-Сүүлийн үед монгол хэлний үсгийн дүрмийг өөрчилж, уран зохиолын хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах гэж байна гэсэн шуугиан олон нийтийн дунд гарах боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа талаар Зөвлөх танаас тодруулах зүйл байна. Юуны өмнө монгол хэлний цагаан толгойгоос ы, щ, ъ, ь зэрэг дөрвөн үсгийг хасах тухай зарим эрдэмтний санал гарч нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?
-Монгол хэлний цагаан толгойн 35 үсгээс хасах талаар ямар ч асуудал байхгүй. Харин мессежний хэл гэх мэт монгол хэлний бичлэг,найруулгыг гажуудуулж байгаа байдлыг засч, эх хэлээ хамгаалах чиглэлээр Монгол хэлний найруулгын талаар хууль гаргахаар УИХ-ын зарим гишүүн санаачилсныг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 2013 онд Дэлхийн шилдэг их сургуулиудад оюутан суралцуулах тухай зарлиг гаргаж Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 100-д багтсан сургуульд суралцагчдад санхүүжилт олгохоор болсон. Энэ зарлигийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Зарлиг амжилттай хэрэгжиж Монголоос олон залуус дэлхийн шилдэг их сургуулиудад санхүүжилт авч суралцаж байна. Зарлиг гарснаас хойш докторантур, магистрт 100 орчим залуус санхүүжилт авч суралцаж байгаа. Энэ бодлого цаашид ч хэрэгжинэ.
-Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах гэж байна гэсэн шуугиан сүүлийн өдрүүдэд гарлаа. Төрийн тэргүүн үүнийг хэрхэн үзэж байгаа бол?
-Тийм зүйл огт байхгүй. БШУ-ны сайд Л.Гантөмөр ч сая үүнийг няцаалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой. “Уран зохиолын хичээлийг хасна гэдэг бол хүний оюун санааг тархинаас нь авч хаясантай ялгаагүй. Уран зохиол байхгүй бол ухаан санаа хоосорно” гэж Ерөнхийлөгч хэлсэн.