Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Гангийг сонсмоор

Өглөөг Гангийн дуугаар угтлаа. Гангийн шинэ дуунд татагдан, догдлон сонслоо. Ганг угаасаа ховор, авьяаслаг, тэр чигээрээ өвөрмөц ертөнц.

Гангийн “Зөрлөг” гоё. Гангийн “Халамцуу салхи” гоё. “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” дууг хэзээ ч, хэд ч сонссон уйдахааргүй санагддаг. Гангийн дуулдаг энэ дуу  “Madness-2 Saikhnaa” цомогт багтсан байгаа.

…Амьдрал чамаасаа би юу хүсэх вэ дээ
Атгаж болох бүхнийг чи өгсөн
Алд хэрчим газар амьдрал бүхлээр оршдогийг
Би мэдсэнгүй, Юу ч гэхэв дээ

Саарал ч гэсэн хайрт хот минь сүндэрлэсээр
Сая сая цонхны цаана
Мянга мянган амьдрал
Сайн бүхний дундаас чи бид хоёрын
Учрал гэрэлтдэг шүү, Энэ гайхамшиг шүү

Гадаа ирчихээд эртний танил дуу эгшиглэсээр
Зүрх сэтгэлийг минь хөглөнө
Амьдралд би одоо ч эрхэлсээр
Энэ гудамжаар гараа халааслан алхана
Элдвийг эргэцүүлж бодно
Цонхыг чинь ширтэн зогсоно…

Үг холболт, дуу нь тэр чигтээ илэрхийлэгдэх утгатай мөртүүд гээд Гангийн бичдэг дууны шүлгүүд бусдынхаас ялгардаг. Өнөөдөр сонссон түүний шинэ дуу “Андууд”.

Би ганцаар ирсэн
Нуруундаа аранзнаас өөр хөрөнгөгүй
Амьд л явбал
Алтан аяганаас ус ууна гэж үг бий
Би энд дасчээ
Энд би нөхөдтэй болсон…

Түүний энэ дуу Ганг, Daisy нарын байгуулсан “Ганг рекордс”-ын бүтээл бөгөөд дууны үг, аяыг Ганг бичиж, өөрөө дуулжээ.

“Madness” хамтлагийн анхны соло гитарчин Ганг. Ая зохиогч Ганг. “Ганг рекордс”-ын Гангдаа баяр хүргэе. Бусад олон хүнд давтагддаггүй чиний ертөнцөөс өөр олон гайхалтай бүтээлүүд ундарч байг.  Дараагийн удаа Ганг, Daisy хоёрын хамт дуулахыг сонсмоор байгаа шүү, дуунд чинь хайртай хүмүүс.




Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж