
Боснийн Засгийн газрын эсрэг жагсаж байгаа жагсагчид өчигдөр /02.07/ Ерөнхийлөгчийн ордныг шатаажээ.
Тузла хотод эсэргүүцлийг эхлүүлсэн жагсагчид орон нутгийн захиргааны байрыг бүрэн шатаасан байна. Албан байргүй болсон бүсийн тэргүүн огцорчээ. Мөн Мостара хотод захиргааны байрыг бас шатаасан бөгөөд тэнд эсэргүүцэл явагдаж байна.
Үймээн самуунаа зогсоохыг иргэдээсээ тус орны Ерөнхийлөгч Живко Будимир хүссэн байна. Үймээн самуунаар байдлыг засахгүй гэж тэр тайлбарлав.
Боснийд Засгийн газрын эсрэг жагсаалын эхлэл нь Тузла хотод хэд хэдэн үйлдвэр дампуурч бүх ажилчдыг халсан явдлаас үүдэлтэй аж. Хүмүүс гурав хоног эсэргүүцэл хийсний дараа орон нутгийн засаг захиргааны байрыг дайрчээ. Мөн бусад хотуудын иргэдийг эсэргүүцэлд нэгдэхийг уриалсан байна.
Боснийн эдийн засаг хэдэн жилийн турш урт хугацааны хямралаас гарч чадахгүй байна. Тус орны ажилгүйдэл нь хөдөлмөрийн насны хүн амын 40 хувь болоод байна.