Н.Мөнхбат: Бондын эрсдлийг япончууд үүрнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Н.Мөнхбат: Бондын эрсдлийг япончууд үүрнэ

Шинэ оны дараахан Хөгжлийн банкны дансанд 30 тэрбум иентэй тэнцэх хэмжээний ам.доллар орж ирсэн. Уг мөнгийг Засгийн газар үйлдвэржилтэд зарцуулахаа мэдэгдээд буй юм. Бондын хөрөнгө Монголын дансанд орж ирсэн цагаас эхлэн элдэв шүүмжлэл ч өрнөсөн. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай уулзаж бондын асуудлаар ярилцлаа.

-“Самурай” бондтой холбоотойгоор асууж тодруулах зүйл их байна.Яагаад Японы хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор шийдсэн юм бэ.  “Самурай” бондыг гаргаснаар Монголын эдийн засагт ямар ашигтай вэ. Энэ талаар олон нийтэд тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна?

-Юуны түрүүнд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зөв болов уу. Ялангуяа өнөөдөр “Самурай бондтой холбоотой янз бүрийн яриа их гарч байна. Тэгэхээр яагаад энэ бондыг “Самурай” гэж нэрлэх болов гэдгийг эхлээд тайлбарлах хэрэгтэй байна.

-Нээрэн,ямар учраас  “Самурай” бонд гэж нэрлэх болсон юм бэ. Магадгүй дараа нь Засгийн газар “хужаа” бонд гэж гаргах байх гэсэн шүүмжлэлийг твийттерчид тавьж байсан?

-Японы дотоодын иений зах зээлд гаргадаг бондыг “Самурай” гэж нэрлэдэг юм байна лээ. Харин Засгийн газар үйлдвэржилтийн бонд зарласан.  Үйлдвэржилтийн бонд гаргах асуудал нэлээд эртнээс яригдсан. Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын үеэр  тус улсын иений зах зээлд бонд гаргах  санамж бичигт манай банк болон Японы олон улсын хамтын ажиллагааны банк гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд бид сайн ажилласан гэж бодож байна. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш шүү. Японы хөрөнгийн зах зээлд ийм богинохон хугацаанд бонд гаргах боломжгүй байдаг юм билээ. Харин Монгол Улс энэ ажлыг гурван сарын дотор амжуулсан. Яагаад үүнийг онцлоод байна вэ гэвэл япончууд маш няхуур улс. Бонд гаргаж байгаа улсынхаа эдийн засгийн байдал, хууль эрхзүйн орчин гээд бүх зүйлийг нь нягт, нямбай судалсны эцэст зөвшөөрөл олгодог.  Учир нь энэ бондыг Японы хувийн хэвшлийнхэн, даатгалын компаниуд худалдан авдаг  болохоор тэр.  Ер нь цөөн тооны хөрөнгө оруулагчтай, том зах зээл шүү дээ. Дэлхийн долларын дараа хоёрдугаарт ордог том зах зээл. Азид бол нэгдүгээрт ордог юм.  Тэд хөрөнгө оруулалтаа урт хугацаагаар оруулдаг учраас найдвартай зах зээл байх ёстой гэсэн маш хатуу зарчим баримталдаг. 

– Шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондыг ердөө сарын дотор л гаргачихсан шүү дээ. Үүнээс тэс өөр гэж үү?

-Өөр, өөр.  Японы иений зах зээлд бонд гаргахын тулд зарим улс зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаанд хүлээдэг гэсэн. Харин Монгол Улс гурван сарын дотор л үйлдвэржилтийн бондоо босгож чадсан. Энэ нь юу вэ гэвэл, япончуудын монголчуудад итгэх итгэл сайн байгаагийн илрэл байх.  Япончуудын хувьд биднийг маш сайн дэмжиж буйн хэлбэр гэж бодож байгаа. Японы иений зах зээл маш том гэдгийг би дээр дурдсан шүү дээ. Тэр том зах зээлийн хаалгыг татаад орж чадлаа.  Одоо хардаад хэрэлдээд суух биш цаашаа алхах ёстой.  Энэ бол Монгол Улсын хувьд том амжилт, том алхам.  Нөгөө талаар   Японы олон улсын хамтын ажиллагааны банк бонд гаргах асуудлыг маш хурдан хугацаанд шийдвэрлэсэн. Сая гэхэд Индонез улсын засгийн газар  Японы хөрөнгийн зах зээлд бонд гаргахаар болсноо,энэ асуудал 2014 оны сүүлээр шийдэгдэх болов уу гэж харж байгаагаа мэдэгдсэн байна лээ.  Зарим хэвлэлд ташаа зүйл бичсэн байсныг харсан. Японы зах зээлээс авна гэсэн 680 сая ам.долларын дөнгөж талыг нь олж ирлээ гэж шүүмжилсэн байсан.Японы иений зах зээл гэдэг долларын хөрөнгийн зах зээлээс тэс өөр. Нэг удаагийн том хөрөнгө оруулалтыг шуудхан авчихаж болдоггүй. Урт хугацааны туршид бага багаар ойр, ойрхон гаргадаг.   Энэ бол Японы хөрөнгийн зах зээлд үйлчилдэг хууль. Хуулийн дагуу бид ажлаа хийж байгаа гэдгээ хэлэх  нь зөв байх.

-Хөгжлийн банкны дансанд 30 тэрбум биш 24 тэрбум иен орж ирсэн гэсэн. Үлдсэн 60 тэрбум иенээ юунд зарцуулсан юм бэ?

-Монгол Улс үйлдвэржилтийн бондыг 10 жилийн хугацаатай зээлж байгаа.  Нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас Японы олон улсын хамтын ажиллагааны банк  баталгаа гаргаж өгсөн.  Японы зүгээс хоёр том хөрөнгө оруулагч банк болох “Номура секюритиз ”, “Дайва  секюритиз” хамтарч ажилласан. Хүүгээ анхчилсан байдлаар зарласан л даа. Хоёр орчим хувийн купон хүү гэж.  Гэтэл бидний төсөөлж байснаас олон санал ирсэн.  Монголын Засгийн газрын бондын худалдан авах сонирхол япончуудад маш их байсан. Тиймээс эрэлтийг үндэслээд хүүгээ 1.52  болтол бууруулсан.  Хамгийн хурдан хугацаанд, хамгийн бага хүүтэй гаргасан бонд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан үйлдвэржилтийн бонд байлаа.  Японы олон улсын хамтын ажиллагааны банк “Самурай” бондын эрсдлийг дааж байгаа гэдгийг дахин тодотгох хэрэгтэй байх. Бараг 95 хувийн эрсдлийг өөр дээрээ үүрч байгаа.  Тиймээс эрсдлийн үнэлгээний зардлаа авсан хэрэг. Албан ёсны хэллэгээр баталгааны шимтгэлд хоёр хувийг төлсөн. Тэгэхээр “Самурай” бонд буюу үйлдвэржилтийн бондын нийт хүү нь 3.52 болж байгаа юм. Манай дансанд одоогоор 24.3 тэрбум иен орж ирсэн. Үлдсэн  5.7 тэрбум иенийг Японы олон улсын хамтын аижллагааны банк шимтгэлдээ авсан байгаа.  Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааныхаа шимтгэлээ нэг дор авчихдаг юм байна лээ. Өөрсдийнх нь дотоод дүрэм ч тийм. Тогтоосон дүрмээ зөрчих эрхгүй шүү дээ?

-Хүүгээ түрүүлээд тооцоод авчихвал Монголд харин ч ашигтай юм биш үү. Арван жилийн хугацаанд иенийн ханш өслөө гэхэд хүүд нөлөөлнө гэх эрсдэл багатай?

– Тийм, түрүүлээд авна гэдэг эдийн засагт нэг талаар ашигтай. Цаг хугацааны өртөгийг нь тооцохоор Монголд харин ч ашигтай хувилбар болсон. Цаашдаа бид зөвхөн 1.52 хувийн хүү төлнө. Японы хөрөнгө оруулагчид маш найдвартай. Авсан бондоо нааш цааш нь хэр баргийн хөдөлгөөд байдаггүй. Нэг худалдаж авсан бол арван жил  бариад сууж байдаг тогтвортой зах зээл.  Ер нь бол япончуудад Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол асар их байна лээ.

– “Самурай” бондыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн гэсэн шүүмжлэл гарсан шүү дээ.  Гэхдээ өр тавихгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэж эдийн засагчид онцолж байгаа. Тиймээс энэ бондыг хөгжлийн бонд гэж тодорхойлох хүмүүс цөөнгүй байна?

-Хуулиа зөрчиж авсан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Монголын Засгийн газраас гаргасан бондын Японы Засгийн газар худалдаж аваагүй, хувийн хэвшлийнхэн худалдаж авсан шүү гэдгийг онцлоод байгаа учир нь үүнтэй холбоотой. Учир нь япончууд хуулийг чандлан сахидаг ард түмэн. Хэрэв бид хуулиа зөрчсөн бол тэд бидэнд хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Манай бондыг худалдаж авахгүй байсан. “Самурай” бондыг гаргах ажил бүгд хуулийн дагуу явагдсан. “Самурай” бондыг үйлдвэржилтэд зарцуулна, тэр тусмаа экспортыг  дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төсөл хөрөнгө оруулалт хийх болно гэдгийг Ерөнхий сайд ил тод зарлачихсан шүү дээ. Одоогоор 1150 орчим төсөл ирсэн байгаа.

– Ер нь бонд нэрээр зээл аваад байх нь эдийн засагт эрсдэлтэй биш үү?

-Хүмүүс ч янз бүрээр ярьж байна л даа. Монгол Улс зээл биш өр тавилаа гээд л. Аль ч улс орон гадаадын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож эдийн засгаа тэлэх бодлого баримталдаг. Ялангуяа хөгжиж яваа орны хувьд бүх хөрөнгийг дотоодоосоо босгож боломжгүй. Тиймээс байж болох бүх аргыг ашиглах ёстой. Бонд бол хөгжлийн хөшүүрэг болоход маш тохиромжтой зээл. Манайхан олон улсын  тусламжаар өгдөг зээл шиг санаад байгаа юм. Тийм биш шүү дээ, арван жил, арван таван жил гээд урт хугацааны, бага хүүтэй авдаг зээл. АНУ хүртэл ийм зээл авдаг. Хэрэв Монгол хөгжмөөр байгаа бол бондоос татгалзах ёсгүй. Бидэнд нүүрсээ, төмрөө үнэд хүргэхийн тулд цахилгаан станц, төмөр зам, боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Тэдгээрийг барих мөнгийг бид бондоос босговол илүү үр дүнтэй юм.  Урт хугацаанд хэрэгжиж байж үр ашгаа өгдөг төслийг бондоор санхүүжүүлэх нь зөв. Нэг, хоёр биш гэхэд тав зургаан жилийн дараагаас бондын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүд үр дүнгээ өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.  
-Хөгжлийн банкны талаар таагүй яриа бий. Ажлаа муу хийж байна, юу хийж байгаа нь тодорхгүй байна гэхчилэн. Та энэ шүүмжлэлийг хүлээж авах уу?

-Үгүй. Яагаад гэвэл Монголын Хөгжлийн банк бусад улс оронтой харьцуулахад харьцангуй залуу.  Хүнээр бол бараг нялхдаа орно шүү дээ. Манай банк 2011 оны тавдугаар сард байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш бүх л чадлаараа ажилсан. Үр дүнгээ ч амсч эхлээд байна.  Байгуулагдаад удаагүй байхдаа бид 580 сая ам.долларын евро зээл гаргасан. Энэ зээл эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа. “Чингис” бондын зарцуулалт манайхаар дамжиж байна. “Самурай” бондыг амжилттай арилжлаа.  Монголын хөгжлийн банк бүх чадлаа дайчлан ашигтай ажиллаж байна гэдгийг хэлье.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж