Морь жилд юу бүтээх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Морь жилд юу бүтээх вэ?

Сар шинийн өдрүүд ард хоцорч, Монгол Улсын Засгийн газар морь жилд аль салбарт ямар ажил хийхээ зарлаад байна.

Бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн нөхцөлд Монгол хүн бүр ажилтай, орлоготой болж цаашлаад эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа бодлогоор энэ жилдээ багтаан Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл үргэлжлэх 237 км төмөр замын ажлыг эхлүүлэх нь. Хэдийгээр төмөр замын цариг эцэслэгдээгүй байгаа ч УИХ-ын хаврын чуулганаас шийдэгдэх нь.

УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын бодлогоор Монгол Улсын төмөр зам өргөн царигт суурилахаар заасан ч энэ нь нарийн царигийг сонгож болохгүй гэсэн үг бас биш. Уул уурхайн бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй болгохын тулд нарийн царигтай төмөр зам тавихыг ч үгүйсгэхгүй. Гол шийдлийг УИХ гаргах учиртай. Монгол Улсыг хөндлөн огтлох “Шинэ төмөр зам” төслөөр бол замын урт 1800 км үргэлжилнэ. Харин үүнээс эхний ээлжинд баригдах төмөр зам нь Тавантолгойгоос-Гашуун сухайт хүртэл үргэлжлэх маршрут болж байна.

Харин “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 5.2 тэрбум ам.доллар шаардлагатай бол хөрөнгө оруулалтаа 9.4 жилийн дотор багтаан нөхөх бололцоотойг ч холбогдох газрууд гаргажээ. Хэдийгээр энэ нь хол сонсогдож мэдэх ч төмөр замтай болсон нөхцөлд өнөөдөр үнэ цэнээ алдан хилийн гадна “хог” болон хэвтэж буй Монголын нүүрс үнэд орж эхэлнэ. Наад зах нь тээврийн зардал буурахын зэрэгцээ гуравдагч хөршүүд рүү бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.

Уг нь ийм боломж бий гэдгийг өнгөрсөн хугацаанд эдийн засагчид сануулж ирсэн ч царигаас болж улстөрчдийн байр суурь нэгдэхгүй байсаар бүтэн дөрвөн жилийг алдаж, Тавантолгойн нүүрсээ үнэгүй шахам болгосны эцэст одоо л асуудлыг нэгмөр шийдэхэд анхаарч эхэллээ.

Зургаан аймагт авто зам барина

Нэг жилийн хугацаанд 2100 км авто зам барих бололцоо байжээ гэдгийг Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн могой жилд харуулсан. Энэ том ажлыг нугалахад авто замын компаниуд гол ачааг үүрэлцсэнийг хэлэх учиртай. Тодруулбал, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсоноор хонон өнжин явж хүрдэг байсан газрыг наад зах нь 6 цаг туулаад хүрч буйг бүтээн байгуулалтын үр дүн гэхээс яалтай.

Энэ оны хувьд Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгууд Улаанбаатар хоттой авто замаар холбогдох болж байна.
 
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд авто зам шинээр тавих, засч сэлбэх ажлууд өмнөх жилийн нэгэн адил үргэлжлэхийн зэрэгцээ Хурдны зам тавих ажил эхэлнэ. Хурдны замын нийт урт 125 км байх ба Туулын хурдны зам 33 км, Баянголын хурдны зам 15 км, Баянхошууны хурдны зам 23 км, Сэлбэ голын хурдны зам 32 км, Бэлхийн хурдны зам 9 км, Улиастайн хурдны зам 13 км тус бүр үргэлжилж байхаар төлөвлөгджээ. Үүнээс 75.5 км замыг улсын болон нийслэлийн төсвөөр, үлдсэнийг гадаадын зээл тусламж, тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас авах 250 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шийдэхээр төлөвлөсөн байна.

Ажил эхэлж, сааталгүй үргэлжилбэл хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот хурдны замтай болно. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл саарна. Авто замын түгжрэлийг сааруулах нэг гарц нь уулзварыг өргөтгөх явдал гэж үзэн өнгөрсөн жилд Улаанбаатар хотын хэмжээнд “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн юм. Үр дүнд нь 18 уулзвар өргөтгөн шинэчлэгдсэн. Энэ ажил морь жилд мөн үргэлжилж нийт 15 уулзварыг өргөтгөх болж байна.

Хямд үнэтэй орон сууцыг ашиглалтад оруулна

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгож эхэлснээр байрны үнийг хөөрөгдсөн гэх “ялд” унаад байсан Шинэчлэлийн Засгийн газар хямд үнэтэй орон сууцыг бариулж болох нь гэдгийн тод жишээг сар шинийн өмнө харуулав. Үндэсний бүтээн байгуулалт корпорацийнхны Яармагийн дэнжид барьсан 567 айлын орон сууцны 1 ам метр талбайн үнэ 1.280 сая төгрөгөөр зарлагдаад байна. Ирэх тавдугаар сарын сүүлээр дахиад 1000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно.

Харин цаашдаа ийм хямд өртөгтэй орон сууцанд иргэд орох боломж байна уу гэдэгт холбогдох албаныхан “Бололцоотой” гэх хариулт өгч эхэллээ. Юутай ч “Ченж” гэх мөнгө хүүлэгчийг дунд нь ажиллуулахгүйгээр Төрийн орон сууц, санхүүжилтийн корпораци нь үндэсний компаниудад захиалгаа өгөөд газар, дэд бүтцийг шийдээд өгчихвөл хамгийн чанартай хэрнээ хамгийн бага үнэтэй орон сууц ашиглалтад орох боломж бийг дээрх бүтээн байгуулалт харуулаад байна. Энэ ажил Яармагийн дэнжид баригдсан орон сууцаар хязгаарлагдахгүй бөгөөд нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах бүтээн байгуулалтын томоохон ажлын эхлэл дунд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд мөн эрчимжих нь. Цаашлаад аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажил энэ хавраас эхэлнэ.

Гэхдээ Улаанбаатар хотын хувьд эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдээ найдвартай болгож, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхгүй бол барьсан барилгууд үнэ цэнэгүй болж мэдэх эрсдэл хүлээж буй. Энэ эрсдлийг тооцон Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил Амгалан дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөхөөр болж ажил эхлүүлсэн нь өнөө жил ашиглалтад орох болж байна. Уг дулааны станц ашиглалтад орсноор 50 мянга орчим орон сууцыг найдвартай дулаанаар хангах бололцоо бүрдэнэ. Түүнчлэн III цахилгаан станцын хүчин чадлыг 50 МгВ-таар,  IV цахилгаан станцыг 100 МгВ-таар тус бүр нэмэгдүүлэхийн зэрэгцээ нэр бүхий найман аймгийн дулааны станцыг шинэчлэх хийгээд шинээр барих ажил энэ хаврын урт өдрүүдтэй зэрэгцэн газар бүрт өрнөх нь ээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж