“Уран зохиол&#34-оо өмгөөлөх нь

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

“Уран зохиол&#34-оо өмгөөлөх нь

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас Ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа тухай ойлголт олон нийтэд төржээ. Харин БШУЯ-ныхан “Зөвхөн Уран зохиол гэдэг нэршлийг нь өөрчилж буй болохоос хичээлийн хөтөлбөрөөс бүр мөсөн хасаагүй. Уран зохиол гэдэг хичээлийн агуулга өөрчлөгдөхгүй” хэмээн тайлбарлаж байна. Энэ сэдэв олон нийтийн анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлэх болсон нь  БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас эхлэлтэй юм. Тэрээр ярилцлагадаа,

-“Цаг нэмэгдлээ гээд бүгдийг багш заадаг арга барилаар хүүхэд чадваржихгүй гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна. Ялангуяа уран зохиолын хичээлийн эхүүд бол бүх хичээлийн агуулгад ордог.  Тухайн зүйлийн мөн чанар, шинжлэх ухааны ойлголтыг судлахын тулд хүүхэд унших, бүтээлч сэтгэлгээтэй байх ёстой. Тиймээс үүнийг нэг хичээл болгон үзэх шаардлагагүй. Бүх хичээлийн агуулгад орсон, нэгдмэл байхыг илүүд үзсэн”
гэж хэлсэн нь өнөөдөр “Уран зохиолын хичээлийг аврах хөдөлгөөн” үүсгэх хүртэл хүрээгээ тэлээд байна.  

Бид энэ сэдэвтэй холбоотой тодруулга болон цахим ертөнцөд илэрхийлсэн байр сууриудыг нэгтгэн хүргэж байна.

БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр www.news.mn-д дараах тайлбарыг өглөө.

-Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасна гэх яриа тарах боллоо. Энэ бол хамгийн  хэрэгтэй хичээл байтал яагаад хасна гэх болов оо?

-Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын системд Монгол хэл, уран зохиолын хичээл хамгийн хэрэгтэй. Ийм байтал уран зохиолын хичээлийг хасахгүй,  гадуур энэ талаар буруу ойлголт тарсан байна. Монгол хэл, уран зохиолын хичээл сургалтын хөтөлбөрийн суурь болдог. Цаашдаа ч энэ тал дээр анхаарч, уран зохиолын хичээлийн цагийг нэмэх бодлого баримтална.

-Уран зохиолын хичээлийг хэрхэн нэмэх юм бэ?

-Ерөнхий боловсролын сургуульд заадаг уран зохиолын хичээлийн цаг одоо 2278 орчим орж байгаа бол  цаашдаа нэмж, 2586 болгоно. Гадуур тархсан буруу ойлголтыг залруулахын тулд манай яамнаас удахгүй мэдээлэл хийх болно.

Энэ тухай facebook-т:

Tsatsa ArtLar:

-Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан тухай мэдээллийг сонсоод гайхахын дээдээр гайхлаа. “Бусад хичээлүүдээр хамруулж үзэх боломжтой учраас тусад нь цаг гаргах шаардлагагүй” гэж БШУЯ үзсэн юм байна. Монгол хэл жил ирэх тусам улам бүр “зэрэмдэглэж” байгаа тухай хэн хүнгүй харамсах болсон ийм цаг үед уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаж байгааг ер нь юу гэж үзэх вэ. Энэ хичээлээр бид түүх, монгол ахуй, ёс заншил, эх хэлний дүрэм гээд олон зүйлийг мэдэж авдаг. Энэ бүгдээс илүүтэйгээр уран зохиол уншсанаар амьдралын сургуульд суралцдаг билээ. Тухайн зохиолд гарч буй үйл явдал, зохиолын баатрын унат, босолт, сургамж, баяр хөөртэй цуг уншигчийн сэтгэл зүйлд асар том төлөвшил явагддаг. Ийм хичээлийг, ийм төлөвшлийг ямар ч шинжлэх ухаан, өөр ямар ч хичээл олгож чадахгүй. Суурь мэдлэг, ерөнхий боловсролыг бид бусад хичээлүүдээс хангалттай олж авч чадна. Гэвч сэтгэлийн боловсрол, эх хэлээ төгс мэдрэх боловсролыг уран зохиолын хичээлээр л олж авч чадна. Шинэчлэлийн Засгийн газар энэ шийдвэрээ эргэж хараасай. Хүүхэд байхдаа уншсан зохиолынхоо тухай багштайгаа ярилцаж, хэрэндээ л “том” дүгнэлт хийж, тэр тухайгаа зохион бичлэг хийж, одоо бодоход асар ихээр “боловсорч” байсан санагдаж байна. “Хунт нуур”-ыг Нацагдорж, “Үлэмжийн чанар”-ыг Сосорбарам зохиосон гэж |АХА нэвтрүүлгээс иш татав| хэлэх хойч үе улам олон болохын эхлэл энэ биз ээ.

Энэ тухай жиргээнүүд:

-Боловсролын сайдыг огцруулъя. Уран зохиолын хичээл хэрэггүй гэж үзсэнийх нь төлөө. Энэ шийдвэрээ үгүйсгэтэл ингэж өдөрт 10 удаа жиргэнэ

-Утга уянга яруу сайхан уран зохиолын хичээл байх хэрэгтэй. Уран зохиол балчир оюуныг ухаарал руу хөтөлдөг!

-Уран зохиолын хичээл, PC game 2-ыг маань газрын хөрснөөс арчаад хаясан уу. Хийх юмаа хийхгүй байж яасан дуртай духнууд вэ.

-Уран зохиолын хичээл тийм хүнд хичээл биш шүү дээ. Тэгсний оронд хүнд хичээлээ хэрхэн ойлгоц сайтай болгох вэ гэж ажилламаарсан.

-Уран зохиолын хичээл дээр үздэг зарим зохиолууд хичнээн сонирхолтой гээч
Уран зохиолын хичээл хасагдвал би лав зоригтойгоор суулт зарлахаа мэдэгдэж байна.

-Дөрвөн үсэг хасна гэхэд хүмүүс реакцалсан. Тэгээд болиулж чадсан. Уран зохиолын хичээл ч гэсэн хэвээр үлдэх байх аа.

-Уран зохиолын хичээлийг хасах биш харин хичээл зааж байна гэж оромдож, шүлэг өгүүллэг цээжлүүлэн дүн гаргадаг багш нартай хариуцлага тооцмоор юм.

Б.МИШЭЭЛ, Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж