Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ

Засгийн газрын хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн хоёр, Дорноговь аймгийн нэг суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба Барилга Хот Байгуулалтын Яамны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тус яамнаас  тавьжээ. Ингээд энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдыг шинэчлэхээр тогтлоо.

Г.ХИШИГСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж