Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэх учиртай. Гэтэл Засгийн газар хоёрдугаар сараас эхлэн тэтгэврийг 15-28 хувиар нэмлээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа ч тэтгэврийн дэвтэрт бичигдсэн тоо өдөр, шөнө шиг зөрүүтэй байна гэж ахмадууд хэлж байлаа. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээ буюу 180 мянган төгрөгийн тэтгэвэр 207 мянга болж 15.0 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145 мянган төгрөгийн тэтгэвэр 172 мянга болж 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нэмэгдэл болжээ. Харин 201-600 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 22 мянган төгрөг нэмснээр 3.7-11.0 хувийн, 601-800 мянган төгрөгийн тэтгэвэр дээр 20 мянган төгрөг нэмсэн нь хоёрхон хувийн нэмэгдэл болж байгаа аж. Тэтгэврийг ийм байдлаар нэмсэн хэрнээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэтгэврийг 15-28 хувиар, түүний дотор халамжийн тэтгэврийг 66.2 хувиар нэмсэн мэтээр телевизээр мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж ахмадууд ярив.
Ахмад настан Ч.Гомбосүрэн “Өнөөгийн Засгийн газрын үед төрийн алба нүсэр бүтэцтэй болсон. Ийм нүсэр бүтцийг ажиллуулахад Засгийн газар хангалттай мөнгө зарцуулж байгаа ч цалин, тэтгэврийг нэмсэнгүй. Гэтэл өдөр болгон юмны үнэ нэмэгдэж байна. Монгол Улсыг өдий зэрэгт хүргэсэн ахмад настнуудаа төр харж үзэхгүй байна. Ахмадуудын тэтгэврийг нэлээд хэмжээгээр нэмнэ гэж бид хүлээж горьдож байсан. Гэтэл бидний тэтгэврийг ердөө 3-15 хувиар л нэмлээ. Ийм байдлаар биднийг хуурч болохгүй. Энэ Засгийн газарт ам ажлын зөрүү их байна" гэв. Харин нэгдүгээр улиралд багтаан тэтгэврийг дахин нэмэх шаардлагыг тавих ёстойг ахмад настан А.Үүеэ хэллээ. Засгийн газар ахмадуудын талаар дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй байгаад ахмадууд бухимдаж буйгаа илэрхийлэв. Мөн тэтгэврээ нэмүүлэх талаар тэмцэхэд ч бэлэн байна гэв.
Иймд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлэг санаачилгатай ажиллаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг ахмадууд сануулсан.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, холбогдох таван хуулийн төслийг санаачлан хүргүүлээд байгаа билээ. Уулзалтын үеэр өрнөсөн санал бодлыг нэгтгэсний дүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэх асуудлаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсныг мэдэгдлээ. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуцан ажиллахаар болов. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос энэ асуудлаар байгуулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Я.Содбаатар орж ажиллахаар болсон. Тэрээр өнөөдөр тус байнгын хорооны дарга Д.Батцогтод хандан дээрх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүргүүлжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмадуудын төлөөлөл тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллах нь зөв байх. Ажлын хэсгүүд хоёр талаас хамтарч хуралдаж, Засгийн газар, бүлгийн төвшинд саналаа хүргүүлж хамтран ажиллая. Шаардлагатай бол Ерөнхийлөгчийн төвшинд ч саналаа хүргүүлж хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна" гэлээ.