
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулаад Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өглөө. Нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах, Сүхбаатар аймгийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг болон зэргэлдээх Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын мэргэжлийн байгууллагуудыг халдвар хамгааллын хувцас, ариутгал, халдваржүүлэлтийн бодис, багаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин