Хуучирсан мэдээ: 2014.02.12-нд нийтлэгдсэн

“Хар” ажилчны эрэл

Хавар иржээ. Хэдийгээр ойрын өдрүүдэд гадаа хүйтэн байгаа ч ирж яваа цаг хойно нэг л мэдэхэд цас мөс ханзрах нь мэдээж. Тэр цагт Монголд хамгийн эрэлттэй хүмүүс бол “хар ажилчид” болно. Хамгийн өндөр цалинг ажил олгогч эзэд амлаж байгаа ч хар бор ажил хийж сурсан хөдөлмөрийн хүн өнөөдөр алга байна. Хавраас өвлийн эхэн сар хүртэл үргэлжилдэг бүтээн байгуулалтыг газар шороо, биеийн хүчний ажилгүйгээр төсөөлөх аргагүй. Зам, барилга, ус, дулаан, холбоо мэдээлэл, инженерийн байгууламж гээд ажилчид үгүйлсэн салбар олон байна. Энэ олон салбарын бүтээн байгуулалтад диплом өвөртөлсөн ажилгүйчүүд биш мэргэжилтэй ажилчин анги дутагдах болсоор удаж байна. Хот газрын цагаан гартнууд дундаас тэднийг хайхын ч хэрэггүй. Жар далаад онд төрж ерээд оны зах зээлийн шуурганд нэрвэгдсэн хэсэг бүлэг нөхдүүд бол ажлыг голж шилэлгүй хийж мэднэ. Түүнээс хойш үеийнхэн, тэр дундаа хот газарт паартай байшинд төрж өссөн хүмүүс тэгж мөнгө олсноос аав ээжээрээ тэжээлгээд хэвтэж байхаа илүүд үзнэ. Хөдөөгийнхөн ч ялгаагүй ажилд хойрго хөшүүн болсныг ажил олгогчид хэлж байна. Мэргэжилтэй ажилчин бий болгохын тулд МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгох болсноор дээрх чиглэлийн сургуулийн оюутны тоо нэмэгдсэн ч ажилчдын тоо өсөөгүй гэнэ. МСҮТ төгсөгчид дөнгөж төгссөн даруйдаа ажил хийхээр ганц нэг үйлдвэрт очдог ч хагас жил бололгүй бүгд нутаг буцдагаас “Залуус зөвхөн тэтгэлэг авах гэж МСҮТ-д ордог” гэсэн дүгнэлтийг ажил олгогч нар хэлж байна.

Статистикаас харахад өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд 42,5 мянган хүн ажил идэвхтэй эрж хайж байгаа гэнэ. Ажил идэвхтэй хайж байгаа нь эдгээр хүмүүс боловч цаана нь ажил хийе гэж боддог ч үгүй хүмүүс олон бий. Тэгэхээр ажил хийлгүй биеийн амрыг харагчдын тоо 42,5 мянгаар тогтохгүй гэсэн үг. Ажил хийхийг хүсч, хөдөлмөр эрхлэлтийн байгуулллагад бүртгүүлэгчдийн бараг тал хувь нь буюу 41,8 хувь нь бүрэн дунд боловсролтой. Дунд сургуулиа дүүргээд дээд болон тусгай дунд мэргэжил эзэмшээгүй эдгээр хүмүүст хийх ажил олдохгүй байна уу гэвэл бас худлаа. Мэдээж тусгай мэргэжлийн үнэмлэхтэй бол ажил олдох нь хамаагүй илүү. Гэвч эрчүүдийн хувьд суваг шуудуу ухах, барилгын ажилд туслах, ачаа бараа зөөх, хүүхнүүдийн хувьд асрагч, үйлчлэгчээс эхлээд хийх ажил мундахгүй байна. Дээхэндээ бол айл бүр шахам хар ажлын хүнтэй байлаа. Олны олон хүүхдээс хэн нэгэн нь бусдынхаа гар хөлийн үзүүрт зарагдахаас аргагүй байв. Харин одоо бол цөөн хэдхэн хүүхдүүд нь бүгд л дарга захирал, болж өгвөл УИХ-д суучих санаатай болжээ.

Монголын залуучуудын холбооноос гаргасан нэгэн сонирхолтой судалгаа байна. Дээд боловсрол эзэмшсэн 49 төгсөгчид нэг ажлын байр ногддог бол тусгай мэргэжлийн сургууль төгссөн нэг төгсөгчдөд 2,6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой хүнд 3,8 ажлын байр оногдож байна, өнөөдөр. Энэхүү судалгаа мэргэжилтэй ажилчид үнэхээр дутмаг байгааг баталж байна. Дэлхий дахинд 7000 гаруй төрлийн ажил, мэргэжил байдаг. Гэтэл монголчууд ердөө 50 гаруйхан мэргэжлийг л сонгон суралцдаг ажээ. Хамаг учир энд ч байж мэдэх нь. Хэдэн жилийн өмнө дипломтой л болж байвал ямар мэргэжил эзэмших, ямар сургуульд сурах нь хамаагүй гэсэн хандлага нийтийн дунд түгээмэл байснаас энэ үеийн эмгэнэлт байдал үүдэлтэй юм биш үү. Харин одоо бол их дээд сургуулийн төлбөр өндөрсч, ээж аавууд ч хэнд мөнгө төлж, ямар мэргэжлээр хүүхдээ сургах талаар багагүй бодож болгоодог болж байна.

Тун удахгүй 40 гаруй мянган хүүхэд сурагчийн ширээнээс амьдралын босго руу алхана. Яг ийм үед л ирээдүйн ажиллах хүчний бодлогоо улс тодорхойлж, хүүхдүүд болоод эцэг эхчүүдэд зөв сонголт хийхэд нь тусалдаг байвал яасан юм бэ. Ядаж л хамгийн эрэлттэй мэргэжил, ажлын байрны судалгаа явуулж, нийтийн дунд зарлаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр хөдөлмөрийн хүний өлсгөлөнд нэрвэгдсэн салбар бол барилга. Тус салбар жил бүр олон зуун мянган хятад ажилчдаар өл залгаж байгаагийн гол шалтгаан юунд байна вэ гэдгийг ч салбарын яам нь судалдаг баймаар.

Олзуурхууштай нь Хөдөлмөрийн яам саяхнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ дагуу  Тээврийн дээд сургууль дээр төмөр замын мэргэжлээр ажилчин бэлтгэх сургалтаа эхлүүлсэн байна. Замчин, өртөөний жижүүр, туслах машинч мэргэжлээр суралцах 100 залуус сард 194 мянган төгрөгийн тэтгэлэг авна. Энэ бол бага мөнгө биш. Ядмагхан газрын сарын цалинтай дүйж мэдэх тэтгэлэгт нь хөтлөгдөж сурчихаад мэргэжлийн ажлаа хийлгүй бултчих вий дээ гэсэн болгоомжлол байгааг нуух юун. Өмнөд чиглэлд тавьж буй 1400 км төмөр замын бүтээн байгуулалтад ажилчдаас хэрэгтэй зүйл юусан билээ. Төмөр замаас гадна бүх аймгийн төвийг Улаанбаатартай холбож буй автозамын бүтээн байгуулалт, нийслэлд төдийгүй аймаг бүрт баригдаж буй орон сууц, орд харшийг хэн барих билээ. Мэдээж, Монголын төлөө монгол хүний зүрх л цохилох биш үү. Монголын төлөө гэж том сэтгэхээ байг гэхэд өөрийнхөө төлөө, аав ээж ахан дүүсийнхээ төлөө ажил хийж мөнгө олох хүсэлтэй залуус цөөнгүй бий гэж найдна. Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй залуусыг бүртгэж эхэлснийг залуустаа дуулгая. Тэнд бүртгүүлсэн залуусыг бригадын зохион байгуулалтад нэгтгэж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт эхэлсэн бүтээн байгуулалтын ажилд оролцуулах юм билээ. Бүтээнэ босгоно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй хөдөлмөрлөсөн хүнийг л хүсээд байгаа мөнгө,нэр алдар, сайхан гэр бүл, аз жаргал тань хүлээж байдаг юм шүү дээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж