
Олимпийн нээлт гайхамшигтай болсон. Магадгүй өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн гайхалтай, хамгийн сүрлэг нь байх. Яг товлосон ёсоор 20:14 цагт эхэлсэн нээлтийн ёслолын найруулга, үзүүлбэрт багтсан жижиг, детал, элемент бүр нь орос уламжлалыг шингээсэн байв. Бяцхан охины зүүдэндээ учрах бүхэн Оросын цагаан толгойн үсгээр илэрхийлэгдэж, үсэг бүр нь ОХУ гэх их гүрнийг дэлхийд алдаршуулсан эрдэмтэн, зохиолч, суутнууд, зөвхөн Орос оронд байх тэр гайхамшгийг илтгэж байсан юм. Зүүдэндээ хөвөх бяцхан охин тэнгэрт дүүлэн нисч, цагаан морь идээшиж буй хусан төгөл, орос тариачны тосгон, Камчаткын галт уул, Байгаль нуур гээд Орос улс, орос үндэстнийг илэрхийлэх өвөрмөц газруудыг туулан өнгөрөв. Сонгодог урлагийн үлгэр жишээ болсон оросууд энэ онцлогоо багтаахаа ч мартсангүй. Төрийн дууллыг дуурийн баритон, тенорууд цэнгэлдэх дүүрэн эгшиглүүлж, хэдэн зуун бүжигчин балетын гайхамшгийг мэдрүүлэв. Энэ мэт Орос хэмээх их гүрэн сүр хүчээ харуулан далайлгаж, орос орныг илтгэх бүхнийг нээлтийн ёслолдоо шингээж, дэлхийн тулгын гурван чулууны нэг болохоо батлан харуулсан талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж байна.

Сочи чадсан. Олимпийн нээлт хүртэл бүгдийг нууцалж чадсан. Тэд нээлтийн ёслолыг гайхалтай зохион байгуулж чадлаа. Нэг алдааг эс тооцвол төгс төгөлдөр. Нээлтийн хөтөлбөрт багтсан гэрлийн чухал үзүүлбэр саатсан нь цахим ертөнцийнхний цайны амттайхан хачир болж хувирав. Цасан ширхгүүд агаарт задарч, тивийг илэрхийлэх олимпийн таван цагаригийг бүрдүүлэх учиртай байсан ч тав дахь цагариг задарч амжсангүй. Олимпийн нээлтийг шууд дамжуулах сувгууд өөр өөр байсан учир “Россия-1” сувгаас дамжуулах эрхээ авсан газруудад тэр таван цагариг гүйцэд задарч, бусад нь бол дөрвөн цагаригтай, товчхондоо бол бодит байдлыг тэр чигээр нь хүлээн авсан гэсэн үг. Харин “Россия-1” телевиз цагариг задрахгүй алдаа гарах үед асар богино хугацаанд шууд дамжуулалтыг түр тасалж, бэлтгэлийн үеэрх дүрсийг сольж тавьсан “ял”-д унаад байна. Тэгэхээр зарим үзэгчдэд бол цагариг задраагүй, зарим үзэгчдэд тэрхүү тав дахь цагариг хэдэн секунд хоцорч задарсан харагджээ. Онцлог нь дүрс сольсон гэдгийг “Россия-1”-ийн продюсерууд хүлээн зөвшөөрсөн юм.
Сочигийн олимпийн медалийг уламжлал ёсоор алт, мөнгө, зэс болон цайр ашиглан хийх бөгөөд медальд ашиглах бүх металийг Оросын нутаг дэвсгэрээс авчээ. Медалийн зузаан 10 мм бөгөөд 100 мм-ийн диаметртай, жингийн хувьд 460-531 грамм жинтэй байна. Аваргын алтан медалийн орц нь 960 сорьцын 525 грамм мөнгө, 999 сорьцын 6 грамм алтаас бүрдэх бол мөнгөн медаль нь 960 сорьцын цэвэр мөнгө байх ажээ.

Сонирхолтой нь, Сочигийн олимпиос цөөн хэдэн тамирчин ховор медалийн эзэд болно. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Урал орчимд, Челябинскт унасан солирын хэсгээс дээжлэн авч, олимпийн медальд ашигласан 50 ширхэг дурсгалын медалийг олимпийн үеэр гардуулах гэнэ. Хоёрдугаар сарын 15 буюу солир унасан өдрийг тохиолдуулан тэр өдөр медаль хүртсэн 10 тамирчинд тэрхүү солирын орцтой медалийг давхар дурсгахаар төлөвлөжээ. Тэр өдөр уулын цана, гүйлтийн цана, кёрлинг, хоккей, шорт трек, чарга, цанын харайлт болон тэшүүрийн төрөлд аваргууд тодрох юм.
Дээрх гурван үг Сочигийн олимпийн салшгүй нэгэн тодотгол. Олимпийн түүхэнд хамгийн өндөр зардлаар бүтсэн “Сочи-2014”-ийн бүтээн байгуулалт, бусад зардалд ОХУ 51 тэрбум ам.доллар зарлагаджээ. Лондонгийн олимпиос даруй гурав дахин их зардлаар бүтсэн энэ удаагийн цагаан олимпийн төсөв өмнөх 21 өвлийн олимпийн нийт зардлыг нийлүүлснээс ч их. Гэвч олимп эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад олимпийн бэлтгэл ажил дэндүү түүхий байгаа олон улсын сэтгүүлч, сурвалжлагчид Сочигоос дамжуулж эхлэв. Дутуу баригдсан, гүйцэд ашиглалтад ороогүй зочид буудлууд, цоргоноос гоожих зэвтэй ус, зарим өрөө нь бүр усгүй, хэрэв ус гоожвол нүүрээ битгий угаагаарай, хорт бодисто гэх сануулга, шугамд холбоогүй 00-ийн суултуурууд, гудамжинд хаа сайгүй холхих золбин муурнууд, цахилгаан шат ажиллахгүй үед ядаж шат ч байхгүй гээд л… Эдгээрээс үүдээд олимпийн төсөвлөсөн хөрөнгө зорилгот зүйлдээ хүрээгүй, дундаас нь шамшигдуулсан, шат шатны хүнд суртал зэрэг асуудал сөхөгдөж эхлэв. Оросын сөрөг хүчин ч бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа дуусалгүй сунжирч байгааг авлига, хүнд сурталтай холбон, эрх баригчдыг шүүмжилж байсан юм. Гэхдээ ОХУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков болон албаны бусад хүмүүс “олимпийн бүтээн байгуулалтад авлигын сэжим ч байхгүй” гэж итгэлтэйгээр мэдэгдсэн ч олимп өндөрлөж, дэлхий нийтийн анхаарал өөр зүгт хазайх үест Орост дарга, түшмэдийн авлигын асуудал дахин босох бололтой.

Олимпод зориулж буй 51 тэрбумаас хоёр тэрбум ам.долларыг зөвхөн аюулгүй байдлыг хангахад зарцуулж байгаа гэж зохион байгуулагчид нь мэдэгдэв. Христос, лал, будда бүгдтэй нь хиллэдэг, хил хязгааргүй мэт өргөн уудам газар нутаг нь энэ удаад ОХУ-ын сөрөг тал болж хувирч мэдэх нь. Тал талаас нь ирэх аюул заналхийлэл, халдлага олимпийн нэгэн айдас. Эртнээс маргаантай, дайн байлдаантай байсаар ирсэн, дээр нь Хар тэнгисийн хойд эрэгт Сочитой ойр орших Чечень, Дагестан, Гүржийн талаас аюул ирж болзошгүй хэмээн албаныхан болгоомжилж байна. Түүнчлэн саяхан Волгоград хотноо дараалсан дэлбэрэлт болсноос гадна АНУ-ын Засгийн газраас Сочигийн нислэг террористуудын гол бай болж магадгүй гэж мэдэгдсэн нь улам ч илүү сонор байхыг сануулсан хэрэг болсон юм. Тиймдээ ч хотын гол газрууд, гол зам дагуу цагдаа нар цэргийн хүчнийхэнтэй хүч хавсарч, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ОУОХ-ноос тогтоосон бүсэд нэвтрэх бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн хянаж, Лондонгийн олимпийн адилаар олимпийн тэмцээн, уралдаан болж буй цэнгэлдэх, талбайд нэвтрүүлэхдээ сайтар шалгаж байна. Хамгийн их өндөр зардлаар бүтсэн шигээ хамгийн өндөр хамгаалалттай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан олимп болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс амлаж байна.
Сочигийн олимптой зайлшгүй сэжмээр холбогдох буй ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Олимп бол хүмүүсийн дунд хана босгох хэрэгсэл байж огтхон ч болохгүй” гэсэн бол НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн “Бид ижил хүйстнүүд, трансжендер, бисекс, интерсекс хүмүүс халдлагад өртөж буйг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Тэдний алхам тутамдаа тулгардаг хүчирхийллийн эсрэг бид тэмцэх ёстой” гэж мэдэгджээ. Тамирчдын дунд ч ижил хүйстнүүдийн эсрэг хандлага байж болох ч тэр нь өрсөлдөөний талбар, медалийн тавцанд байх ёсгүй гэдгийг дэлхийн спортын удирдлагууд сануулсаар байна. Энэ байдлаас шалтгаалан барууны голдуу орнуудын төрийн тэргүүн нар Сочигийн олимпод зочлох урилгаас татгалзсан билээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Британийн ерөнхий сайд Дэвид Камэрон, Германы ерөнхийлөгч Йохим Гаук нар биечлэн очихоос татгалзан, төлөөлөгчдөө илгээжээ. ОУОХ-ноос мэдээлснээр өвлийн олимпийн нээлтэд 65 орны төрийн тэргүүн оролцсон байна.
Өвлийн XXII олимпийн наадам хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй олимп болж байна. Хоёрдугаар сарын 7-23-нд үргэлжлэх Сочигийн олимпийн цас, мөсөн замд өрсөлдөхөөр дэлхийн 88 орны 2800 гаруй тамирчин Хар тэнгисийн эрэгт цуглажээ. Харьцуулахад, 2010 оны Ванкуверийн олимпод 82 орон тамирчдаа сойж байв. Сочигийн олимпод оролцох орнуудыг 87+1 гэж тодорхойлж болно. Учир нь ОУОХ-ноос 2012 оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгох үйл явц улстөрийн нөлөөнд автсан гэж үзэж, эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм. Тиймээс Энэтхэгийн тамирчид энэ удаад ОУОХ-ны тугийн дор өрсөлдөж байна.
Сочигийн олимпод Доминик, Мальта, Парагвай, Зүүн Тимор, Того, Тонго, Зимбабве зэрэг долоон улс өвлийн олимпийн замд анхлан гишгэж байна. Харин хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь 230 тамирчинтай АНУ-ын баг. Олимпийн эзэн орон ОХУ-ын хувьд 226 тамирчнаа сойж байна. Монголын багийн тухайд гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин өрсөлдөх бөгөөд Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар хоёрдугаар сарын 13, 14-нд олимпийн цасан замд уралдах юм.






Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №048