
БНХАУ-ын Шинжаан Уйгурт өчигдөр /II.12/ хоорондоо таван минутын зайтай 6.8 болон 5.7, 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн болохыг Америкийн геологийн судалгааны газраас мэдээлжээ. Эхний газар хөдлөлтийн голомт Хотан хотоос зүүн өмнө зүгт 270 км зайтай хүн суурьшаагүй газарт 12.5 км-ын гүнд болсон аж. Үүнээс таван минутын дараа 5.7 магнитдын газар хөдлөлт таван км-ийн гүнд мэдрэгдэж, чичирхийлэл нь сарниж амжаагүй байхад дахин 4.2 магнитудын газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй боловч галт тэрэгний замд гэмтэл үүссэн байна.
Өмнө нь 2008 оны гуравдугаар сард Шинжаан Уйгурын Хотан хотын ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 200 байшин барилга сүйдэж, 40 мянга орчим хүн нийт 10 сая юанийн хохирол амсч байсан аж. Мөн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Хятадын Сичуань мужид 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 200 хүн амь үрэгдсэн билээ.
Б.АНХТУЯА