
-Та хэзээнээс хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бэ?
-2007 онд долоодугаар ангиасаа сонирхлоороо хөнгөн атлетикаар хичээллэсэн. Бүх спортын хатан хаан болсон спортын төрөлд тамирчдын ур чадвар гээд бахархмаар зүйл олон.
-Та хөнгөн атлетикийн аль зайнд уралддаг вэ?
-Ихэвчлэн 200, 400 метрт уралддаг. Бас энэ зайных буухианы төрөлд байдаг. Тэмцээний дараа шагналаа аваад зогсож байх мөч сайхан шүү.
-Анхны тэмцээнийхээ талаар дурсвал?
-Өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод алтан медаль хүртэж байлаа. Анх тэмцээнд орохынхоо өмнө их сандарч байсан шүү.(Инээв)
-2013 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн байх аа?
-Тиймээ. Өөрийн орсон 400 метрийн зайд багаараа тавт орсон амжилттай нутагтаа ирсэн. Олон улсын чанартай тэмцээнд оролцоход бэлтгэл сургуулалт, сэтгэл зүйн байдал гээд олон талаасаа өөрийгөө их бэлддэг.
-Азийн аварга шалгаруулах тэмцээний шалгуурыг яаж биелүүлсэн бэ?
-2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр байранд орсон тамирчдыг азийн аварга шалгаруулах тэмцээнд явуулна гэж байсан. Би 400 метрийн төрөлд нэгдүгээр байранд орж тэмцээнд явах болзлоо хангаж бэлтгэлээ үргэлжлүүлж байлаа.
-Шигшээ багийн тамирчин, бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?
-Биеийн тамирын сургууль дээр өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг.
-Одоо ямар тэмцээнд орохоор бэлтгэл хийж байна?
-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах болон бусад улсын чанартай тэмцээнүүдэд бэлдэж байгаа.
-Ганц хөнгөн атлетикаар хичээллэдэг үү. Өөр ямар төрлийн спорт сонирхдог вэ?
-Хичээллэдэг гэхээс илүү өөрөө сонирхож сургууль дээрээ Сагсан бөмөг, Волейвол, Гандбол гээд багийн төрлийн спорт сонирхож хичээллэдэг.
-Энэ спортын төрлүүдээр тэмцээнд орж байв уу?
-Орж байсан. 2013онд Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж багаараа хүрэл медаль, би шилдэг довтлогч шагнал авсан.
-Тал талын авьяастай тамирчин байна. Баяр хүргэе.
-Баярлалаа
-Оюутан гэсэн, аль сургуульд ямар мэргэжлээр сурч байна?
-Биеийн тамирын сургуулийн, биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангид сурч байгаа. Энэ жил төгсөнө.
-Сургуулиа төгсөөд юу хийе гэж бодож байна. Залуу хүн мэдээж зорилготой мөрөөдөлтэй байгаа. Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Мэдээж мэргэжлээрээ ажиллаж, хөнгөн атлетикийн дасгалжуулагч хийнэ гэж бодож байна. Мөрөөдөл гэвэл Азийн болон дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан сайн тамирчин болохыг хүсэж байна.
