МАХН-ынхан шаардлагын хариуг хүлээн зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан шаардлагын хариуг хүлээн зөвшөөрсөнгүй

МАХН болон жижиг намууд, иргэний хөдөлгөөн, эвслүүдийн хамтарсан “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөнөөс өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн газарт шаардлага хүргүүлсний нэг нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/ байсан билээ. Хөдөлгөөнийхөн “Мэдээ, сурвалжлага хийж гаргасан” гэсэн хариуг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр авсан. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Улмаар МҮОНРТ болон бусад телевизэд шаардлага дахин хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.  “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөн болон МҮОНРТ-ээс энэ талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.

Ц.Шинэбаяр: МҮОНРТ мэдээ, сурвалжлага огт гаргаагүйг нотлох баримт бий

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяраас дараах зүйлийг тодруулав.

-Та бүхэн МҮОНРТ-д шаардлага хүргүүлж, хариуг нь авсан. Гэтэл МҮОНРТ болон бусад телевизэд шаардлага дахин хүргүүлэх гэж байгаа гэж сонслоо?
-МҮОНРТ-ээс бидний шаардлагад хариу ирүүлсэн. Түүндээ “Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Бодит байдал дээр болсон үйл явдлыг цаг тухайд нь мэдээлж байсан” гэсэн байна лээ. Бас мэдээ, мэдээлэл, сурвалжлагыг шуурхай дамжуулж байгаа гээд жагсаалт гаргасан байсан. Гэхдээ ямар ч мэдээ, сурвалжлага гаргаагүй гэдгийг бид батална.

-Баримт нь байгаа гэсэн үг үү?
-Байгаа. Бид МҮОНРТ-ийн хөтөлбөрт мониторинг хийсэн. Одоо үед хаана ч, хэн ч мониторинг, судалгааг хийдэг болсон шүү дээ. Гэтэл ийм хариу өгсөн  нь биднийг басамжилж байгаа хэрэг гэж ойлгож байгаа.

-Хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлэх тухайд?

-Бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр зарим телевизэд  өчигдөр /уржигдар/ шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэтэл энэ үеэр манай “Гал үндэстэн” холбооны морьтой залуусыг “Арван тавны” гэх тодотголтой цагдаа нар саатуулж, “Морьдыг чинь төв талбайд оруулахгүй” гэх шаардлагыг тавьсан. Үүнээс болоод өгч  чадаагүй юм. Ямартай ч шаардлагаа хүргүүлнэ. Дараагийн арга хэмжээг авна. Хэзээ гэдгийг ярилцаж байгаа.

-МҮОНРТ-д өгсөнтэй  адил утгатай  шаардлага хүргүүлэх юм уу?
-Агаарын долгион бол ард түмний өмч. Гэтэл үүнийг ашиглан нэвтрүүлэг хийж байгаа телевизийнхэн ард түмэнд мэдээллийг эрх тэгш хүргэх ёстой. Ямар нэг татвар авах ч ёсгүй. Харин Ард түмний их хуралдай болон бидний зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, хэлэх үгийг маань огт гаргахгүй байна.

Ч.Батцэнгэл: Бид үүргээ биелүүлсэн

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Нэвтрүүлгийн хэлтийн дарга Ч.Батцэнгэлтэй ярилцлаа.

-МАХН болон иргэний хөдөлгөөн, эвслүүдийн шаардлагын хариуд та бүхний зүгээс “Мэдээ, сурвалжлагыг тогтмол хүргэж байсан” гэх хариуг өгсөн. Гэтэл тэдэнд мэдээ, сурвалжлага гаргаагүйг нотлох баримт байгаа гэж байна?
-Тийм асуудал огт байхгүй.   Мэдээ, сурвалжлагыг тогтмол гаргаж байсан.

-Та “МҮОНРТ хөтөлбөрөө нэг жилээр баталдаг. Тиймээс иргэний хөдөлгөөн, эвслийнхэнд зориулж төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага байхгүй” хэмээсэн байсан?
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз төсвөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ч тухайн жилийн нийтлэлийн бодлого ямар байх, ямар чиглэлийн нийтлэл, нэвтрүүлэг хийх, гаргах тухай төлөвлөгөөг жилээр нь гаргадаг юм. Гэхдээ энэ нь зөвхөн нийтлэл, нэвтрүүлгийн төлөвлөгөө юм.

-Тэгвэл сонин, телевизийн цаг үеийн шинэ мэдээ, мэдээллийг ард түмэнд хүргэх зарчим яах болж байна?
-Танай сонин ч гэсэн нийтлэлийн бодлого, төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байх. МҮОНРТ цаг үеийн мэдээ, сурвалжлагыг мэдээллийн хөтөлбөрүүдээр тогтмол гаргадаг шүү дээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж