Гурван настай уран гулгагч

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Гурван настай уран гулгагч

Бяцхан биедээ
ахадсан авьяастай энэ жаахан охиныг Риана Кадырова гэдэг. ОХУ-ын Казаньд
амьдардаг тэрбээр ОХУ-ын хамгийн бяцхан уран гулгагч. Дөнгөж хоёр нас гаруйтай
байхдаа бумбагар, бяцхан хөлдөө тэшүүр углаж үзсэн Риана өдгөө уран гулгалтын
анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, ойр зуурын хөнгөн элементүүдийг төвөггүй
хийдэг болжээ.

Риана охины эгч
Ясмина нь бас уран гулгагч. Ээж нь харин тэдний дасгалжуулагч. Охидынхоо
ирээдүйн төлөө ажил мэргэжлээ хүртэл сольсон Резеда Кадырова өдгөө багачуудад
зориулсан уран гулгалтын хувийн сургууль ажиллуулж, ирээдүйн аваргуудыг бэлтгэх
ажилд зүтгэж яваа гэнэ. Тэр сургуулийн ээлжит улирлын нээлтэд бяцхан Риана
үзүүлбэрээ үзүүлсэн нь энэ. Оросын ардын дуунд “Барыня” үзүүлбэрээ толилуулахдаа
тэр дөнгөж хоёр нас, зургаан сартай байжээ. Бяцхан хөлд нь таарах тэшүүр
олдохгүй байсан тул аав, ээж нь Москва орж, нийслэлээс тийм жаахныг олж
авчирсан гэнэ. Тэгэх тэгэхдээ захиалгаар хийлгэжээ. Москвагийн спортын
дэлгүүрүүдэд байсан хамгийн жаахан нь 24 размер, гэтэл Риана охины хөлд 19
размерийн гутал таарахаар байв. Ингээд аав, ээж нь охиноо уран гулгагч болгохын
тулд тусгай захиалгаар тэшүүр хийлгэсэн тухай Рианагийн ээж Резеда хуучилжээ. Харин
энэхүү “Барыня” үзүүлбэрийн хослол эгчээс нь “өвлөж” ирсэн гэнэ.

Резеда Кадырова Татарстаны
уран гулгалт, шорт-трекийн сургуулийн захирлаар ажилладаг байжээ. Төрийн удирдлагын
менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн тэрбээр том охин Ясминагаа
төрүүлчихээд эргээд ажилдаа орохдоо охиноо үргэлж дагуулаад явдаг байж. Ухаан
орох цагаасаа эхлээд уран гулгалтаар хичээллэж буй сурагчдыг харж өссөн Ясмина
удалгүй уран гулгагч болох хүсэлтэйгээ ээждээ хэлжээ. Багагүй хугацаанд охиноо
анзаарсан тэрбээр зургаан жилийн өмнөөс ийнхүү сургууль ажиллуулж эхэлсэн байна.
Резеда захирлын ажлаа орхиод ОХУ-ын биеийн тамир, спорт, аялал жуулчлалын сургуульд
дасгалжуулагчаар суралцаж, төгссөн нь энэ аж. Ингээд том охин Ясмина нь нэгэнт
уран гулгагч болох замаа тэгшилсэн тул бага охин Рианагаа ч мөн энэ замд
хөтлөхөөр шийдсэн гэнэ. “Ийм жаахан охиноо уран гулгалтаар хичээллүүлэх аюултай
биш гэж үү” гэх сэтгүүлчийн асуултад Резеда “Аав, ээжүүд хүүхдээ дагуулаад
гадаа гарсан ч аюул хаа сайгүй хүлээж байдаг шүү дээ. Гадаа тоглож байгаад орж
ирэхдээ л хүүхэд нүүрээ шалбалчихсан, нүднийхээ дор хөхөрчихсөн л ирдэг биз
дээ. Хүүхдүүдийн маань эрүүл мэнд, амьдралд ямар нэг байдлаар сөрөг нөлөөтэй
байсан бол би хэзээ ч уран гулгалтаар хичээллүүлэхгүй гэсэн” гэж хариулжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж