Хустайн давааны орчим цасанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Хустайн давааны орчим цасанд боогджээ

Өчигдөр зүүн аймгуудын нутгаар бороо, Булган, Сэлэнгэ, Төвийн нутгийн ихэнх хэсэгт болон Улаанбаатар хот орчмоор цас орж, салхи Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Говийн аймгуудын нутгаар секундэд 22 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурчээ. Цасан шуурганы үеэр их хэмжээний малын хорогдол гарсан эсэх талаар хараахан тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Цас, бороо үргэлжлэн орж, шуурах тул малчид, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг урьдчилан анхааруулсаар байтал автомашинтай цасанд суусан, зам даваа хаагдсан, сураггүй алга болсон гэх дуудлагууд орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүдэд нэлээд ирсэн тухай мэдээлэл байна.

Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот руу явах автозамын дэргэд 35-52 УБО улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын газраас аврах бүлэг 20:50 цагт автомашиныг татаж цаснаас гарган, зургаан хүний хамт аймгийн төвд аваачсан байна. Мөн тус аймгийн Сэргэлэн сумын нутаг Хустайн давааны орчим олон тооны тээврийн хэрэгсэл цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас явж болохгүй байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас аврах бүлэг 23:30 цагт очиж, найман тээврийн хэрэгслийг цаснаас татаж гаргажээ.

Нийслэлийн Налайх дүүргийн VII хорооны нутаг Мянганы замын уулзварын орчимд суудлын автомашин цасанд суусныг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлэг аюулгүй болгон, зургаан том хүн, хоёр бага насны хүүхдийг төв суурин газарт хүргэж өгчээ. Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын I багийн нутаг Өвгөөний ам хэмээх газар хаваржиж байсан 47 настай Г гэгч нь өчигдөр малдаа яваад сураггүй болсон гэх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчид хайж байгаа гэнэ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж