Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа

Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг гарч, хүн бүрт хамааралтай хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийг боловсруулж байна. Одоогийн дагаж мөрдөж буй  Хөдөлмөрийн тухай хуулийг 1990 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш даган мөрдөж байгаа бөгөөд түүнээс хойш нийгмийн харилцаа ихээхэн өөрчлөгдөж, шинэ шинэ харилцаа бий болсноор тус хуулийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр уулзаж Хөдөлмөрийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцлоо. Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Ш.Маяа, Жендэрийн үндэсний холбооны нарийн бичгийн дарга М.Болормаа, Монголын ҮЭХ-ны Хөдөлмөр нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Отгонтунгалаг нар хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамт /АББД/-ын асуудлыг хэрхэн тусгасан талаар байлаа. Ажлын байрны бэлгийн дарамт нь хэдийгээр хоёрхон хүний харилцаанд илэрдэг, голчлон нууц далд байпдалд өрнөдөг хэдий ч нийгмийн нэг хөндүүр сэдэв бөгөөд жил ирэх бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд тодотгож байлаа. Тиймээс энэ асуудал хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг гол хуульд тусгах ёстой гэж үзэж буй юм. Ингэхдээ Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хууль болон бусад хуультай уялдуулах учиртай гэдэгтэй ч санал нэгдэв.

Эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлдэг гэдгээр нь төвөгшөөн ажилд авахаас цааргалах, ойрын хугацаанд хүүхэд төрүүлэхгүй гэсэн ам өчиг авч байж ажиллуулах, ажилд орохоор өгсөн  материалын нууцлалыг хангахгүй байх, бие хаа, зүс царайг чухалчлах гэхчилэн АББД-ын хувирсан олон хэлбэр нийгэмд байгаагаас Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийхээс аргагүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Тэд саналаа Жендэрийн үндэсний хороон дээр нэгтгэн, хуулийг шинэчлэн найруулж буй ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж