
ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зургаан компани, нийт олборлох үйлдвэрлэлийн 1531 компани гаргаж, Засгийн газар 1829 компанийн орлогын тайланг хүлээж авчээ. Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар төлсөн 200 компанийг нягтлан баталгаажуулж, улсын төсөвт нэг их наяд 594 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын төсвийн урсгал орлогын 33 хувьтай тэнцэх ажээ.
Олборлолтын компаниудаас төлсөн татварын мөнгөний 32 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр, 13,75 хувийг НӨАТ, 12,07 хувийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт тус тус төвлөрүүлжээ. Аудитаар баталгаажуулсан компаниудын төлсөн төлбөрийн 93 хувийг улсын төсөвт, зургаан хувийг орон нутгийн төсөвт, нэг хувийг төр засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна. Орон нутгийн төсөвт зургаан хувийг төлснөөс 73 тэрбум 484 сая төгрөгийг буюу 67 хувийг Өмнөговь аймагт, 14 хувийг Орхон аймаг, есөн хувийг Булган аймаг тус тус төвлөрүүлсэн тайлан гарчээ. Нийт 1829 компаниас 323 аж ахуй нэгж тайлангаа гаргаагүй учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хариуцлага тооцуулахаар хүргүүлсэн гэж ажлын хэсгийнхэн танилцууллаа.
Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлд 2007 онд анх элссэн бөгөөд байгалийн баялгаас бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг аудитаар баталгаажуулж, олон нийтэд ил тод байдлыг бий болгох зорилготой юм байна. Өөрөөр хэлбэл, уул уурхай, олборлолтоос олсон орлогыг ил тодоор гаргах, улсын төсөвт төвлөрсөн мөнгөн дүнг Засгийн газар хэрхэн зарцуулж байгааг олон нийтэд ил болгох зорилго бүхий Үндэсний зөвлөл юм байна.