Монголчууд, ялангуяа залуу үеийнхэн нийгмийн сүлжээг хамгийн идэвхтэй хэрэглэж байна. Олон байгууллага өөрийн гэсэн нийгмийн сүлжээний хуудастай болжээ. Сүүлийн үед зөвхөн мэдээ, зар жиргэхээс гадна нийгмийн сүлжээг ашиглах өөр олон арга бий боллоо .Үүний нэг жишээ нь нийгмийн сүлжээний оролцогчидтой нүүр тулан уулзах арга юм. Монголд нийгмийн сүлжээтэй хамгийн идэвхтэй ажилладаг “Оюутолгой” компани бас нэг шинэ арга оллоо. Тус компани Фэйсбүүк дээр дагалдагч фэнүүдтэйгээ сар бүр уулзаж, үйл ажиллагааныхаа талаар төрөл бүрийн мэдээлэл өгч байна.
Сар бүрийн уулзалт өөр өөр сэдэвтэй. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард болсон уулзалтаар компанийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааг тайлбарласан нь залуу бизнес эрхлэгчдийг “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход тус нэмэр болсон байх. Өмнөх уулзалтуудаар Оюу Толгойн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах, компанийн нийгмийн хөрөнгө оруулалтыг яаж хэрэгжүүлдэг талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.
Оюутолгой ХХК-ийн Нийгмийн сүлжээ, мэдээллийн төвүүдийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Чинзориг "Бид Фэйсбүүкт 86 мянган фэнтэй, Твиттерт 6100гаруй дагалдагчтай. Олон хүн биднээс онлайнаар мэдээлэл авахыг хүсдэг. Ийм хүмүүстэй нүүр тулж уулзах ёстой гэж бид үзсэн юм. Энэ маань хэр үр дүнтэй байх бол гэж эхлээд эргэлзэж байсан. Хүмүүс компьютерийнхээ өмнөөс босч, бидэнтэй, мөн өөр хоорондоо уулзах гэж ирэх болов уу гэж бодож байлаа. Харин дээрх арга хэмжээ санаснаас тун амжилттай болсон. Ихэнхдээ 20-иод хүн уулзалтад ирдэг. Мэдээлэл олж авдаг. Тэдний хувьд энэхүү уулзалт нь зөвхөн онлайнаар л харилцаж байсан хүмүүстэйгээ танилцах сайхан боломж олгож байна” гэж ярилаа.
Тэрээр цааш нь "Нэг удаагийн уулзалтаар байгаль орчны нөлөөллийг бууруулах сэдвээр ярилцахын тулд компанийн холбогдох мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан. Түүнд оролцсон хүмүүс олон асуулт тавьснаас гадна манай мэргэжилтнүүдэд цаашид анхаарах зүлийн талаар ч олон чухал санаа хэлсэн шүү. Ханган нийлүүлэлтийн сэдвээр болсон уулзалт ч амжилттай болж, зарим оролцогч “Оюутолгой”-н ханган нийлүүлэгч болохоор шийдсэн гэж бид бодож байна. Ийм уулзалтыг цаашид ч зохион байгуулах болно" гэж өгүүлэв.
Дараагийн ээлжит уулзалт хоёрдугаар сарын сүүлчээр “Оюутолгой” ХХК-ийн Улаанбаатар дахь Мэдээллийн төвд “Оюу Толгой олборлосон хүдрээ хэрхэн зэсийн баяжмал болгодог вэ” сэдвээр болно.