
ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань өнөөдөр Монголбанкны урилгаар
манай оронд зочилно. Энэ үеэр Монголбанк, Хятадын ардын банктай
үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах юм.
Монгол Улс анх удаа хөрш оронтойгоо своп хэлцэл хийж байгаа нь энэ. Своп
хэлцлийн гэрээ байгуулахын гол ач холбогдол нь арилжааны банкуудын
юаниар төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч, валютын дотоодын
захад тогтворгүй байдал үүсэн тохиолдолд юанийг шуурхай нийлүүлэх замаар
үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангахад
чиглэнэ. Албан мэдээ нь нэг иймэрхүү. Харин АНУ-ын ерөнхийлөгч хүртэл
цаг авч уулздаг хэмээн сүржин мессежийн цаана яг энэ цаг үед тэрбээр
Монголд зөвхөн гарын үсэг зурах гэж ирээгүй л болов уу гэсэн хардлага
төрж байгаа юм.
Жоу Сяочуань нь 1948 онд төрсөн. Хятадын Ардын
банкны ерөнхийлөгчөө ес дэх жилдээ ажиллаж байгаа ажээ. Тэрбээр өмнө нь
Хятадын Ардын банкны дэд тэргүүн, Валют арилжааны төрийн захиргааны
тэргүүн, Бүтээн байгуулалтын банкны тэргүүн, Үнэт цаас шалгах хорооны
тэргүүн зэрэг албан тушаалыг хашиж байв. Одоогоос таван жилийн өмнө
“Financial Times” сонин “ Хүч нөлөө нь нэмэгдэж буй улстөрч” гэж
тодорхойлж байлаа. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнийг
“Foreign Police” сэтгүүлд “Дэлхийн эдийн засагт хамгийн нөлөөтэй
хүмүүс”-ийн дөрөвдүгээрт нэрлэсэн билээ. Мөн Жоу Сяочуанийг Хятадын
ирээдүйн Ерөнхий сайд болно гэсэн таамаглал ч байдаг. Гэвч зарим хүн
түүнийг улс төрд туршлагагүй хэмээн үздэг ажээ. Ямартай ч тэрбээр
хэдийнэ дэлхийн анхаарлын төвд байдаг, асар нэр хүндтэй хүн гэдгийг нь
хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
Хятадын эдийн засгийн хувьд
валютын нөөц нь түүхэндээ анх удаа гурван их наяд ам.доллараас давсан
тухай Хятадын ардын банкнаас мэдээлсэн билээ. Хүлээсэн хэмжээнээс
эрчимтэй өслөө хэмээн Хятадын эдийн засагчид дуу алдан баярлахын сацуу
зээлийн өсөлтийг хязгаарлан инфляцийг барих бодлого явуулж байгаа Ардын
банкийг сайшааж байв. Хятадын ардын банкны мэдээлснээр тус улсын банкууд
679.4 тэрбум юань буюу 104 тэрбум ам.долларын зээл олгочихоод байгаа
аж. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр суурь ханшаа дөрөв дэх удаагаа
нэмсэн. Асар их нөөц, боломжоо ашиглан АНУ болон бусад орны үнэт цаас,
томоохон компаниудын хувьцааг авах ажиллагааг эрчимтэй өрнүүлж буй нь
өсрөлдөгчдөө яах аргагүй айлгаж байгаа юм. Дашрамд дурьдахад валютын
нөөцөөр Хятадын дараа Япон, ОХУ жагсч буй. Ийм лут хөрштэй гэж хөөрөхийн
сацуу яаж хамтрах, наймаалцах талаараа бид бодох ёстой.
Өнөөдөр
Хятадын банк, санхүүгийн орчинд болж буй үйл явц Монголынхтой зарим
талаар нэн төстэй байгаа. Тэр тусмаа манайд хэрэгжүүлэх гэж байгаа
моргейжийн бодлоготой бүр ч илүү хамаатай. Энэ талаар хоёр улсын төв
банкны удирдлагууд зовлон жаргалаа ярих нь дамжиггүй.
Хятадын
ардын банкны ерөнхийлөгчийн санаа зовоосон гол асуудал нь үл хөдлөх
хөрөнгийн үнийн хөөрөгдлөөс бол зээлийн чанар муудаж эхэлсэн явдал юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр моргейжийн зээлийн эрсдэлээс сэргийлэх
зорилгоор тус улсын санхүүгийн зохицуулагчид банкууддаа стресс тест
хийх гэж байгаа ажээ. Энэ үр дүнгээс шалтгаалан мөнгөний бодлого дахин
чангаруулах эсэхээ шийднэ гэж Хятадын эрх баригчид тооцоолжээ. Дэлхийн
банкны тайлангаас харахад Монгол, Хятад улсын Засгийн газраас хэрэгжүүлж
буй арга хэмжээ эсрэг тэсрэг байдаг гэнэ. Хямралд хэзээд бэлэн байдаг,
шаардлагатай тохиолдолд бүсээ чангалж чаддагаараа Хятадын Засгийн газрын
бодлого манайхаас ялгаатай. Хятадын Засгийн газраас ойрын гурван жилд
900 сая юань буюу 131.71 сая ам.долларыг бага орлоготой өрхийг орон
сууцжуулахад зарцуулахаар болсон. Хүнд үед ийм шийдвэр гаргаж чадсан нь
Хятадын төр хямралыг боломж болгон хувиргаж чаддагийн нэг жишээ юм. Мөн
2009-2011 онд Хятад улс түрээсийн байранд амьдардаг хоёр сая гаруй, бага
орлоготой дөрвөн сая гаруй, нэн ядуу буюу алслагдсан нутагт амьдардаг
2.2 сая хүнээ орон сууцжуулахаар төлөвлөжээ. Үүнийхээ хоёр сая өрхийн
барилгыг барьчихсан. Ойрын үед долоон сая гаруй өрхийн орон сууц барих
гэж байна. Хямралыг боломж болгон ашиглана гэж үүнийг хэлдэг ажээ.
Тус
улсын “China Development” банк төмөр замын салбарын төслүүдийг зээлээр
санхүүжүүлдэг. “China Construction” банк жилд 30-50 тэрбум юанийн зээл
олгодог ажээ. Иймэрхүү томоохон зээлүүдийг зоригтой олгодгийн нууц нь
эрсдэлийн удирдлагаа хүчирхэгжүүлсэнд оршдог ажээ. Тиймээс Хятадын
Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуаний айлчлалын үеэр свот хэлэлцээрт
гарын үсэг зурахаас гадна моргейж, банкуудын эрсдлийн удирдлагын албыг
хүчирхэгжүүлэх талаар яриа өрнүүлэх нь гарцаагүй.
Луутай түншилсэн хэн боловч эдийн засгаа сэргээж чадна
Даяаршлын
сул талыг эдийн засгийн хямрал илчилсэн. Хятад улс сүүлийн 30 жилд
эдийн засгийн үзүүлэлтээ тасралтгүй өсгөсний дүнд дэлхийн хоёр дахь том
эдийн засагтай орон болж чадсан. Одоо зөвхөн АНУ-ын зүг анхааралтай
ширтэж буй. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гуравдугаарт ордог. Япон
улс хүртэл “Хятадын эдийн засаг удахгүй АНУ-ыг гүйцэж түрүүлнэ” хэмээн
үзсэн. Энэ явдал ойрын 20 жилийн дотор болно гэж тэд таамаглажээ.
Хамгийн сонирхолтой нь Олон улсын эдийн засгийн Петерсоны их сургуулийн
багш, эдийн засагч Николас Ларди “Энэ бол гайхамшигтай шинж тэмдэг.
Хятадын ойр орчимд байгаа хэн ч АНУ, Японоос илүү худалдааны томоохон
түнштэй болно” гэж дүгнэсэн юм. Энэ бол хөрш орны хувьд Монголд таатай
мэдээ. Түүнчлэн Дэлхийн банкны Хятад, Монголыг хариуцсан захирал Дэвид
Доллар “Доройтон буурч байгаа дэлхийн эдийн засгийн харьцангуй гэрэлтэй
цэг нь Хятад улс” гэсэн удаатай. Экспортын хэмжээ нь буурсан ч дотоодын
хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмж чаддаг, Д.Долларын хэлсэнчлэн “Цагийн
хэцүүд үүцээ дэлгэсэн” Хятадын Коммунист намын бодлого өөрийн улсыг
дэлхийн эдийн засгийн гэрэлт цэг болгоход чухал нөлөө үзүүлсэн юм.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев
Хятадад айлчилсан. Хоёр орны лидерүүд эдийн засаг, улс төрийн салбарт
хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, стратеги түншлэлээ улам хөгжүүлэхээ
амлан гар барьсан нь анхаарал татаж байв. Хятадын дарга Ху Жинтао ОХУ-ын
Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй Хайнань арал дээр уулзахдаа дунд нь орших
Монголын тухай огт яриагүй гэвэл эндүүрэл болох биз ээ. Дараа нь тэрбээр
Хонконгод анх удаа хөл тавьсан нь сонирхол татсан. Тэрбээр хуучин
танил, Хонконгийн захиргааны тэргүүн Дональд Цангтай хэлэлцээр хийж,
Хонконгийн Хөрөнгийн биржид зочлон үйл ажиллагаатай нь танилцсан билээ.
Тэгэхээр оросуудад ч гэсэн луутай дотносох хүсэл нь улам оргилж буйг
дээрх найрсаг айлчлалууд харуулж байгаа хэрэг.
Уул уурхайн гол тоглогч болохын тулд Монголд найр тавих учиртай
Дэлхийн
зэс, төмрийн хүдрийн хамгийн том импортлогч Хятад улс өнгөрсөн жил
гадаадын уул уурхайн компанитай гэрээ байгуулахад 4.5 тэрбум ам.доллар
зарцуулсандаа тун сэтгэл дундуур байгаа ажээ. Чамлалттай хандахын
зэрэгцээ уул уурхайн голлон тоглогч болохын төлөө чармайсаар байна.
Тухайлбал Хятадын “Minemetals Resourses” компани Замбийн зэсийн уурхайд
түшиглэсэн “Equinox Minerals” компанид 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө
оруулж чаджээ. Энэ нь “Rio Tinto”, “BHP billiton” зэрэг зэсийн салбарын
“аварга загаснууд”-тай өрсөлдөх хүсэлтэй байгаагаа харуулсан хэрэг юм.
Тиймээс ч Хятад улс төрийн өмчит уул уурхайн компаниудаа хилийн чинадад
хүрээгээ тэлэхийг нь дэмжих бодлого баримталж байгаа. Хятадын төр урьд
нь уул уурхайн салбарт олон улсын томоохон компаниудтай харилцах,
хамтарч ажиллах менежментэд илт анзаарагдахуйц хориг тавьдаг байсан шүү
дээ. Хятадын энэхүү шинэ бодлогын талаар уул уурхайн “Ernst & Yong”
компанийн захирал Майк Эллиот “Таван жилийн дараа уул уурхайн нэг юмуу
хоёр компани Хятадад төвтэй болно” гэсэн таамаглал дэвшүүлжээ. Ямартай ч
Хятадын “Chinalco” гурван жилийн өмнө ““Rio Tinto”-ийн томоохон хувьцаа
эзэмшигч болсноороо санхүүгийн хямралын үеэр амаргүй өрсөлдөгч гэдгээ
дэлхий дахинд таниулсан юм. Харин хөрш Монгол нь дэлхийн уул уурхайн
томоохон гигантуудын сонирхлыг өөрөөс нь илүү татаж байгааг овжноор олж
харсан Хятад улс бидэнд найрсаг хандаж буй нь гэнэн хэрэг биш ээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин