Плюшенко хамгийн хүнд хэцүү гэсэн үсрэлттэй бүтэн эргэлтийг дөрөв давтах болон зөвхөн эмэгтэйчүүдийн хийдэг бильманы элемент гайхалтай гүйцэтгэдэг байсан тул орчин цагийн нэрт мастерын тоонд зүй ёсоор дээгүүр бичигддэг. Плющенко энэхүү арга барилыг Зөвлөлтийн системийн арга барилыг бүрэн эзэмшсэнтэй нь болон нэрт уран гулгагч-дасгалжуулагч Алексей Мишинтэй салшгүй холбоотой юм.
Евгений Плюшенко өнгөрсөн 2010 оны Канадын Ванкуверын олимпийн тэмцээний шүүгчдийг буруутгаж, их спортоо орхих дээрээ тулсан юм. Тухайн үед нэрт уран гулгагч мөнгөн медаль хүртсэн ба үүнд шүүгчдийн шударга бус шийдвэр нөлөөлсөн гэж үзжээ. Иймээс тэрбээр Олон улсын уран гулгалтын холбоог шүүмжилж, шударга ёс алдагдсан тухай хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Ванкуверын олимпийн алтан медалийг АНУ-ын тамирчин Эван Люсачек хүртжээ.
Олон улсын уран гулгалтын холбоо Евгений Плюшенкогийн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд сонирхогчийн тэмцээнд оролцох эрхийг л үлдээсэн юм. ОХУ-ын уран гулгалтын холбооны удирдлагууд Европын уран гулгалтын холбоонд хүсэлт гаргаж олимп, дэлхий, тивийн аварга Евгений Плюшенкогийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг сэргээсэн билээ. "2014 оны Сочийн олимп бол Евгений Плющенкогийн хувьд алтан медаль хүртэх сүүлийн боломж" хэмээгдэж байсан ч зодог тайлснаар бүх зүйл эцэс боллоо.