Иргэд үнийн өсөлтөд сэтгэл түгшиж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Иргэд үнийн өсөлтөд сэтгэл түгшиж байна

Сүүлийн үед талх, мах, шатахуун, цахилгаан, дулааны үнэ тасралтгүй өсч байна. Харин буурсан гэх утгатай ганц ч мэдээлэл  сонссонгүй. Google-ээр “Бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ” хэмээн бичээд  хайвал үнийн өсөлтийг харуулсан илэрцүүд буурснаасаа хэд дахин олон гарах вий. Гол нь үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сонсохоор “Бөмбөгөр” худалдааны төвийг өчигдөр зорилоо. Уулзсан иргэдийн олонхи нь шатахуун, махны үнэ огцом өсч байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлж байв. Тиймээс үнийн өсөлттэй холбоотой асуудлаар зарим иргэний байр суурийг хүргэе.

Иргэн Б.Дорж:
-Махны үнэ 5300 төгрөгөөс хол давчихлаа. Нөөцийн мах авах гэхээр дандаа хавирга л зараад байх юм. Түүнээс биш гуя, ууцны хэсгийн цул мах зарж байгаатай би лав тааралдсангүй. Чанартай махаа хааш нь нийлүүлээд байдаг юм бүү мэд. Өнөөдөр би цахилгааны мөнгөө төлж амжилгүй хоёр хоносон гээд гэрлээ таслуулчихаад явж байна. Дүүргийн Эрчим хүчний төвийнхөн ганц товч дараад л манай гэрийн цахилгааныг залгачихаж болох байтал залгасныхаа төлөө 2500 төгрөг нэхээд зогсч байна.

Иргэн Н.Баясгалан:
-Үнэ өсч байгаа нь үнэхээр дарамт болж байна. Бүх л юмны үнэ 20-200 төгрөгөөр нэмэгдсэн байна шүү дээ. Дээр нь СӨХ-ны мөнгө ч нэмэгдсэн. Өмнө нь 5500 төгрөг байсан чинь 10 мянган төгрөг болчихжээ. Үнээ нэмж байгаа мөртлөө манай СӨХ ядаж өдөрт ганц удаа цэвэрлэгээ хийчихдэггүй юм. Миний насны үр хүүхэд цөөнтэй хөгшдөд эм тариа, хоол хүнсний мөнгө нь хүрэлцэхгүй хэцүү л байгаа байх. Би олон хүүхэдтэй тулдаа тэднийхээ дэмжлэгээр амьдарч байна шүү дээ. Болж өгвөл хэдэн хүүхдээ шаналгахгүй, тэтгэврийн хэдээрээ л болгох юмсан гэж бодох юм.

Иргэн З.Мишигдорж:

-Үнэ нэлээд нэмэгдэж байх шиг байна. Би саяхан Булган аймгаас ирсэн. Геологич хүн байгаа юм. Хөдөө, хотын амжиргааны өртөгийн зөрүү их юм. Ер нь олигтойхон цалин авахгүй бол  хотод амьдрах арга алга. Төр засгаас иргэдээ ингэж туйлдуулж, хотоосоо шахах бодлого явуулаад байна уу гэлтэй. Шатахууны үнийн хувьд мах, гурилаасаа ч илүү асуудалтай байх шиг. Цаана чинь бүтээн байгуулалт, тариалалтын ажил эхэллээ. Бензин, түлш их зарцуулж байж тэр том техникүүдийг ажиллуулна шүү дээ. Үгүй бол энд гурил, махны үнэ бүр ч өснө дөө.

 Иргэн Х.Болорсайхан:
-Талхны үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн. Энэ нь бага мөнгө юм шиг мөртлөө долоо хоног, нэг сараар бодохоор тийм ч бага биш. Манайх өдөрт хоёр ширхэг талх, нухаш хэрэглэдэг. Элэгний нухашны үнэ гэхэд л килограмм нь 3400 төгрөг байсан. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд 4000 төгрөг болчихсон байна. Өндөг, салямийн үнэ гэхэд өдөр, өдрөөр 10, 20 төгрөгөөр өсөөд байна. Би санхүүгийн чиглэлээр ажилладаг хүн. Өрхийнхөө төсөвт санаа зовинох үе бишгүй гарна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж