.
Валентины өдрийн бас нэг сонгодог бэлэг бол дуут мэндчилгээ. FM радиогоор ээлж дараалан хайрын дуунууд эгшиглэж, сэтгэлийн үгээ хайртдаа дамжуулна. Энэ өдрийн хамгийн хит дуу нь магадгүй “Камертон”-ы “Миний л хайр” бололтой. Хайрын баярын хит дуу нь энэ, харин “hot” бэлэг нь 99 ширхэг сарнай болжээ.