Норвеги медалийн чансаагаар тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

Норвеги медалийн чансаагаар тэргүүлж эхэллээ

ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн олимпийн дөрөв дэх өдрийн тэмцээн, уралдааны дараагаар Норвегийн баг тамирчид цагаан олимпийг тэргүүлж эхэллээ. Өчигдөр болсон эмэгтэй, эрэгтэй гүйлтийн цанын чөлөөт тэшилтийн ойрын тэмцээнд мөн Норвегийн тамирчид илүүрхлээ. Ингэснээр Норвегийн баг тамирчид 1924 оноос хойш өвлийн олимпийн наадмаас нийтдээ 307 медаль хүртсэн агуу амжилтын эзэн боллоо.

Даря Домрачева эх орондоо алтан медаль авчирлаа

Сочийн олимпийн дөрөв дэх өдрийн эхний медальтнууд биатлоны эмэгтэйчүүдийн 10 км-ийн хөөх гарааны төрөлд тодорсон. Эмэгтэйчүүдийн 10 км-ийн хөөх гарааны төрөлд Белорусийн тамирчин Даря Домрачева 29:30:70  цагийн амжилтаар алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Норвегийн тамирчин Тора Бергер, хүрэл медалийг Словенийн Тея Грегорин хүртсэн юм. Белорусийн биатлонч Даря Домрачева 2014 оны олимпийн анхны медалийг эх орондоо авчирлаа. Ингэснээр Белорусийн баг тамирчид алтаар медалийн буухиагаа эхлүүллээ.

Цанын төрөл Норвегичууд илүүрхлээ

Сочийн олимпийн цана, тэшүүрийн төрөлд Норвеги улсын тамирчид илт илүүрхэж байна. Олимпийн цана, тэшүүрийн төрлийн шигшээ уралдаанд хоёроос гурван Норвеги тамирчин уралдаж, медальт байруудад шалгарч байгаа нь ч үүнийг батлах мэт. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн Чөлөөт тэшилтийн ойрын зайн уралдаанд Норвегийн Майкен Касперсен Фалла хоёр минут 32,07 секундын /2:32:07/ амжилтаар алтан медаль хүртсэн. Харин Норвегийн цаначин Инквилд Флугстад Оестберг мөнгө, Словенийн Весна Фабьян хүрэл медаль хүртлээ.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн Чөлөөт тэшилтийн ойрын зайнд Норвегийн Ола Виген Хаттестад 3:28:35 минутын амжилтаар алтан медаль хүртсэн. Харин Шведийн Теодор Петерсон мөнгө, Эмиль Жоенссон хүрэл медаль хүртлээ. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн Чөлөөт тэшилтийн ойрын зайны шигшээ уралдаанд Шведийн гурав, Норвегийн хоёр, ОХУ-ын нэг тамирчин өрсөлдсөн. Гэсэн ч ОХУ-ын Сергей Устиугов, Норвегийн Андерс Глоеерсен, Шведийн Маркус Хеллнер нар уралдааны явцад алдаа гарган, тойрог дээр халтирч унасан нь харамсалтай явдал боллоо.       

Канадууд цанын чөлөөт үзүүлбэрээр тэргүүлэгч гэдгээ батлав 

Цанын эмэгтэйчүүдийн чөлөөт үсрэлтийн slopestyle төрөлд Канадын Дара Хоуэлль 94,2 оноогоор алтан медаль хүртэж, олимпийн аварга боллоо. Харин АНУ-ын Девин Логан мөнгө, Канадын Ким Ламарре хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд хойд Америк тивийнхэн дэлхийд тэргүүлдэг. Сочийн олимпоор ч үүнийг баталж, шигшээд Канад, АНУ-ын гурав, гурван тамирчин өрсөлдсөн юм.

Харин цанын харайлтын эмэгтэйчүүдийн төрөлд Германы Наталие Гайсенбергер алт, Татьяана Хуефнер мөнгө, АНУ-ын Эрин Хамлин хүрэл медаль хүртлээ.

Япончууд Сноуборд halfpipe төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэв

Сноубордын эрэгтэйчүүдийн halfpipe төрөлд Швейцарийн Юри Попладтчиков 94,75 оноогоор алтан медаль хүртлээ. Харин Ази тивийн төлөөлөл Японы Аюуми Хирано мөнгө, Таку Хираока хүрэл медаль хүртлээ. Сноубордын спортын төрлөөр ийнхүү Ази тивийнхэн өндөр амжилт гаргаж эхэлснээ батлалаа. Японы баг тамирчид ийнхүү 2014 оны Сочийн олимпийн медалийн буухиагаа сноубордын төрлөөр эхлүүллээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж