Дэлхий нийтийн эв нэгдлийг бэлгэ тэмдэг болсон цагаан олимпийн талаарх түүхийн хуудсыг хамтдаа эргэн сөхье.
“Шамониг-1924” өвлийн I олимп
Өвлийн I олимп нь 1924 оны Зуны олимпийн нэг хэсэг болон анх удаагаа Франц улсын Шамониг уулнаа нэгдүгээр сарын 25-нд зохион байгуулагдаж байжээ. Нээлтийн үйл ажиллагаа нь тун энгийн болсон бөгөөд нийт оролцож байгаа тамирчид Олимпийн тангараг өргөх төдийхнөөр өндөрлөжээ. Нээлтийн ажиллагаанд тамирчид чаргаа чирч, цанаа барьсаар ирсэн бөгөөд Шамониг хотын иргэд тэднийг хаанаас ирсэн гуйлгачид вэ хэмээн чулуу, мод шидэж байсан түүхтэй. Анхны цагаан олимпод 16 орны 258 тамирчин спортын 9 төрөлд шилдгээ тодруулжээ.

“Сан-Мориц-1928” өвлийн II олимп
Өвлийн II олимп нь 1928 онд Швейцарь улсын Сан-Мориц хотод зохион байгуулагдсан бөгөөд анхны бие даасан олимпийн наадам гэдгээрээ онцлог болсон юм. Тус олимпийн нээлтийн ажиллагаа цасан шуурган дунд зохиогдож олимпийн түүхэнд хамгийн бага буюу ердөө 1200 хүн нээлтийн ажиллагаанд оролцжээ. Ёслолын арга хэмжээнд зориулан зассан гоёл чимэглэл нь цасан шуурганд урагдаж алга болсон тул нээлтийн ажиллагаа тун сүр дуулиан багатай болсон гэдэг. Өвлийн олимпод нийт 25 орны 464 тамирчин 8 төрлөөр шилдгээ шалгаруулжээ.

“Лэйк-Плэсид-1932” Өвлийн III олимп
Өвлийн III олимп нь АНУ-ын Нью-Йорк хотын Лэйк-Плэсид хэмээх тосгонд 1932 оны цэлмэг нартай нэгэн өглөө нээлтээ хийж байжээ. Олимпийн нээлтийн ажиллагаанд анх удаагаа чанга яригч ашиглаж байсан хэмээн түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байна. Нээлтийн ажиллагаа нь тамирчдын парад, олимпийн туг өргөх ёслол, тамирчдын тангараг өргөх ёслол зэрэг арга хэмжээнүүдээс бүрдсэн 30 хүрэхгүй минутын даруухан хөтөлбөртэй байжээ. Энэхүү олимпод 17 орны 252 тамирчин 7 төрөлд өрсөлдсөн байна.

“Гарими-Партенкирхен-1936” өвлийн IV олимп
Өвлийн IV олимп нь 1936 онд Нацист Германы Бавари мужийн Гарими-Партенкирхен хэмээх хотод зохиогдож байжээ. Энэ нь өвөл зуны олимпийн наадмууд нэг улсад зохион байгуулагдсан сүүлчийн олимп байсан юм. Өөрөөр хэлбэл, өвөл зуны олимпийг нэг улс хариуцан зохион байгуулдаг байсан бол 1936 оны олимпийн дараа хоёр өөр улсад зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Өвлийн IV олимп нь нээлтийн ажиллагаа болон оролцсон тамирчдынхаа тоогоор тухайн үедээ хамгийн өргөн цар хүрээг хамарчээ. Олимпийн нээлтийн ажиллагааг Адольф Гитлер нээж байсан бөгөөд анх удаа олимпийн бамбар асааж, сүлд дуунд олимпийн тугыг тэнгэрт мандуулж байжээ. Тус олимпод 28 орны 646 тамирчин оролцож, найман төрөлд шилдгээ тодруулжээ.

“Сан-Мориц-1948” өвлийн V олимп
1940, 1944 онуудад Дэлхийн II Дайны улмаас өвлийн олимп зохиогдоогүй юм. Тиймээс 12 жил завсарласны дараа Өвлийн V олимп 1948 онд Швейцарь улсын Сан-Мориц хотноо зохион байгуулагджээ. Ингэхдээ үзэл суртлаас үүдэн Герман, Японы тамирчдыг оролцуулаагүй аж. Тухайн үед Олимпийг зохион байгуулах хорооныхон дайны улмаас хөрөнгө мөнгө болоод хүн хүчний ихээхэн гачигдалд орж байжээ. Уг олимпод дэлхийн 28 орны 669 тамирчин 9 төрөлд хүч үзжээ.

“Осло-1952” Өвлийн VI олимп
Өвлийн VI олимп нь 1952 онд Норвегийн Осло хотноо зохион байгуулагджээ. Осло хот нь олимп зохион байгуулах хүсэлтэй байгаагаа аль 1935 оноос эхлэн илэрхийлж байсан боловч Дэлхий II дайны улмаас 1952 он хүртэл зохион байгуулах боломж олдоогүй гэдэг. Олимпийн арга хэмжээнд зориулж сэтгүүлч, төлөөлөгчдөд зориулсан зочид буудал, тамирчдад зориулсан дотуур байр зэргийг шинээр барин анхны тамирчдын хотхоныг байгуулж байжээ. Энэхүү олимпод 1948 оны олимпод оролцож чадаагүй Герман, Японы тамирчид ирж оролцжээ. Өвлийн олимпод нийт 30 орны 694 тамирчин 8 төрөлд өрсөлджээ.

“Кортина д’Ампеццо-1956” өвлийн VII олимп
Өвлийн VII олимп нь 1956 онд Италийн Кортина д’Ампеццо хотод болжээ. Олимпийн тэмцээнүүд зохион байгуулагдаж буй газрууд нь өөр хоорондоо нэлээд хол зайтай байснаараа Кортинагийн олимп онцлог байсан юм. Олимпийн зохион байгуулах хороо дэд бүтцийг сайжруулах тал дээр Италийн засгийн газраас доторхой хэмжээний дэмжлэг авсан ч бусад зардлаа хувийн байгууллагуудын санхүүжилтээр нөхөх хэрэгтэй болсон юм. Тиймээс өвлийн VII олимп нь томоохон корпорациудын хөрөнгө оруулалтад ихээхэн тулгуурлах болсон анхны наадам байжээ. Тус олимпод ЗХУ анх удаа оролцсон бөгөөд тамирчид нь хамгийн их медаль хүртжээ. Мөн уран гулгалтын тэмцээн сүүлчийн удаа гадаа талбайд зохиогджээ. Уулын цанын тэмцээн зохиогдох газар цасгүй байсан тул Италийн засгийн газар цэргийн хүчийг дайчилж их хэмжээний цасыг зөөвөрлөн аваачиж байсан түүхтэй. Кортинагийн олимп нь телевизээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүрсэн анхны олимп гэдгээрээ мөн онцлог байж чадсан. Уг олимпод 32 орны 821 тамирчин найман төрөлд шилдгүүдээ нэрлэсэн юм.

“Ско-Валли-1960” өвлийн VIII олимп
Өвлийн VIII олимп нь 1960 онд АНУ-ын Калифорни мужийн Ско-Валли гэдэг газар зохиогджээ. Ско-Валли нь 1955 оны байдлаар хөгжөөгүй жижигхэн жуулчны бааз байсан боловч 1956-1960 оны хооронд 80 сая ам.долларын их бүтээн байгуулалт явагдаж олимп зохион байгуулахаар бэлджээ. Тус олимпод ЗХУ нийт 21 медаль хүртэн тэргүүлжээ. Хүйтэн дайны уур амьсгалаас болж АНУ Комминуст орнуудын тамирчдад виз олгохоос татгалзаж байв. Гэвч Олон Улсын Олимпийн Хороо Ско-Валлиийн олимп зохион байгуулах эрхийг түтгэлзүүлнэ хэмээн мэдэгдсэнээр АНУ виз олгохгүй гэсэн шийдвэрээсээ буцжээ. Тус олимпод 30 орны 665 тамирчин 8 төрөлд өрсөлдсөн аж.

“Инсбрук-1964” өвлийн IX олимп
Өвлийн IX олимп нь 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж байжээ. Тус олимп эхлэхийн өмнө бэлтгэлийн үеэр Австралийн уулын цаначин Ross Milne болон Их Британийн чаргачин Kazimierz Kay-Skrzypeski нар амиа алдсан эмгэнэлт явдал болсон. Мөн олимп болохоос хэдхэн жилийн өмнө буюу 1961 онд АНУ-ын уран гулгалтын багийн тамирчид, дасгалчуулагчид, зарим гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар онгоцны ослоор амиа алдаж байсан эмгэнэлтэй явдал тохиолдож байжээ.
IX удаагийн олимпод Баруун, Зүүн Германы тамирчид хамтран оролцсоноороо онцлог болсон. Мөн манай улсын баг тамирчид анх удаа Инсбрук хотноо олимпод зодоглосон юм. Олимпод 36 орны 1091 тамирчин анх удаагаа спортын 10 төрөлд өрсөлдсөн.

“Гренобл-1968” өвлийн X олимп
Өвлийн X олимп нь 1968 онд Францын Гренобл хотноо зохион байгуулагдаж байжээ. Тус олимпод Норвеги улс нийт авсан медалийнхаа тоогоор ЗХУ-ыг ардаа орхин тэргүүлж байв. Мөн тус олимпод анх удаа сэргээшийн шинжилгээ болон эмэгтэй тамирчдад хүйсийн шинжилгээ хийжээ. Өвлийн X олимп нь анх удаагаа өнгөт телевизээр цацагдсан олимп юм. Цагаан олимпод 37 орны 1158 тамирчин 10 төрөлд шилдгээ тодруулсан.

“Сапорро-1972” өвлийн XI олимп
Өвлийн XI олимп нь 1972 онд Японы Хоккайдо арлын Сапорро хотод болжээ. Энэхүү олимп нь Европ болон Хойд Америкт болоогүй анхны өвлийн олимп юм. ЗХУ авсан медалийнхаа тоогоор тэргүүлжээ. Тэрхүү олимпод 35 орны 1006 тамирчин 10 төрөлд өрсөлдсөн байна.

“Инсбрук-1976” өвлийн XII олимп
Өвлийн XII олимп нь 1976 онд Австрийн Инсбрук хотноо болжээ. 1972 оны Мюнхений олимпийн үеэр болсон халдлагаас болж өвлийн олимпийн аюулгүй байдал тун анхаарал татсан асуудал байжээ. ЗХУ-ын хоккейн шигшээ баг дөрөв дэх удаагаа олимпийн алтан медаль хүртсэн бөгөөд Канад улс хоёр дахь удаагаа шигшээ багаа олимпод илгээхээс татгалзжээ. 1976 оны олимпод зориулж олимпийн бамбарыг шинээр хийн 1964 онд хийсэн бамбартай цуг хоёр бамбарыг олимпийн нээлтэн дээр асаасан байна. Тус олимпод 37 орны 1123 тамирчин 10 төрөлд шилдгүүдээ зарлажээ.

“Лэйк-Плэсид-1980” Өвлийн XIII олимп
Өвлийн XIII олимп нь 1980 онд АНУ-ын Лэйк-Плэсид гэдэг газар зохион байгуулагджээ. 1980 оны олимпийн маскот нь "Roni", "Ronny" гэдэг нэртэй хоёр элбэнх байв. Энэхүү олимпод олимпийн дөрвөн удаагийн алтан медальт, ЗХУ-ын хоккейн багийн эсрэг коллежийн тамирчдаас бүрдсэн АНУ-ын баг тоглон хожсоноороо түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хүйтэн дайны улмаас улс орнуудын хоорондын харилцаа тааруухан байсан энэ үед энэхүү түүхэн ялалт нь Америкийн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ. Мөн БНХАУ анх удаагаа олимпод оролцжээ. Цагаан олимпод нийт 37 орны 1072 тамирчин 10 төрөлд хүч үзсэн юм.

“Сараево-1984” Өвлийн XIV олимп
Өвлийн XIV олимп нь 1984 онд одоогийн Босни ба Херцеговина буюу тухайн үеийн Югославийн Бүгд Найрамдах Улсын Сараево хотод зохион байгуулагджээ. Олимпийн нээлтийн үеэр олимпийн тугийг буруу харуулан тэнгэрт мандуулсан томоохон алдаа гарч байжээ. Мөн олон жил Олон Улсын Хорооны ерөнхийлөгчөөр ажилласан Хуан Антонио Самаранчын удирдлаган дор зохиогдсон анхны наадам юм. Уг олимпод 49 орны 1272 тамирчин 10 төрөлд шилдгээ тодруулжээ.

“Калгари-1988” Өвлийн XV олимп
Өвлийн XV олимп нь 1988 онд Канадын Калгари хотод зохион байгуулагджээ. Тус олимпод 57 орны 1423 тамирчин оролцож тухайн үедээ дээд амжилт тогтоож байв. ЗХУ хамгийн их буюу 29 медаль хүртжээ. Хэдий 1988 оны өвлийн олимп нь тухайн үедээ хамгийн өндөр зардалтай олимпод тооцогдож байсан ч олимп зохион байгуулагчид спонсор болон телевизийн дамжуулалтаараа нэлээдгүй орлого олон ашигтай ажиллаж чаджээ. Тус олимпод зориулан барьсан цэнгэлдэх хүрээлэн заал талбайнууд нь Канад улсад өвлийн олимп хөгжих өргөн боломжийг хойч үеийнхэнд олгосон байна. Нийт 57 орны 1423 тамирчин 10 төрөлд цагаан олимпийн аваргын төлөө өрсөлджээ.

“Альбервилл-1992” Өвлийн XVI олимп
Өвлийн XVI олимп нь 1992 онд Францын Альбервилл хотноо болжээ. XVI өвлийн олимп нь зуны олимптой нэг онд зохион байгуулагдсан сүүлчийн наадам байсан юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зургаан улс хамтарсан багийг олимп руу илгээсэн бол Эстони, Латви зэрэг улсууд бие даан оролцжээ. Мөн Герман хамтарсан багаа илгээсэн байна. Тус олимпод нийт 64 орны 1801 тамирчин 12 төрөлд хүч үзсэн юм.

“Лиллехаммер-1994” Өвлийн XVII олимп
Өвлийн XVII олимп нь 1994 онд Норвегийн Лиллехаммер хэмээх хотноо зохион байгуулагджээ. 1994 оны өвлийн олимп нь зуны олимпоос өөр онд болсон анхны олимп юм. Мөн өмнөх өвлийн олимпоос ердөө хоёр жилийн дараа болж буйгаараа онцлог байв. Уг олимпийг нийтдээ хоёр сая гаруй хүн үзэж сонирхсон байна. Мөн олимпод оролцох эрх авах шалгуурыг өндөрсгөж амжилт муутай оролцдог тамирчдын тоог цөөлжээ. Югослави улсад хэдий дайн өрнөж байсан ч олимпийн үеэр гал түр зогсон эртний Грекийн үеэс уламжлагдан ирсэн “Olympic Truce” хэмээх заншил дахин сэргэсэн байна. “Olympic Truce” гэдэг нь Олимпийн наадам болох үеэр дайтаж буй талууд түр гал зогсоон Олимп болж буй хотыг тайван орхидог байсан төдийгүй тухайн хот руу зорчих ард иргэд, тамирчдыг дайны бүсээр саадгүй нэвтрүүлдэг байсан эртний Грекийн заншил юм. Олимпод 67 орны 1737 тамирчин 12 төрөлд шилдгээ тодруулжээ

“Нагано-1998” Өвлийн XVIII олимп
Өвлийн XVIII олимп нь 1998 онд Японы Нагано хотноо зохион байгуулагджээ. Наганогийн олимпийн үеэр эмэгтэйчүүдийн мөсөн хоккей, сноуборд, керлингийн төрлүүд олимпийн тэмцээнүүдэд нэмэдэн орсон байна. Мөн керлинг албан ёсооор олимпийн нэг төрөл болжээ. Цагаан олимпод 72 орны 2176 тамирчин анх удаа 14 төрөлд хүч үзсэн юм.

“Солт-Лэйк Сити-2002” Өвлийн XIX олимп
Өвлийн XIX олимп нь 2002 онд АНУ-ын Солт-Лэйк хотноо зохион байгуулагджээ. 2002 оны олимп нь эдийн засаг, бизнесийн хувьд олимпийн түүхэнд хамгийн ашигтай зохион байгуулагдсан наадмуудын нэг болсон юм. Мөн олимпийн үеэр олон арван дээд амжилтууд шинэчлэн тогтоогджээ. Өвлийн олимпийг дэлхий даяар хоёр тэрбум хүн үзэж сонирхсон байна. Тус олимпод нийт 78 орны 2399 тамирчин 15 төрөлд өрсөлдөн шилдгээ тодруулжээ.

“Турин-2006” Өвлийн XX олимп
Өвлийн XX олимп нь 2006 онд Италийн Турин хотноо болжээ. Турины олимпийг зохион байгуулах зардал нь 4.1 тэрбум ам.доллар байсан нь олимп зохион байгуулсан өмнөх тавин жилийн дундаж зардал 1.7 тэрбум ам.доллараас ихээхэн давсан тоо байв. ХБНГУ медалийн тоогоороо тэргүүлжээ. Олимпод 80 орны 2508 тамирчин 15 төрөлд өрсөлдсөн юм.

“Ванкувер-2010” Өвлийн XXI олимп
Өвлийн XXI олимп нь 2010 онд Канад улсын Ванкувер хотноо зохиогджээ. Канадын баг тамирчид 14 алтан медаль хүртэж дээд амжилт тогтоосон бол АНУ-ын баг тамирчид нийт 37 медаль хүртэн медалийнхаа тоогоор мөн дээд амжилтыг тогтоожээ. Олимпийн наадамд нийт 82 орны 2566 тамирчин 15 төрөлд аваргын төлөө өрсөлдсөн юм.

“Сочи-2014” Өвлийн XXII олимп
Өвлийн XXI олимп нь 2014 он буюу энэ онд ОХУ-ын Сочи хотноо зохиогдож байгаа билээ. Энэ удаагийн олимп аюулгүй байдал, хүний эрх, бэлтгэл ажлын саатал гээд олон бэрхшээлтэй тулгараад байгаа ч амжилттай нээлтээ хийн, албан ёсоор эхэллээ. Өчигдөр нээлтээ хийсэн цагаан олимпод хамгийн олон буюу 87 орны 2900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 98 багц медалийн төлөө хүчээ сорих юм.

