Малчдад зээлийн батлан даалт гаргана

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Малчдад зээлийн батлан даалт гаргана

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Зээлийн батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Энэ үйлчилгээг Сангийн яамнаас Төрийн банк, Капитал банкуудтай хамтран нэвтрүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл нь хөдөөгийн иргэд, малчдын орлогыг тогтворжуулах зорилготой ажээ. Төслийн Зээлийн батлан даалтын сан 2.9 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд төсөл хэрэгжиж буй болон төслийн бус аймаг, сумдын зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлэх юм байна.

ЖДҮ эрхлэгчдэд олгох зээлийн болон батлан даалтын хэмжээ харилцан адилгүй. Тодруулбал, аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 300 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 мянган хүртэл хувь, малчны бүлэг хоршоонд олгох зээлийн хэмжээ 100 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 хүртэл хувь, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт олгох зээлийн хэмжээ нь 10 сая хүртэлх төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 80 хүртэл хувь байхаар тогтжээ.

Зээлийн хүү болон хугацаа нь олгогдох эх үүсвэрээс хамааран Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Японы “ЖАЙКА” байгууллагын санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төсөл, АХБ-ны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зээлээс банкаар дамжуулж олгож буй зээлийн хүү, хугацаатай адил байх талаар Сангийн яамнаас мэдээллээ.

Сануулахад энэ зээл, батлан даалт нь зөвхөн төсөл хэрэгжиж буй аймгуудын ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд хамаарах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж