
ХЭМЭЭХ ДОМГИЙН ТУХАЙ
Мөрри Ротбардын (1926-1995 он. АНУ-ын таван том либертари сэтгэгчийн нэг) Төрийн анатоми хэмээх бэсрэг бүтээл удахгүй монгол хэл дээр хэвлэгдэн гарах нь ээ. Ингээд, ХХ зуун дахь либертари үзлийн томоохон төлөөлөгчдийн бүтээл ямар нэг хэмжээгээр бүгд орчуулагдлаа. Ротбардынх үлдчихээд байсан юм. Энэ ажил либертари үзэл санааг Монголд дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж явдаг хүн болох Д.Амартүвшингийн ачаар гүйцэлдлээ, залуу анддаа баярлалаа. Дашрамд хэлэхэд, Амартүвшин маань өмнө нь Мөрри Ротбардын Чөлөөт зах зээл хэмээх жижиг өгүүллийг тун дажгүй монгол орчуулгатайгаар өөрийн блог дээр тавьсан нь одоо нэгэнт нийтийн хүртээл болжээ.
Төрийн анатоми эссэнд ордны сэхээтнүүдийн тухай, төр өөрийн байх ёстой хэмжээ хязгаарыг хэрхэн давдаг, Үндсэн хууль төр хоёрын харьцаа, төр юунаас айдаг болох тухай гээд олон асуудлыг хөндсөн байдгаас энэ удаад Монголд хамгийн их тархсан “төр бол үйлчилгээний байгууллага” гэсэн домгийг илчилсэн хэсгээс өгүүлье.
“Төр бол үйлчилгээний байгууллага” гэсэн ойлголт АНУ-д 1950-иад оноос их газар авчээ. Гэтэл, үнэндээ төр тийм байя гэсэн ч чаддаггүй аж. Энэ бол стэйтистүүдээс (төрийг дээдлэгчдээс) олон түмнийг хуурч, өөрсдийгөө сайн сайхан харагдуулахын тулд зохиосон үг. Хатуу стэйтистүүдээс ялгаатай хүмүүс болохын тулд гаргасан аядуу стэйтистүүдийн хэллэг. Хамгийн ардчилсан бус улсууд өөрсдийгөө ардчилсан гэж нэрлэх дуртай байдаг шиг “нийгэмд огт үйлчилдэггүй байгууллага, нөхдүүд өөрсдийгөө нийгэмд үйлчилдэг” хэмээн ойлгуулах гэж буй хэрэг. Хойд Солонгосын коммунист удирдагчид өөрсдийгөө БНАСАУ (Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), 1990 оноос өмнө коммунист орон байсан Зүүн Германыхан БНАГУ (Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс) гэж нэрлэж байсантай адил. Гэтэл жинхэнэ ардчилсан улс болох Өмнөд Солонгосынхон болон Баруун Германыхан өөрийнхөө улсыг зүгээр л БНСУ, ХБНГУ хэмээн нэрлэж байв. Манай Монгол улс ч гэсэн хамгийн ардчилсан бус шинжтэй байсан 1921-40 онд “хувьсгалын ардчилсан” шатыг туулаад өнгөрчихсөн гэж туудаг байлаа. Тэгэхээр хамгийн харгис, тоталитари дэглэмүүд өөрсдийн нүүр царайг нуухын тулд өөрсдөдөө байхгүй нэр томьёоны доор нуугдах гэж оролддог шиг олон түмэнд огт үйлчилдэггүй байгууллага болох төрийн түшмэд төрийг олон түмэнд үйлчилдэг байгууллага хэмээн нэрлэх дуртай байдаг аж.
Мөрри Ротбард “Төр нь юу биш вэ гэвэл үйлчилгээний байгууллага биш” хэмээн бүтээлээ эхэлсэн байдаг. Ардчилал хөгжих хэрээр төрийг нийгэмтэй адилтгах явдал улам эрчимжиж, эрүүл саруул оюун ухааны бүх урсгалд харшилсан “бид бол төр” гэсэн ойлголт давамгайлах болов.
Коллективизмд ашигтай “бид” хэмээх нэр томьёо, улс төрийн бодит байдлыг халхавчилсан үзэл суртлын зэвсэг болж хувирлаа. Хэрэв “бид төр” юм бол төрийн хийж буй аливаа үйлдэл дарангуйлсан шинжгүй, харин ч хүмүүсийн хүсэл эрмэлзлийг харгалзсан байж таарна. Төр-засаг нийгмийн нэг хэсгийн төлөө нөгөө хэсгээс татварлахдаа “бид үүнийг өөрсдийнх нь төлөө хийсэн юм” гэсэн үгээр хаацайлах нь л дээ. Тэгээд ч, энд төр нэг хэсгээс авч, нөгөөд өгнө гэсэн нэрийн доор асар их [бүр асар их шүү] зүйлийг өөртөө авч үлддэг. Үүнийг нь хэлж, илчилсэн хүнд маш их дургүйцнэ. Албадлагаар цэргийн алба хаалгах, өөр үзэл бодолтойгийнх нь төлөө шоронд хийх явдал бас л өөрсдийнх нь төлөө хийсэн болно. Ер нь, төрийн хийсэн бүхэн бидний төлөө болж таардаг.
Жирийн иргэдийн ихэнхийн толгойд ийм санааг шүүмжлэх бодол орж ирдэггүй бөгөөд энэ хуурмаглалд их, бага хэмжээгээр автана. Тэгэхээр “бид” бол төр биш, төр бол “бид” биш гэсэн санааг онцолж, энэ гарцаагүй баримтыг “бид бүгд хоорондоо холбоотой” гэсэн сайхан үгээр халхавчлах гэсэн оролдлого бүрийг илчлэх ёстой.
Төр нь “бид” биш, бүх асуудлаа сайн дурын харилцан зөвшилцөл дээр тулгуурлан шийдвэрлэж байдаг “хүмүүний гэр бүл, клуб, уулзалт-цуглаан” биш юм бол юу болж таарах вэ? Товчхондоо, төр гэдэг бол тодорхой газар нутгийн хүрээн дотор албадлага-хүчирхийллийг дангаар ашиглахыг оролдож байдаг байгууллага; тэр тусмаа сайн дурын хандив дээр тогтдоггүй, ямар нэг үйл ажиллагаа явуулсныхаа төлөө татвар авдаг, албадлага дээр тулгуурласан байгууллага болно.
Хувь хүн болон бизнэсийн байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн болон үзүүлсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлөө албадлагын бус, сайн дурын үндсэн дээр харилцан солилцох замаар орлоготой болдог бол төр нь албадлага дээр тулгуурлан орлоготой болдог. Өөрөөр хэлбэл, шорон, цагдаа, зэвсгийн хүчээр айлгаж байж орлоготой болдог. Иймээс шорон, цагдаа зайлшгүй, түүнийг санхүүжүүлэх нь чухал болох тухай үндэслэлээ юуны түрүүнд улиглана. Тэд ямагт харагдаж буй зүйлийн хүрээнд сэтгэж, тайлбар хийх бөгөөд эс харагдах зүйлийг санаатай, санамсаргүй ямар нэг байдлаар орхигдуулдаг.
Германы аугаа социологич Франц Оппэнхэймэр (1864-1943 он. Герман-жүүд социологич, эдийн засагч. Энэ хүний Төр хэмээх зохиол англи хэл дээр 1914, 1942, 1975 онд бүгд Нью-Иоркийн “Фри Лайф Эдишн” хэвлэлийн газарт хэвлэгдсэн) баялагтай болох хоорондоо зөрчилтэй хоёр арга зам байдаг тухай өгүүлж байв: нэг нь, дээр дурдсан үйлдвэрлэх, харилцан солилцох буюу “эдийн засгийн арга хэрэгсэл” хэмээн өөрийнх нь нэрлэсэн арга зам; нөгөө нь, үйлдвэрлэн бүтээдэггүй, бусдын бүтээсэн бараа-таваар, үйлчилгээг шууд хүчирхийлэл, албадлагын замаар булаан авах явдал. Дээрэм гэсэн үг л дээ. Ф.Оппэнхэймэр үүнийг баялагт цуглуулах “улс төрийн арга хэрэгсэл” хэмээв. Үйлдвэрлэн бүтээх явцдаа хүн өөрийн оюун ухаан, хүч чадлаа албадлагагүй ашиглах нь “жам ёсны” үзэгдэл болох нь илэрхий. Энэ бол энэ дэлхий дээр амгалан тайван амьдарч, хөгжин цэцэглэх зүй тогтол мөн. Харин албадлага, хүчирхийлэл дээр тулгуурласан мөлжлөгийн арга зам нь “жам ёсны” хуульд харш гэдэг нь тодорхой. Баялаг цуглуулах улс төрийн хэрэгсэл нь үйлдвэрлэлээс хумслан хулгайлж, сорон мөлжинө. Улс төрийн арга хэрэгсэл нь баялгийг бүтээгч, үйлдвэрлэгчдээс сорон мөлжигч, сүйтгэгч субъектүүд рүү гулгуулж байдгаараа нийгмийн баялгийн хэмжээг багасгахаар үл барам, бүтээгч хүний урам зоригийг хугалж, сэдлийг бууруулдаг.
Либертари үзэлтнүүд төр болон татвар хэрхэн үүссэн сэдвийг хөндөх бүрдээ энэ сэтгэгчээс эшилдэг бөгөөд үүнийг нь Ротбардын энэхүү эссэ болон Дэвид Бэргландын Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл номоос ч харж болно. Энд, мөн төр нь хэзээ ч нийгмийн гэрээгээр бий болдоггүй, нийгмийн бүх гишүүд нийгмийн гэрээнд орох ч бололцоо байдаггүйг үзүүлжээ. Төр нь байлдан дагуулал эсвэл мөлжлөгийн үр дүнд гарч ирдэг байна. Ротбард арай өөр газар, төрийг тодорхойлохдоо “улс төрийн арга хэрэгсэл дээр тулгуурласан байгууллага”, тодорхой хил хязгаарын доторх мөлжлөгийн систем гэсэн.
Ингээд, та бүхнийг Төрийн анатоми хэмээх бүтээлтэй эхээр нь танилцвал илүү ойлголттой болох биз ээ.
Эцэст нь, либертари үзлийг сонирхогчдод дуулгахад, ойрын үед Айн Рэндийн “Сайтар эргэцүүл!” жүжгийг ном болгон гаргах гэж байна. Мөн “Торгоны зам” чөлөөт эдийн засгийн сангийнхан Хэнри Хаазлитын Нэгэн хичээлд багтаасан эдийн засгийн ухаан (орчуулагчийн хувьд хэлэхэд, энэ номын нэрийг бараг “Нэгэн сургамжаас үүдэлтэй эдийн засгийн ухаан” гэсэн ч болохоор юм билээ) номыг хэвлэн, гаргаж байгааг баяртайгаар уламжилъя.
Либертари үзэл Монгол оронд үг хэлээр биш, үйл хэргээр хэрэгжих болтугай!