Нефть нэвт олгойдож гэнэт баяжсан Кувейт

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Нефть нэвт олгойдож гэнэт баяжсан Кувейт

Зорчигчдыг аялуулагч этгээд юуны түрүүн Алла­хын ивээлд баг­таа­хыг хүсэж, Коран судраас  иш татаж, тарни хүнгэнүүлс­нээр Бээ­жин-Абу Даби­гийн чиглэлийн онгоц газраас хөндийрнө. Нис­лэ­гийн аюулгүй байдлын бусад дүрэм заавар хоёр­дугаар асуудал бо­лол­­той. Энэ нь анх сууж буй хүнд гадаад оронд бус өөр ертөнцөд нэвт­рэх мэт содон сэтгэгдэл төрүүлж бай­лаа.

Аллах тэнгэрийн доор найман цаг нисээд эсэн мэнд газардахад мөн л Коран судраа нээн түүнд баярласнаа илэрхийлэв бололтой. Ихэнх хүмүүс бурхныг болж өгвөл ар­гал­чих гээд, түүнээс "юм сал­гачих" санаатай ханд­даг бол энд тийм биш. Жаахан байж байгаад л "цагаан хоолой"-гоор Ко­раны "лекц" хангинахад хэн ч төвөг­шөөхгүй, өд­рийн хэд л бол хэдэн удаа ажлаа орхин, гудсаа чи­рэн байшингийн нэг бу­ланд цаашаа хараад зал­бираад суучихна. Бүр үнэн сэтгэлээсээ. Бурхан­даа ингэж их баярлаж байтал дараа нь гом­доох цаг ирэхэд яах бол гэж бодог­доно.

Кувейт улсын Эль Кувейт хотын даргын урилгаар Улаан­баатар хотын мэр Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлч­лал хий­гээд ирлээ. Г.Мөнх­баяр дарга Арабын энэ орны ба хотын эрхэм дээдэстэй уулзаж, хэд хэдэн газ­раар орж, цаашид хамт­ран ажил­лах харилцаагаа улам лавш­руулан, явсан хэргээ бүтээгээд ирсэн юм. Энэ талаар цаашид өгүүлэх болно.

Замд явж байгаад хэн нэгэнтэй танилцаад удалгүй ижий ахаа болчихдог шиг "Монгол-Кувейтийн ган бат найрамдал" хэрхэн бий болсон нь сонирхол татдаг. Тун санамсаргүй явдал болсон байдаг. Тээр жил 1990 онд барууны орноос АНУ-аас төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкэр анх удаа Монголд хөл тавьсан юм. Ж.Бейкэрийн айлч­­лал дөнгөж эхэлж байтал иракчууд хөрш Кувейт рүүгээ гэнэт довтолж эзлээд авчихлаа. Амери­кийн хамаг "бензин колоонк" байр­ласан жи­жиг­хэн Кувейтийг Саддам Хусейн булаагаад авчихав. Юун айлчлал манатай бушуухан буцах хэрэг гарав. Зочны маань найз орон дайны хөлд нэрвэгдсэнд манай тал харамсаж байгаагаа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин тэр үед гарга­сан мэдэгдэл дэлхийн бусад орнуу­даас түрүүлж дуугарс­наараа кувейтчүүдэд Монгол онц­гой сэт­гэг­дэл төрүүлсэн бололтой юм билээ. Нарийн яривал Иракийн түмэн буруу ч бас биш байх талтай дайн гэж одоо үздэг гэсэн шүү. Ирак Ку­вейт рүү халд­са­ныг ту­хайн үед улс ор­нууд янз бү­­рээр үзсэн ба бид Аме­ри­кийн талд бат зог­сож "Ирак сав­раа тат" хэмээн тууш­­­тай зогс­соор байсан. Бид­ний шаард­­­лага нө­лөөлсөн эсэх нь гол биш. Да­раа нь Америк Кувей­тийг чөлөөлж, улмаар Ира­­кийн бодийг хөт­лөөд, Монгол цэрэг 800 жилийн дараа эрт­ний Халифийн нутагт энхийг сахиулах нэрээр дахин үзэгдэх болсон зэрэг үйл явдлууд өрнөсөн.

Ойрхи Дорнод, Арабын ертөн­цөд одоо ч болж буй улс төр, эдийн засгийн үйл явдлууд дандаа нефть­­­тэй холбоотой маргаанууд юм. Кувейт гэхэд л дэлхийд эхний дөрөвт ордог том нефть экс­порт­логч орон гэнэ. Газар нутгийн хэмжээ манай Улаанбаатараас томгүй мөртлөө тийм их тосоор гоожсон орчин байгааг аль 1930-аад онд америк, англичууд нээсэн юм билээ. Тэгээд яаран сандран тусгаар тогтнуулж, өөд нь татах за­маар бу­сад ла­лын ор­нуу­даас тас­лан энх­рий­л­сээр өдийг хүр­­гэж бай­­гаа. Ку­вейт, Эми­рат, Ка­тар зэ­рэг бу­лан­­гийн тусгаар тогт­но­сон жи­жиг­хэн ор­нуу­дыг тэ­мээ­­нээ­сээ буу­гаад шууд Бенц унасан гэж ярьц­­гаадаг. Кувей­тийн хувьд Ла­лын хоёр том гүрэн Иран Иракийн бөөрөнд дэлүү шиг наалд­сан өчүү­хэн газар. Хоёр гүрэн ба хоёр мөрний адаг дахь энүүхэн хонхорт нефть ус шиг урсаж ирээд тогт­чихсон гэж хар ухаанаар ойлгож болно. Тийм болохоор урсгалын эх дээр  байгаа Иракийн нефть Кувейт рүү сорог­доод дууслаа гэж харддаг юм байна л даа. Америкт өргүүлж, эрхээрээ хатсан кувейтчүүд бусад лалын ах дүүсээ тоохоо больсонд яаж дуртай байхав.

Нэг өглөө босоод гартал үүдэн дээр нь ирак цэрэг ирчихсэн "Цаа­шаа ор. Танай орон эзлэгдсэн" гээд зогсож байсан гэнэ. Тэгээд  бүх юмаа хаяад машинаа унаад оршин суугчид эх орноосоо зугтаа­жээ. Намар бол­тол Египетэд бү­гэн  эзэн хаа­наасаа сул ца­лин авч хэв­­тэцгээж бай­гаад Аме­рик чө­­лөөлж дуус­лаа гэ­хээр нь ир­ц­гээжээ. Хаан нь ч гэсэн  нутгаа­саа хөөгд­чихсөн дэг­дэж явсан нь бас наргиантай. Хаан гэснээс Сау­дын хойг, Пер­сийн бу­ланд сүүлд тус­гаар тогт­носон 300000-аас гурван сая хүн ам бү­­хий зу­р­гаан жи­жиг орон тус бүрийг өөрсдийн эрхэм дээд амир, шейх цолтон эзэн сууна. Тэр нь манай­хаар бол их хаан биш, хан зэрэглэл юм уу даа. Улаан цурав элсэн дунд нүүдэлчин бедиунчууд омог омгоо­роо тэмээ ямаа хариу­лан туйлын ядуу амьдардаг бай­жээ. Тэгээд XX зууны эхээр далайн эргээс шүр сувд түүн Европ руу арилжин овоо гайгүй болж байтал таримал сувд бий болон энэ биз­нес нь дампуур­сан. Аллах бүх хаалгаа хаасан ч шалыг нь цоолж түүгээр нь ус биш нефть олгойдсон. Энэ нефть бас хугацаатай, бараг­дах баялаг. Да­хиад тавин жил өнгөрөхөд байдал муугаар эргэж мэдэх талтай.

Омгийн эзэд нефьт­­ийн цоо­но­­гийн бос­сууд болц­гоон Амир (Эми­р, э­ми­рат), шейх хэр­гэ­мээ эгүү­лэн авч төр ул­саа мөн­гөөр зо­дон гоёж гоод­жээ. Одоо Кувей­тийг эрхэм дээд Амир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль Сабах гэдэг  манай Богд гэгээний нэрэрхүү урт гуншин­тай нөхөр хэмжээгүй эрх барин суудаг. Үүнийг үгчилбэл Сабахынхны удмын Жабыр өвгийн Ахмад гуайн хүү Сабах гэсэн үг аж. Тэр "аль, аль" гээд байгаа нь зүгээр л завьтаа юм уу даа. Эль Кувейт хотын дарга нь болохоор энэ олон нэрэн дотроос эхэндээ Али аль гэснээрээ ялгаатай. Тэгээд араас нь нөгөө Жабыр, Сабахууд залгаг­дана. Бүхэлдээ улс орныг Саба­хынхан хамаатан саднаараа ний­лэн захирдаг. Өөр нэг Сабах (Му­хам­­мед Насер) Ерөнхий сайд  юм билээ. Тэр нөхрийг долоон удаа огцруулаад байгаа. Хүн удир­дах авьяасгүй боловч дарга болох дуртай хүмүүс байдаг даа. Тийм нэг бүтэлгүй эрийг тус улсын тавин гишүүнтэй парламент нь байсгээд л хусаад хаячихдаг. Сая бас мөнгө төгрөг идсэн, юу ч хийдэггүй гээд огцруулаадахсан чинь дээрээс агаа нь "Яахнав зайлуул. Дуртай юм. Ерөнхий сайдаа хийж байг" гээд эргүүлээд тавьчихаж. Энд улс төрийн нам байхгүй. Парламентад нэр дэвшигчид бүгд бие даан өрсөлдөнө. Голдуу Амирийн садан­гууд сонгуульд өрсөлддөг болохоор улс төрийн явдал ард түмэнд нэг их падлийгүй. Нэг бодлын энэ нь ч амар юм уу. Саявтар хааны төрсөн өдөр, бас юуны гэнэ үү гурван том тэмдэглэлт явдал тохиож нийт орон даяар ард түмнээ долоо хоног үнэгүй гуанздуулсан байна. Дараа нь кувейт хүн болгонд мянган динар бэлэглэжээ. Нэг динар 3.7 ам.доллартай тэнцэнэ. Манайхаар бол бараг таван саяыг халаа­салцгаасан гэсэн үг. Энд нийт гурван сая гаруй хүн амтай гээд байгаа ч бүрэн тоо байдаггүй. Уугуул пас­пор­тоо авсан нь сая хүрэхгүй тоо­ны. Тэд л элдэв хан­гамж, сонгууль энэ тэрд ордог. Бусад нь Пакистан, Энэтхэгээс ирсэн цагаачид. Хажууд нь бэлээ­хэн ялаа шиг олон ядуус­тай Пакис­тан гээд ажлын хар хүч­нийхэн заяажээ. Тэд манай хан­шаар сар­даа 300-400 мянган төг­рөгийн бага хөлсөөр хамаг ажлыг нь хийж өгдөг.

Кувейт зэрэг булангийн орнууд хэрхэн үүссэн түүх нэг ийм. Зүйр­лэвээс манай Өмнөговьд Оюу­толгой гэдэг орд нээгдлээ гэхэд хүчирхэг орнууд үгсээд  "Ханбогд" гэдэг бичил улс байгуулаад Засаг даргыг нь үе улирсан түшээ гүн болгочихсон мэт. Ер нь дэлхийн улс төрийн практикт иймэрхүү хувил­бар байдаг аж.

Кувейт улсын талаарх танин мэдэхүйг ихэд нуршсаны учир гэвэл монголчууд ийшээ явах он­цын шаардлага байхгүй. Байхгүй учраас шинэ хуучин мэдээлэл цаашид арвижихгүй л болов уу гэж үзсэн юм. Харин албан ажлын шугамаар цөөвтөр бүрэлдэхүүнтэй багуудын  хөл тасрахгүй нь болол­той. Түүнээс энд ирж амрах, жуулч­лах, эмчлүүлэх, суралцах, худал­даа хийх зэрэг жирийн иргэдийн зорих үндсэн шалтгааныг олж харсангүй. Замд нас дөнгөж хорь гарч яваа хоёр хүү зэргэлдээх Катар гэдэг орон ороод буцаж яваатай таарсан. Өөрсдөө л тэгж бүлтэрсэн шүү. "Имфинити", "Ха­м­мер" жийп зэрэг машин аваад ачуулчихлаа. Хонхныхоо баяраар унах гэсэн юм. Арабын баячуул үнэтэй машиныг нэг жил унаад л зарчихдаг юм байна. Бид хоёр 2011 оны машин хямдхан авлаа. Шонхрын наймаа хийдэг хам маань дуудсан гэж ярив. Най­маачид Арабаас он залуу, сайн машин зөөдөг гэцгээдэг.

Наймаа хийдэг хүнд бол энд юу хямд бензин хямд байна. Гудам­жинд байгаа ШТС-аас нэг литр А-92 авахад манай ханшаар 160 орчим төгрөг юм уу даа. Манай хорин мянгатай тэнцэх ханшаар ямар ч машины банкийг дүүргэдэг гэсэн. Нэг нөхөр машиныхаа "ас­чаа­тар"-ыг эвдчихээд ойрын хэд хоног маши­наа унтраагаагүй яваа гэж ярьж байгаа юм даа. Манайх нэг айлч­лалаараа нэг сая тонн нефть авахаар ярьж тохирсон тал бий. Цагаа тулахаар тэр нефтийг нь тэнгис далай гаталж, "Тэнжийн"-ээс нааш вагоноор чирч ирэх хугацаа зардал нь тун ярвигтай ажил гэсэн. Хөрөнгийн биржийн харьяалал нь Азийн зах зээлд хамрагддаг. Нөгөө 160-ын хямдхан бензин нь бирж дээр зарлаг­да­хаараа Оросын буюу Европын ханшаас даваад явчих­даг гэж бен­зи­ний магнатууд тайл­барлаж байна лээ. Тийм болохоор л манай­хан Арабаас шатахуун зөөж чад­даггүй аж.  Тэгээд ч усан онго­цоор тэр холоос тэмээн жингийн хурдаар гэлдэрсээр байх хооронд ханш өчнөөн солигддог, зөөх гэж үзсэн, осолтой наймаа юм билээ гэж байна. За тэгээд шонхрын най­маа л үлдэх шив дээ. Өөр нэг хувилбар бол ачааны нисэх онго­цоор хонь хурганы мах зөөгөөд байж болох юм. Онгоцоо тэндээсээ хямд сум­лаад харваад байхад бензинээр шатахгүй ашиг гарах талтай. Бага­хангай дахь махны үйлдвэрийн дарга Б.Энхбат хотын даргын айлч­лалын бүрэлдэхүүнд явсан. Тэрээр кувейт нөхдүүдтэй энэ сэдвээр нэлээн ярилцсан. Элчин сайд К.Сайраан ч сайн зуучилж өгсөн. Шүлхий, боом тусаа­гүй бүс нутгаас мах бэлдээд худал­даа хийвэл аль аль талдаа ашигтай байх хувил­барыг нэлээд нарийвч­лан ярилц­лаа. Иймэрхүү ажлыг их л олон удаа ярилцаж уулзалдаж байж сая нэг бүтдэг гэнэ. Арабууд амьдрал ханга­луун, тэр хэрээрээ лазан хойрго. Цаг баримтлахгүй. За маргааш больё. Нөгөөдөр ч яахав гэнэ. Тэгж байс­наа таг мартана. Нөгөөдөх чинь яасан бэ гэхээр за за яршиг болъё гэх энүүхэнд. Араб онцлогтой гэрээ хэлэлцээр нэг иймэр­хүү. Энэ даш­рамд дуул­гахад бид ялангуяа хэв­лэл мэдээл­лийн­хэн онц ноцтой л биш бол малын элдэв халдварт өвчнийг сен­саац­лан олгой­доод баймаар­гүй юм билээ. Бөөн сүр болсон ийм мэ­дээл­лүүдээс болж Монгол гэдэг малын өвчний үүр болсон газар гэж ойлгогдоод бай­даг. Олон ул­сын мал эмнэлгийн байгууллагууд ийм мэдээг их өлөн хүлээж авдаг. Яс юмандаа ориг монгол махыг дэлхийн зах зээл дээр гаргахыг хүсдэггүй нөхцөл шалтгаан бизне­сийн орчинд байж таарна.

Одоо Кувейтэд овоо "дулаар­даг" улирал эхэлжээ. Энд халуун, хав халуун гэсэн хоёрхон улирал­тай. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэх тавиас буухгүй өдрүүд үр­гэлж­лэн намар хүргэнэ гэнэ. Дүн зундаа бол жар дал хүрдэг гэсэн шүү. Тэр үеэр юмны үнэ навс унаж хүмүүс сэрүүн газар руу дайжаад явчихдаг. Бүх л байр саванд "Эйр кондейшн" дүнгэнэж, хоолой ар­гуул­сан хүйт­нээр үлээн, уушги мэнгэртүүлнэ. Гадаа тас хар бол­сон пакистан боолууд залхуутайяа ганц нэг хүрз шороо шидлэн өдөр аргацаана. Аймаар халуун. Гол мөрөн, бороо цас гэж байдаггүй. Бүр худаг ч байхгүй. Худаг ухахаар нөгөө хар тос нь олгойдоод гараад ирнэ. Хязгааргүй элсэн цөл ба хязгааргүй далай хоёр л хоёр талд цэлийнэ. Ядаж тэр далай нь уур­шаад үүл гарна гэж байхгүй янзын нутаг юм.

Ийм газар Эль-Кувейт (Цөлийн цайз) хотыг ёстой нэг сүндэрлүүлэх шиг босгожээ. Манай казахуудын дээвэргүй шоо цагаан стилийн барилга зонхилох боловч түүнийг орчин үеийн маягт оруулан хээ хуар тавьж, бүр санаанд оромгүй өвөр­мөц дизайнаар шийдэж өг­сөн байна. Гудмаар зүлэг мод ногоор­тол тарьжээ. Яаж тарьсан гэхээр газар ухаад гялгар цаас дэвсээд өөр орноос шороо худал­даж аван дээр нь асгаж мод тарь­сан. Тэр­нийгээ гадаадаас өндөр үнээр худалдаж авсан усаар өдөр бүр усална. Тэгэх­гүй бол хоёр хонохгүй бүх цэцэрлэг хатах нь байтугай шатаж мэдэхээр аймаар халуун!!!. Хиймэл хөрсний улыг силконоор хулдахгүй бол элсэнд ус тогтохгүй доошоо алга болчихно.

Залуучууд гоё машин унан гоё хотын гудамжаараа баахан л дав­хил­дах юм. Тэгж байснаа далай дээр очиж усны моторт завиар хэсэг сүнгэнүүлнэ. Жин үд боло­хоор бүх алба ажил зогсож гэртээ харьж унтаж амарцгаана. Орой арай жаа­хан сэрүү унахаар гарч ирэн дахиад л тоглож наадна. Улс даяар архи, пиво, вино байхгүй болохоор шоу нь их боловсон, эрүүл саруул. Хараад байхад балайртлаа уйддаг байх аа. Бур­гас­ны холтос шиг амттай өтгөн цайг жүнзний ёроолд тусган нэг­нийгээ дайлж "архи ууж тоглоц­гооно". Жүнзтэй цайг их л намжир­тай босч ирээд авах ба "ууж хана­сан" бол хундагаа далбиг­нуулан сэгсэрч өгнө. Тэгэхгүй бол дундхан дундхан хийж өгөөд л байна. Нүд хөмсөг, сахал үс болсон ширүүн догшин дүртэй ч маш эелдэг сай­хан зантай, мөрөөрөө ард түмэн. Нэгэн­дээ тун элгэмсүү. Уулзалтан дээр тааралдахаараа бавгар эр­чүүл хоорондоо тэврэлдэж үнсэл­дээд сүйд болцгооно.

Нефть нэвт олгойдож гэнэт баяжсан Кувейт

Дөрөвдүгээр сарын 25-ны даваа гаригт хотын дарга Г.Мөнхбаяр, Шейх Али нарын албан уулзалт боллоо. Кувейт улс нь Эль-Кувейт гэдэг ганцхан хотоос бүрддэг хот улс юм. Тэгэхээр хотын Шейх бол төрийн өндөрлөгүүдийн нэг гэсэн үг.

Манай хотын дарга болон бу­сад төлөөлөгчдөд америк заг­варын цоо шинэ "Кадиллак" мар­кийн машинууд гаргаж, хам­гаа­лалт­даа аван дээд хэмжээнд хүн­дэтгэл үзүүлж байна. Арга хэм­жээ ингээд зогссонгүй. Эрхэм дээд Амир Шейх Сабах өөрөө Мөнхбаяр даргыг дүүтэйгээ хамт тосч угтан хүндэтгэл үзүүллээ. Одоо 82 нас­тай өвгөн хааны орыг дүү нь зал­­гамж­­лах гэж байгаа бөгөөд хотын гудамж талбай болгонд ах дүү хоёрын хөргийг сонгууль болох гэж буй мэт өлгөжээ. Болсон, болох гэж байгаа ах дүү хоёр Амир алсын хараатай асуудал дээр хамтдаа байдаг бололтой. Хаан баргийн хүнийг өргөөндөө хүлээж авдаггүй юм, энэ удаа тэгсэнгүй гэж Сайраан сайд олзуурхангуй байв. Тухайн оронд суугаа Элчин сайдын нэр нөлөө ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг болохоор үүнд элчин­гийнхэн их ач холбогдол өгдөг аж.

Кувейтчүүдийн хүлээн авалт, хүндэтгэлийн зоогийн жаягт санаа авууштай нэг хэлбэр байна. Тэд зочдоо хүлээлгийн танхимд оруулаад цай уунгаа хамаг ажлаа ярьж тохирчихно. Дараа нь зоог барина. Зоог дээр хундага өргөж, ёслолын хуурай үг урсгаж манжлахгүй. Зүгээр л дэмий ярин­гаа хоолоо идчихээд тарна. Яагаад гэхээр тэнд архи байхгүй юм чинь. Энэ их аятайхан санагдсан.

Амир манай мэрт хандан "Би өөрийгөө танай хотын иргэн гэж үздэг шүү. Миний хашаа байшин ч тэнд байгаа…" гэсэн нь ихэд дотно мэт сонсогдож байв. Ер нь кувейт­чүүд хэзээ нэгэн цагт газрын тос нь дуусахын багцаанд эндээ элсэн дотроо байсаар л байх уу гэдэг бол асуудал. Тос бол барагдах баялаг. Тосгүй бол тэднийг Америк нь, хэл шашин нэгт Иран, Ирак нь эвээлдээ авах уу. Мөн л асуудал. Жаал хөрөнгөө хатуу эд болгож өвөрт­лөөд Богд уулын энгэрийг бараа­дах нь хэт нь өлзийтэй гэж боддог ч байж магадгүй. Нефтьгүй бол энэ хувхай цөл нь үхтэл харамлах эх орон л лав биш дэг ээ. Амирын хэлсэн үгийн учир жанцан энэ л байсан болов уу гэж таалаа.

Кувейтийн сан гэдэг байгуул­ла­гаас бидэнд их тусламж үзүүлсэн. Мөн хөнгөлөлттэй зээл хэд л бол хэдийг гар татахгүй өгч байна. Хойд чиглэлийн хар замуудын ихэнх зар­­длыг, тэр жилийн зудын тус­ламж, одоо парламентын ордонг, нэмээд хүүхдийн эмнэлгийг кувейт­чүү­дийн хөрөнгөөр барих гэж байна. Цаашид ч амлалт үргэл­жилж байгаа бөгөөд яг яалгамаар байна тодорхой бичээд ир л гэх юм. Тийм болохоор очсон айлчлал бүр амжилттай, ирсэн урилга болгон хаялгатай.     

Энд очсон оройдоо буудлагын тир дээр бай буудацгаав. Спортын ихэнх төрөлд амжилт гаргадаггүй залхуу кувейтчүүд ядаж буудаж сурахаар шулуудсан бололтой. Мөнгөөр зодож байгаад энэ өртөг өндөртэй спортын төрлийн байр савыг бараг дэлхийд байхгүй хэм­жээнд тохижуулж бэлджээ. Нисэж яваа тавгийг бууддаг сонирхолтой төрлийг анх удаа  харахаар барах уу буудаж үзлээ. Ёстой зугаатай эд юм. Хоёр амтай шувууны бууг ориг сумаар нь сумлаад нисч яваа галуу унагааж буй мэт буудацгаана. Тэр их үнэтэй цайтай сумыг хайр найр­гүй хэрэглэж байж сая буудах дөр суудаг аж.

О.Гүндэгмаагийн олимпод өрсөлддөг хийн гар буу ч байна. Хажууд нь сум нь овоолоостой.   Ямар ч сайн гар буу хэд буудахаар заавал нэг гацдаг юм байна шүү. Бээжингийн олимпод Гүндэгмаа буугаа гацаагаад хоёрт орсон нь тийм ховор азгүй явдал биш юм байна. Буудлагын сайн тамир­чин­тай танай оронд тусална, энд ирж бэлтгэл хийж болно л гэж байна.

Дараа нь ус дахин цэвэршүүл­дэг байгууламжаа үзүүлэв. Хотын жорлонгууд муу усны трубагаар урссаар хотын баруун хаяанд ирэх нь манайтай төстэй. Ирсэн усны дээр хөвж байгаа тослог эдийг нь хамаад дараа дараагийн шат дамжлагаар шүүгдсээр байгаад тунгалаг ус гаргаад авчээ. Зуун литр усны 85 хувийг нь салгаж авч тунгалагшуулдаг нэлээд сүүлийн үеийн төхөөрөмж аж. Үүнийг гадаа­дын нэг хувийн компани оруулж ирсэн агаад хорин жилийн дотор усаа эргүүлж зараад ашгаа авч ханахаараа улсад үнэгүй хүлээл­гэж өгнө гэж байв. Хичнээн цэвэр­хэн ч угшил нь жорлонгийнх боло­хоор ууж болохгүй. Гэхдээ хэрэглэх салбар мундахгүй. Усны хомсдол түгшүүр зарлаж байгаа одоо цагт манай хотод хэрэгтэй эд байна гэж Г.Мөнхбаяр дарга үүнийг анхаа­рал­даа авав. Манайхан бохироо дахиж ашиглалгүй Туул гол руу шууд асгачихдаг. Ингэх нь байгаль орчинд үзүүлж буй гэмт үйлдэл гэж үздэг.

Кувейтийн амьтны хүрээлэнд орж үзэв. Гаднаасаа бол нэг том байшин. Доторхийг нь хад асга зөөж авчраад тохижуулсан. Тэ­гээд хурц чийдэн асааж гэрэл­түүлээд энэ оронд амьдардаг амьт­дыг тэжээжээ. Цөлд амьдардаг амьтан гэхээр хилэнцэт аалз, оготно, могой, гүрвэл, алагдаахай байдаг юм байна. Алагдаахайг цөлийн жижигхэн кенгеру гээд зориуд сонирхуулах гэтэл "Өө наадхыг чинь алагдаахай гэдэг юм. Манайд зөндөө бий" гээд урмыг нь хугал­чихав. Хадан завсар хяр­сан зэрлэг муурнууд тэр байна  гээд гүйтэл "Аа мануул уу. Тийм л байна" гэчихлээ. Ингээд цөлийн хэсгээс гарч далайн амьтан руу оров. Тэр нь харин ам ангайлгах сонин хачин ихтэй. Асар том аква­риум дотор акул загас бүр тар­галчихсан сэлж ядна. Усны хув­цастай хүн дотор нь хөвж аманд нь загас аваачиж өгөхөд идэхгүй цамаархаад л. Яагаад ч юм энэ аквариум дахь амьдрал кувейтчүүд өөрсөдтэй нь их төстэй санагдсан. Далайдаа бол есөн шидийн амь­тас­тай элсэн дээрээ бол гүр­вэлээс өөр гойд амьтангүй газар юм.

Энэ оронд ажиллаж амьдардаг ганц монгол айл бий. Тэр бол онгоцны нисгэгч Б.Ганбаатарынх. Саяхнаас Элчин сайдын яамтай болж Сайраан гуайнх, элчингийн нарийн бичгийн дарга Д.Бям­бадорж нарын гурван залуу гэр бүл нэмэгдэж ирсэн. Ганбаатар нис­гэгч­тэй жаал ярилцав. Тэрээр Зав­хан аймгийн Сонгино сумын уугуул. Багаасаа л нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Хожим нисгэгч болсон хойноо гадаадын нис­лэ­гийн компанид ажилд орох шал­гуурт өөрийгөө сорьсон гэнэ. Шал­гал­тдаа тэнцээд хэд хэдэн оронд онгоц жолоодох эрхтэй болсон ч Кувейтийг сонгожээ. Кувейтийг яагаад сонгосны учраа дэлгэрэнгүй тайлбарласангүй. Ганбаатарын эцэг нь урьд өмнө хэдэн кувейттэй шонхронд явж байгаад сайн та­нилц­сан гэж байна. Бодвол тэр шугамаараа харилцаа холбоо нь өргөжиж энд амьдрах шалтгаан гарсан байх. Түүний ажилладаг компани нь улсын буюу хааны мэдлийнх болохоор орлого алдаг­дал нь тогтвортой. Нислэгийнхээ тоогоор боломжийн цалинтай гээд  тоог нь хэлсэнгүй. Одоо энд ирээд найман жил болж байгаа. Хойтон­гоос нутаг руугаа бүрмөсөн буцна гэнэ. Нутгаа их санадаг. Жил бол­гон амралтаараа Монгол явдаг. Эхнэр нь Кувейтэд багш хийдэг. Хүүхдүүд нь оюутан болоод гадаа­дын оронд суугаа. Онгоцоо бариад Кувейтийн Эмирийг суулгаад Мон­гол­­доо ирж байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч манай онгоцоор үйлч­лүүлсэн. Би эндээс гадаадын 28 орон руу нисдэг. Харин хөрш Ирак руу л нисдэггүй. Ганбаатар шиг легионер нисгэгч монгол хүн өөр хоёр байдаг ба тэр нь Шанхайд онгоц барьж байгаа гэв. Аравийн Рамадан сар хэмээх шашны ёслол болдог тухай  Ганбаатар ярьсан юм. Энэ сараараа лалын шашин­тангууд бүтэн сарын турш өдөр ус ч уухгүй гүрийгээд нар жаргахаар хооллодог гэнэ. Тэр сар нь зарим­даа зун тохиовол өдрийн уртад аравичууд өлөн явцгааж бөөн уур уцаар болсон юмнууд л байна. Энэ сараар манай нисгэгчид бүр ба­лар­даг. Баруун тийшээ нисэхээр хэзээ ч онгоцонд нар жаргахгүй. Тэгээд газардахаар нь өглөө болж байдаг. Ингээд 24 түүнээс олон цаг нартай, рамадантай хамт ажилла­чихлаар хэцүүднэ биз дээ. Сүүлдээ Аллахтай ярилцаж тохирсон юм байлгүй хоолоо иддэг болсон. Харин дараа нь нөхөж өлсөхөөр боллоо гэцгээсэн шүү…

Аравийн хойгт Чингэс ирээгүй. Харин түүний ач хүү Хулагү хааныг аравичууд их сайн мэддэг. Байл­дан дагуулагчид газраас тос ол­бор­лон нум сумны үзүүрт түрхэж ороогоод балгад руу хэрэм давуу­лан харваж шатаадаг байсан гэдэг. Түүнийгээ элсний нэвт тос хэмээ­сэн нь одоо эдний олборлоод буй нефтийг хэлсэн бололтой. Хула­гүгийнхан хэдэн үе удмаараа энэ бүс нутгийг  захирч яваандаа өөрс­дөө  лалын шашинтан болоод ууссан гэдэг. Хүлэг хааны тухай баримт арави хэл дээр багагүй үлдсэн нь манай түүхтэй ч холбоо­той. Бидний үгийг буюу бид тэднээс зээлсэн нь үл мэдэгдэх "Аав, ах, саван, дэвтэр…" гэх мэт адил үг­нүүд яриан дотор нь байсгээд л орж ирэх юм. Арави хэлний мэргэжлийн хэдэн сайхан монгол залуус энд элчингийн ажилтнаар ирсэн бай­на. Тэд томилолтын хугацаандаа олон сайхан орчуулга хийнэ биз ээ.

Иргэн баян бол улс баян гэдэг. Сайхан баян орон юм аа. Нэг баяныд нь ортол хүлээлгийн тан­хим нь манай спортын заал шиг уужим агаад хивс дэвсчээ. "Иран­чууд гараар нэхсэн энэ хивсийг авах гээд очтол нэг сая гээд байсан. За ч гэлгүй үгүй ч гэлгүй яваад жилийн дараа эргээд очтол харин зарчихаж. Хаана зарсныг нь сураг­ласаар арай гэж Канадаас олж хоёр хагасаар авлаа шүү. Ер нь перс хивс удах тусам үнэ ордог эд байгаа юм аа, аргагүй" гээд кувейт баян даага шүдлэнгийн наймаа хийсэн аятай ярьж сууна. Нэг муу хуучин шалны хивс хоёр сая таван зуун мянган доллар болдог л юм байх даа. Гаднаа хичнээн тэмээ ба шонхор­той­гоо­роо уралддаг гэсэн. Ганц бөхтэй тэмээ гаднаа хэдийг уячихсан бол чөмөгтэй эрд тооцог­дож авгай нь болох хүүхний тоо нэмэгдэнэ. Гэхдээ дөрвөөс илүү авгай авахыг хуулиар тас хорьсон гэдэг шүү.

Ж.ГАНГАА
Эль-Кувейт хот
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж