Би шавь нараараа бахархдаг

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

Би шавь нараараа бахархдаг

Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор  энгэрээ мялаасан  “Монгени” цогцолбор сургуулийн драмын сонгоны багш С.Даваахүүтэй уулзаж ярилцлаа. Түүний төрүүлсэн шавь нараас зургаан гавьяат жүжигчин, нэг Төрийн шагналт уран бүтээлч төрсөн юм. С.Даваахүү багшид хичээл заадаг байсан Д.Маамхүү багш нь өөртэй нь нэг өдөр гавьяат цол хүртсэнээс  гадна түүний гарын шавь нарын нэг С.Лхагвасүрэн жүжигчин мөн цуг энгэрээ мялаасан байна.

-Та хэдэн оноос жүжгийн багшаар ажиллаж эхэлсэн бэ?

-1975 оноос багшилж эхэлсэн. Багш хүн гэдэг маш  өндөр хариуцлага үүрч байдаг хүмүүс. Зах зээлд шилжих үед жаахан наймаа хөөх гэж оролдсон ч амжилт олоогүй. /Инээв/. Бүх хүн зах зээл рүү шилжих үед бас бусдыгаа дагаж хийх гэж үзсэн. Монгол улсын боловсролын их сургуулийг 1975 онд төгссөнөөсөө хойш багшилж байна. Магадгүй Бурхан намайг цаанаасаа л багш байлгахаар төрүүлсэн юм шиг байна лээ.

-Гурван үеийн багш шавь хамтдаа МУГЖ гэдэг хүндэт цолыг нэг өдөр хүртэнэ гэдгээ мэдэж байсан уу?

-Үгүй, эхлээд ороход багш маань зогсож байсан. Их баярлаад багш руугаа далласан чинь С.Лхагвасүрэн шавь маань зогсож байлаа. Тэр үед үнэхээр их баярласан. Үгээр хэлэхэд тун хэцүүхэн юм. Д.Маамхүү гэж миний багш. Багшдаа их баярласан. Бид гурав нэг өдөр шагнал хүртсэн маань ч маш том гэнэтийн бэлэг болж намайг маш их баярлуулсан.

-Та ер нь хэр олон шавьтай вэ?

-Их олон шавьтай шүү. Телевизийн болон кино найруулагчид дунд маш олон миний шавь бий. Жүжигчин, уран бүтээлчид гээд л маш олон бий. Нэг мянга гарсан байх. Урлагт байгаа нь шүү дээ. Миний шавь нараас зургаан гавьяат жүжигчин, нэг Төрийн шагналт уран бүтээлч төрсөн. Багш хүн болсон учраас шавь нарынхаа сайн явж байгааг харж өөрөө сайн яваа юм шиг л их баярладаг шүү.


-Таны нэг шавь Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож байсан шүү дээ.. тухайн үед та маш их баярлаж байсан уу?

-Д.Бямбасүрэн гээд найруулагч бий одоо ХБНГУ-д амьдардаг. “Ингэн нулимс” гэх уран бүтээлээрээ Оскарт оролцож улаан хивсэн дээгүүр нь алхсан гэдгийг нь сонсоод шавиараа их бахархаж байлаа. Шавь маань тэнд эх орныхоо нэрийг гаргаад тэр том хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байхад багш нь болсон би хөл газар хүрэхгүй л баярлаж байлаа. Анх надаас зөвөлгөө авч байхад нь би хэлж байсан юм. Монгол эх орноо харуулсан баримтат кино хий гэж зөвлөсөн. Шавь маань ч миний зөвлөгөөг тун сайн авсан шүү.

-Драмын урлагийн хөгжил хэр явж байгаа юм бол?

-Эхлээд маш эрчимтэй хөгжиж байсан. Харин нэг хэсэг зогсонги байдалтай байсан. Тухайн үед зах зээлийн шуурганд урлагийн олон хүн мэргэжлээ орхиж байсан үе шүү дээ. Харин одоо бол харьцангуй хөгжиж байна. Хүмүүс театр явж их жүжиг үздэг болсон байна.

-Урлагийн юу нь тийм гоё байдаг юм бэ?

-Урлаг гэдэг бол маш агуу зүйл юм. Урлаг хүнд эхлээд маш торгон мэдрэмж өгдөг. Оюун ухааныг нь задалж өгч байна. Хүн дотор гаднаасаа гэрэлтдэг байх ёстой. Дотоод хүн гадаад хүнд урлаг маш их хэрэгтэй зүйл. Урлаг бол агуу хүн төрөлхтөний ололт юм даа. Энэ агуу зүйлийг үгээр илэрхийлэх хэцүү.

-Урлаг, соёл хоёр ялгаатай юм болов уу?

-Урлаг гэдэг бол хувь хүнд амьдралыг өөрийн илэрхийллээрээ хүмүүст ойлгуулж байдаг. Соёл гэдэг нь бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зүйлийг хэлээд байгаа юм. Гэхдээ яг энэ юм уу гэхлээр бас биш ээ. Их өргөн хүрээг агуулж шингээсэн зүйл бол соёл. Аливаа зүйл бүр өөр өөрийн гэсэн соёлтой шүү дээ. Урлаг гэдэг бол мэргэжил, соёлд тодорхой бүтээгч гэж байдаггүй. Гэхдээ соёлоос урлаг ургасан байдаг юм.

-Та яг ямар хичээл заадаг юм бэ?

-Голчилж драмын урлаг заадаг гэхдээ киноны тоглолт кино онолын хичээл заадаг шүү.

-Кино, драм хоёрт их ялгаа бий юу?

-Ялгаатай. Драмын театрт жүжигчин хийж байгаа бол та хамгийн хойно сууж буй үзэгчдэд өөрийнхөө дууг хоолойг, жүжиглэлтийг хүргэх хэрэгтэй. Харин кинонд тэгэх шаардлага байхгүй. Кинонд аль болох энгийн тоглолтоор, чи бид хоёр яг л яриад сууж байгаа мэтээр жүжиглэдэг ч дотроороо өөрийгөө илэрхийлэх, тухайн дүрийг бүтээх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед кинонд драмын тоглолт яваад байдаг болчихсон байна лээ. Энэ жаахан тиймэрхүү санагдаж байгаа.

-Танай гэр бүлийнхэн бүгд урлагт зүтгэдэг үү?

-Тийм ээ. Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Миний нөхөр зураглаач Ж.Асалбай, хүү А.Ганхуяг кино найруулагч, мөн хоёр хүүхэд маань ч зураглаач, гэрэлтүүлэгч хийнэ. Гэр бүлээрээ хэд хэдэн бүтээл дээр ажилласан. “Тэнгэрээс унасан мах”, “Хазгар хадам хүргэмсэг”, “Би чамд гомдоогүй ээ” гэх бүтээлүүдийг хийсэн.

-Кино урлаг сүүлийн үед хөгжиж байгаа ч шүүмжлэл нэлээд дагуулдаг…?

-Дурын хүн зохиол бичиж байна. Драмын зохиолч ч тэр, кино зохиолч ч тэр байх хэрэгтэй байна. Найруулагч эсвэл жүжигчин ч зохиол бичээд байна. Би өөрөө ч зохиол биччихлээ. Хэдийгээр урьд нь олон зохиол уншиж, олон бүтээл дээр ажилласан ч яг тэр зохиолчийн нарийн нюанс гэдэг зүйл хаягдаад байгаа юм. Гэхдээ би буруутгахгүй энэ бас л нэг хөгжиж байгаа явц нь байгаа юм. Мөн урлаг судлал байх хэрэгтэй, урлаг шүүмжлэгч гэж байх хэрэгтэй. Энэ өөрөө их нарийн мэргэжил, хэн дуртай нь шүүмжлээд байдаг зүйл бол урлаг биш. Аливаа зүйл шүүмж дагуулж байж хөгждөг. Алдаа оноон дээрээ ажилладаг байх хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж Монголын зүйр цэцэн үг бий. Урьд нь хийсэн бүтээлүүдийг мундаг гоё, сайн кино гэж ярьдагч бас л алдаа оноо байж л байгаа шүү дээ. Тиймээс мэргэжлийн шүүмжлэгч байх хэрэгтэй.

-Сүүлийн үед кино урлаг гэдэг зүйл нь амархан мөнгө олох хэрэгсэл болоод байгаа юм биш биз дээ гэсэн бодол хааяа төрдөг шүү, та энэ бодолтой санал нийлэх үү? Юутай холбоотой юм бол?

-Урлагт нэг зүйл бий. Урлаг цаг үеэсээ хурдтай байх хэрэгцээ бий. Хэрвээ хуучинтайгаа зууралдаад удаад байвал тэр хэрээрээ энэ нийгэм чинь хоцорч эхэлнэ. Энэ нийгмийнхээ цаг үеэс түрүүлж гишгэж байдаг зүйл чинь урлаг. Урлаг хэрвээ явцуу, удаан, уйтгартай болоод ирвэл хэн нийгмийг урагшлуулах билээ. Бид нар аль болох цаг хугацаанаасаа түрүүлж харж байх хэрэгтэй. Өнөөгийн байгаа байдлаас нэг юм ажиглахад хүмүүс их хуучинсаг сэтгэлгээнээсээ салаагүй удаан сэтгээд байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Гэхдээ дээр би дурьдсанчлан нэг үеэ бодоход драм, кино урлаг эрчтэй хөгжиж байна.

-Залуу уран бүтээлчдэд юу гэж захимаар байна?

-Манай залуучууд монгол хэлээрээ ярьж, бичиж чаддаггүй болчихсон. Уншихгүй байна, ажиллахгүй байна шүү дээ. Үг бүр нэг утга илэрхийлж байдаг юм. Түүнийг ойлгодог байх, сэтгэдэг байх хэрэгтэй. Миний бодлоор “Үг хөгжлийн хичээл” арван жилийн боловсролын сургуулиудад явуулах хэрэгтэй. Бид маш баялаг үгсийн сантай, түүнийхээ 20 хүрэхгүй хувийг л ашигладаг. Өөр ямар ч хэл дээр орчуулагддаггүй үгс зөндөө бий. Энэ их агуу баялгаа дутуу судлаад байна. Зарим нь бүр дутуу ярьдаг болчихсон байна шүү дээ. Жишээ нь, “аягүү ” гэж их хэрэглэдэг, “Аягүй гоё” юм гэж ирээд ярьдаг. Гэтэл “аягүй” гэдэг үг чинь маш муухай гэсэн үг шүү дээ. Ихэнх сэтгүүлч хүртэл "аягүй гоё уран бүтээл хийжээ" гэж ярьж байгаа харагддаг. Тиймээс дан урлагийнхан гэлтгүй залуу хүмүүс монгол хэлээ маш сайн судал, тэгээд өөр хэл судал. Бид зөвхөн монголдоо хийгээд баймааргүй байна. Бид цаашаа дэлхийн тавцанд гарч алхаж, өрсөлдөх хэрэгтэй байна. Тэгвэл бидэнд хэл хэрэгтэй. Гэхдээ эхлээд Монгол хэлээ маш сайн судалчих дараа нь гадаад хэл судал. Хэлгүй бол хөлгүй гэдэг үг бий шүү дээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж