Монголчуудад дэд бүтэц хаана байна

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Монголчуудад дэд бүтэц хаана байна

ХАР АЛТНЫ ЭРЭЛД МОРДСОН МОНГОЛЧУУДАД ДЭД БҮТЭЦ ХААНА БАЙНА

Хаа сайгүй нүүрс тойрсон яриа өрнөж байгаа энэ үед АМГ-ынхны 2012 онд таамаглаж бай­сан нүүрсний экспорт 40 сая тоннд хүрнэ хэмээх таац биелэлээ олох уу гэх асуулт иргэдээс хөвөрч байна. Өөрөөр хэлбэл, ойрын жилүүдийн манай улсыг чиглэх мөнгөний урсгалын гол түүхий эд болсон нүүрс эдийн зас­гийн өсөлтийн хамгийн гол тулгуураас бидний хожлын цэг эхэлж байна гэх том таамаглалын үр дүн өнөө­дөр юу болж байна вэ, хэ­мээн лавлахыг хүслээ. Ту­хайн үедээ АМГ-аас зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд л 2014 онд 10 сая тонн нүүрс гаргана хэмээн тө­лөвлөсөн байв. Хэдийгээр өнгөрөгч он хар алтны салбарт тийм ч таатай уур амьсгалыг авчираагүй ч энэ оны эхнээс манай уул уурхайн салбарт нүүрлэсэн хямрал арилах төлөвтэй байна гэцгээж доор дээргүй сайн мэдээ дуулахыг хүлээж байгаа нь нууц биш.  

Энэ бүх чих баясгам мэдээлэл дэд бүтцийн тухай ярианаас эхлээсэй гэдгийг энэ салбарын хөрөнгө оруулагчид тандан суугаа болов уу. Салбарын эрдэмтдийн хэлж буйгаар манай улсын говийн бүсэд нүүрсний экспортын 90 гаруй хувь явагдаж байгааг хэлцдэг. Тэгэхээр хэн хүнгүй хүлээж суугаа дэд бүтцийн зайлшгүй хэрэгцээ хийгээд хүлээлт хаа хаанаа бий болох нь гарцаагүй. Говийн бүсэд шороон замаар нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд ямар хортойг, “Энержи ресурс” хэмээх ганц компани л 240 км урт зам тавиад буйг бид мэднэ. Тэгвэл “Энержи ресурс”-ын зам жилд 15 орчим сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтайг учир мэдэх хүмүүс нэг бус удаа мэдэгдэж байлаа. Тэдний хэлж байгаагаар ”Өөрийн олборлосон нүүрсээ хэрхэн тээвэрлэх вэ хэмээх компани байхад Эрдэнэс Тавантолгой, жижиг Тавантолгой компани нүүрс тээвэрлэх замгүй байна” гэснийг санах хэрэгтэй. Дэд бүтцийн өмнө тулгарсан бэрхшээлийн талаар цухас зүйл дурьдахад ийм байна. Харин одоо энэ хүндрэлийг шийдэх гаргалгааг салбарын яам хэрхэн харж байгааг лавлавал, яамны зүгээс нүүрсний гол бүс нутаг болох Ховд, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах одоо ашиглагдаж буй болон ашиглахаар бэлтгэж байгаа нүүрсний орд газрын мэдээлэл, тэдгээрийн олборлолт, мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэргийг харгалзан үзэж автозам, төмөр замаар нүүрсний тээвэрлэлтийн дэд бүтцийг бий болгохоор зорьжээ. Ямартай ч хилийн нэвтрүүлэх хүчин чадлын хувьд тодорхой ахиц дэвшлүүдийг гаргасан нь талархууштай ч ажлын үр дүн чухал.

Өнөөгийн байдлаар нүүрс­ний экспортын тээвэрлэлт Өмнө­говь аймгийн Нарийн сухай­тын нүүрсний уурхайгаас Ши­вээ­хүрэнгийн боомтоор 2002 он­оос, Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомтоор 2003 оноос тус тус хийгдэж эхэлсэн билээ. Мөн Дорнод аймгийн Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор болон Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор бага хэмжээний нүүрс экспортод тээвэрлэгдэж байна. Үүний зэрэгцээ 2012 оноос Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас тус аймгийн Ярантайн боомтоор нүүрс экспортлох тээ­вэрлэлт эхлэсэн. Уул уурхайн ашигт малтмалын экспортын тээ­вэрлэлтийг хол­богдох хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгүүлэх чиглэлээр ЗТБХБЯ-аас идэвхтэй ажилласны дүнд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр 2011 онд шинэчлэн батлагдаж, Хятад улстай хил­лэсэн 11 боомтоор нийт 17 ачаа тээврийн маршрутыг батал­гаажуулсан байна. Энэ бүхэн хилийн нэвтрүүлэх хүчин чадлын асуудалд сэтгэлээ чилээхийг бага ч боловч багасгах боломж олгож байна.

ТӨМӨР ЗАМТАЙ Л БОЛОЁ

Уул уурхайн салбарын гол тулгуур яах аргагүй төмөр зам. Харамсалтай нь салбарын яам ч тэр нүүрсний эрдэмтэд ч тэр “төмөр зам яг хэзээ бэлэн болох вэ” гэсэн асуултад нэг амьсгаагаар хариулт өгч чаддаггүй. Төмөр замын тухай яриа эхлэхээр бичиг цаастай холбоотой ажил нэлээн сайн хийж буйгаа л мэдээлдэг. Тухайлбал, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бод­лого”-ын баримт бичгийг боловсруулж УИХ-ын 32 дугаар тогтоолоор 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр батлуулсан. Төмөр замын дэд бүтцийг шинээр барих чиглэлийг тогтоохдоо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд, боловсруулах үйлдвэрүүдийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэг­цээг хангах, уул уурхайн бүтээгдэхүүнийг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх бодлого, чиглэлийг хангах зорилтыг тавьсан. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, боловсруулах аж үйлдвэр хөгжиж Монгол Улсын төмөр замын тээврийн үр ашигтай, үндэсний нэгдсэн сүлжээ бий болох юм. Ингэснээр хөрш орнууд, улмаар далайд гарах төмөр замын шинэ гарц нэмэгдэн экспорт, импортын ачааны хэмжээ болон манай орноор ачаа дамжин өнгөрүүлэх боломж үлэмж нэмэгдэнэ гэсэн мэдээллүүд хөвөрч байна. Мөн бодлогын баримт бичигт ойролцоогоор 5600 гаруй  км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн гэдгийг дуулгая. Мөн тухайн бичигт эхний болон хоёрдугаар үе шатанд нийт 2000 км төмөр замыг барина гэжээ. Төмөр зам тойрсон мэдээллээс сануулахад, Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замын трассын ерөнхий төлөвлөлтийн зургийг баталсан. Трассын дагуу 1:50000 масштабтай гидрогеологийн зураглалыг хийж дуусгажээ. 1165 км-ын дагуух трассд 1:1000 масштабтай байр зүйн зураглалыг хийжээ. Энэ бүх бүтээн байгуулалтыг хийхэд санхүүжилтийн асуудал хамгийн том тээг гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Шинэ төмөр замын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнийг нэмэгдүүлж, нийт хувьцааны 49 хувийг Монголын хөрөнгийн бир­жээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй арил­жих асуудлыг УИХ-ын 2011 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ нь өнөөдөр төмөр замын ажлыг эхлүүллээ гэхэд санхүүжилт бэлэн гэсэн үг биш юм.

Удахгүй нүүрсний салба­рын­хан чуулна. Жил бүр хар алтны салбарын сайд, эрдэмтэн, ажиллагсад нэгэн дээвэр доор нэгдэж асуудлаа хэлэлцдэг. Энэ жилийн тухайд ч “Coal Mongolia” чуулганы тайзнаас буухгүй сэдэв нүүрс тээвэрлэх дэд бүтэц, төмөр замын асуудал. Тэгэхээр манай улсын эдийн засгийг амь оруулах гол салбарт дэд бүтцийн асуудал хэзээнээс толгойны өвчин байхаа болих вэ. Ерөнхий сайдын Эрдэс баялаг-2015 чуулган дээр хэлсэн “Ойрын хорин жилийн хоолоо уул уурхайгаас олно.

М.МӨНХТУНГАЛАГ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж