
Бяцхан охины зүүдэндээ учрах бүхэн Оросын цагаан толгойн үсгээр илэрхийлэгдэж, үсэг бүр нь ОХУ гэх их гүрнийг дэлхийд алдаршуулсан алдартнууд, эрдэмтэн, зохиолч, суутнууд, зөвхөн Орос оронд байх тэр гайхамшгийг илтгэж байсан юм. Зүүдэлж буй бяцхан охин тэнгэрт дүүлэн нисч, хусан төгөл, орос тариачны тосгон, Камчаткын галт уул, Байгаль нуур гээд ОХУ гэх үндэстнийг илэрхийлэх, Орос орныг илтгэх өвөрмөц газруудыг туулан өнгөрөв…
Олимпийн нээлтийн хамгийн торгон мөч болох галт бамбарыг гэрэлтүүлэх үүрэг харин тус улсын үе үеийн шилдэг тамирчдад ногдов. Сочид хүүхэд насаа өнгөрүүлсэн алдарт теннисчин Мария Шарапова бамбарыг цэнгэлдэхэд авчран, улмаар тулгуурт харайлтын тамирчин Елена Исинбаева, бөхийн тамирчин Александр Карелин, гимнастикч Алина Кабаева нараар дамжин эцсийн мөчид уран гулгагч Роднина, хоккейчин Третъяк нар олимпийн паркийн төвд байрлуулсан олимпийн галт бамбарыг асаасан юм.
Алан хядагчдын заналхийлэл, ижил хүйстнүүдийн эрхийг боогдуулсан гэх шүүмжлэл, тэдний тэмцэл, тааруу бэлтгэл гээд олимпийн нээлтийн өмнө элдэв таагүй мэдээлэл цацагдаж байсан ч ямартай ч Сочигийн олимпийн нээлтийн ёслол гайхалтай боллоо. Хамгийн их өндөр зардлаар бүтсэн шигээ хамгийн өндөр хамгаалалттай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан олимп болно гэдгийг ч зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Асар өндөр хамгаалалттай гэгдэж байсан Лондонгийн олимпиос ч хэд дахин өндөр хамгаалалттай гэдэг нь Сочигийн бас нэг тодотгол болж байна.
Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт дагуулсан Сочигийн олимпийн нээлт 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэхэд болсон. Олимпийн нээлтийн ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нараас гадна дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн олимпийн нээлтийн өмнөх өдөр Сочийг зорьж, нээлтийн ёслолд тухлан саатсан билээ.
Сочигийн олимпийн наадам дэлхийн 87 орны 2800 гаруй тамирчин спортын 15 төрөлд 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Олимпийн тэмцээн, уралдаанууд нээлтийн өмнөх өдөр буюу 6-наас эхэлсэн бөгөөд XXII өвлийн олимпийн анхны медальтнууд өнөөдөр тодрох учиртай. Тодруулбал, биатлон, гүйлтийн цана, цанын чөлөөт үсрэлт, сноуборд болон тэшүүрийн төрөлд таван багц медалийн эзэд тодорно.