Нидерландын ихрүүд хамтдаа медалийн тавцанд

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Нидерландын ихрүүд хамтдаа медалийн тавцанд

“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын гурав дахь өдөр буюу өчигдөр таван багц медаль эздэдээ очлоо. Уулын цана, биатлон, цанын чөлөөт үсрэлт, шорт-трек болон тэшүүрийн зарим төрөл, зайн аваргууд тодорсон энэ өдөр Нидерландын ихрүүд тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд хамтдаа медалийн тавцанд гарсан нь онцлууштай, ховор тохиол байлаа.

ОЛИМПИЙН ХУУДСАН ДАХЬ ХОВОР ТҮҮХ

Сочийн мөсөн замд Нидерландын тэшүүрчид дахин үнэмлэхүй амжилт үзүүллээ. Эрэгтэйчүүдийн 500 метрийн уралдаанд Нидерландын ихрүүд болох Мишель, Роналд Мюлдер нар хамтдаа медалийн тавцанд гарсан нь цагаан олимпийн нэгэн чимэг болж байна. Олимп эхэлснээс хойш тэшүүрийн төрөлд онцгой амжилт үзүүлж буй нидерландчууд энэ удаад ч медалийн тавцанг гүйцэд эзлэв. Алтан медалийг Мишель /69.312/, түүнээс ердөө 0.01 секундээр хоцорч Ян Смеекенс мөнгө, харин хүрэл медалийг Мишелийн ихэр Рональд 69.46 секундээр хүрэл медалийн эзэн болсон юм.

Олимпийн түүхэнд ихрүүд хамтдаа медаль зүүсэн тохиолдол ховор бөгөөд хамгийн сүүлд 1984 оны Сараевогийн олимпиос АНУ-ын ихрүүд Фил, Стевен Маре нар ийм амжилт үзүүлж байжээ.

ФРАНЦУУД АНХНЫ АЛТАА ГАРДЛАА

Сочийг 105 тамирчны бүрэлдэхүүнтэй зорьсон Францын шигшээ багийнхан олимпийн гурав өдөр анхны алтан медалиа гардлаа. Өвлийн спортын хамгийн их үзэгчтэй гэгддэг биатлоны спортын эрэгтэйчүүдийн 12,5 км-ийн цуваа гараатай уралдаанд өрсөлдсөн Францын тамирчин Мартин Фуркад 33:48.6 хугацаанд замаа туулж, олимпийн аваргаар тодорчээ. Мөн түүний нутаг нэгт тамирчин Жан-Гийом Беатрикс 34:12.8 цагийн амжилт үзүүлж, хүрэл медалийн тавцанд гарсан юм. Мөнгөн медалийг Чехийн Ондржей Моравец зүүлээ. Харин олимпийн 13 дахь медалийнхаа төлөө уралдсан домогт биатлонч Уле-Эйнар Бьёрндален харамсалтай нь зорилгодоо хүрч чадсангүй. Цанын уралдаанд алдаа гаргалгүй хурдалсан тэрбээр байгаа алдаж буудсанаар хугацаа алдаж, хүрэл медалийн эзнээс 1,7 секундээр хоцорч, барианд оржээ.

КАНАДЫН ЧАРЛЬЗ ХЕЙМЛИНИЙ ГУРАВ ДАХЬ АЛТ

Ванкуверийн өвлийн олимпод шорт-трекийн 500 метр болон 5000 метрийн буухиа уралдаанд түрүүлж байсан Канадын тамирчин Чарльз Хеймлин Сочийн өрсөлдөөний талбараас олимпийн гурав дахь алтан медалиа хүртлээ. Өчигдөр болсон шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд тэрбээр 2:14.984 хугацаанд замаа туулснаар аваргалжээ. Энэ зайд Хятадын тамирчин Хан Тьянюй /2:15.055/, ОХУ-ын Виктор Ан /2:15.062/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. ОХУ ийнхүү шорт-трекийн төрөлд олимпиос анхны медалиа хүртэж буй юм.


ХЁФЛЬ-РИШ АВАРГАА ХАМГААЛАВ

Ванкуверийн олимпиос алтан медалийг ихэрлүүлсэн Германы тамирчин Мария Хёфль-Риш Сочийн олимпийн уулын цанын эмэгтэйчүүдийн super combined slalom төрөлд аваргаа хамгааллаа. Өчигдөр болсон тус тэмцээнд Австрийн Никол Хосп мөнгө, АНУ-ын Жулия Манкусо хүрэл медаль хүртсэн байна.


МОГУЛЫН ТӨРӨЛД КАНАДУУД ДАХИН ТҮРҮҮ АВЛАА

Канадын тамирчин Алекс Билодо цанын чөлөөт үсрэлтийн эрэгтэйчүүдийн могул төрөлд аваргаа хамгааллаа. Ванкуверийн олимпийн аварга энэ удаад 26.31 оноо авчээ. Бямба гаригт болсон эмэгтэйчүүдийн могул төрөлд мөн Канадын тамирчин түрүүлж, мөнгөн медаль ч бас Канадаар овоглосон амжилтыг давтаж, өчигдрийн тэмцээнд Билодогийн араас Канадын Микайл Кинсбюри  мөнгөн медалийн тавцанд гарчээ. Харин хүрэл медалийг ОХУ-ын Александр Смышлаев хүртсэн байна.

Олимпийн гурван өдрийн дараах байдлаар Канадын тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл, нийт долоон медаль хүртсэнээр медалийн чансаагаар тэргүүлж байгаа бол Нидерланд /3-2-2/, Норвег /2-1-4/-ийн багууд удаалж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж