Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Хайраас үнэтэй итгэл

Саяхан эмэгтэй жолоочтой таксинд суулаа. Бид хол зам явсан болохоор нэлээд хуучлав. Харин тэр хууч яриа итгэлээс эхэлсэн юм. Хүн хань ижилдээ, хайртдаа итгэх итгэл энэ амьдралд хамгийн чухал шүү гэдгийг насаар багагүй ч ажилсаг жолооч захисан юм. Тэрээр ярихдаа, “Эгч нь хоёр хүүхэдтэй. Нөхөртөө хайртай, манай гэр бүл аз жаргалтай сайхан гэр бүл байсан. Гэвч нэг өдөр өөрийнхөө хүүхдүүдтэй усны дусал мэт адилхан хүүхэд харсан тэр мөчөөс л миний итгэлд эргэлзээ төрж ирсэн. Би насаараа нөхөртөө итгэж, бас итгэлийг нь дааж явсан хүн. Гэтэл нөхөр маань өөр амрагтай болж, хүүхэдтэй болсон байсан юм. Тиймээс л би нөхрөөсөө салж, өрх толгойлсон эмэгтэй болсон. Өрх толгойлсон эмэгтэй хүний хувьд гэр бүлээ авч явна гэдэг том ачаа. Тиймээс л өдөр нь ажлаа хийж, шөнө нь таксинд явж мөнгө олж байна шүү дээ. Нөхрийгөө өөр амрагтай байсан гэдгийг мэдээд л би ямар ч итгэлгүй болсон. Бүх зүйлд итгэлгүй болж, зөвхөн хоёр хүүхдээ ухаантай, сайн хүн болгохын төлөө зүтгэж байна. Орчин үеийн залуус бие биедээ итгэж, бас нэгнийхээ итгэлийг алдахгүй явах л энэ амьдралын хамгийн чухал зүйл шүү” гэж захисан юм. 

Хайр гэхээс илүү итгэл гэх үгийг энэ өдөр буюу гэгээн хайрын өдөр хосууддаа хэлэхийг хүслээ. Бид өдөр бүр, цаг, минут бүхэнд  хайртай хүндээ хайраа ил болон далд хэлбэрээр илчилж байдаг. Тэгвэл энэ өдөр насан туршдаа бие биенээ хайрлах, үнэнч байх итгэлийг гэгээн хайрын баяр тэмдэглэж байгаа хосууддаа хүсье.

Хүн хорвоод мэндлэх мөчөөс эхлэн хайранд умбаж, хайрлуулдаг. Эцэг эх маань биднийг эрүүл саруул, ухаантай, уужуу сэтгэлтэй хүн болоосой гэж цаг минут бүр хайрладаг. Харин олон хайр дундаас хамгийн гайхалтай бөгөөд амьдралыг тэтгэж, үржүүлдэг нь сэтгэлийн хайр. Хайранд өсч, өндийсөн бид нэг л өдөр өөр хайрыг хүсч, хүлээж, бас учирдаг. Хүлээлт үүсгэдэг жинхэнэ хайр хүн бүрт ирдэг ч тэр нь заримдаа гашуун үнэнийг мэдрүүлээд буцах нь ч бий. Гагцхүү гашуун ч гэсэн, чихэрлэг ч эрт оройгүй хэн бүхэнд хайр ирдэг.

Насан туршдаа хамт амьдрах хүнээ сонгож, амьдралаа зориулсан бол тэр хүндээ итгэж бас итгэлийг нь олох хэрэгтэй. Хосуудын амьдралд хамгийн чухал зүйл бол итгэл. Хэн нэгэндээ итгэхгүй байснаас салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд өнчрөх, хардалт гээд муухай бүхнийг дагуулдаг. Харин энэ бүх зүйлээс ангид байж, сайхан амьдрахад хамгийн чухал зүйл нь итгэл. Тиймээс хайртынхаа итгэлийг алдахгүйгээр, өөрөө хайртдаа итгэж явахыг  бүх хосууддаа ерөөе. Хамгийн чухал нь итгэлийг бий болгож, хайраа сэвтээхгүйн тулд итгэл алдах зүйлийг хийхгүй байх нь чухал юм. Итгэлээс болж өнөөдөр ганцаардсан, өрх толгойлсон, сэтгэлийн шархтай гундаж яваа хүн олон бий. Тиймээс бие биедээ итгэж амьдрая. Би ч мөн адил хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах “тийз”-ээ авчихсан. Харин тэр хүндээ зориулаад өнөөдөр хэлэх ганц үг бол итгэл. Бүх хосууд маань гэгээн хайрынхаа өдөр шивнэсэн итгэлээ насан туршдаа хадгалж яваасай.

Энэ хорвоогийн бүх хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргээд, итгэлээр жигүүрлэсэн амьдралд нь урт удаан, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж