Бин Ладен исламчуудын бурхан гэсэн үг

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Бин Ладен исламчуудын бурхан гэсэн үг

Осама Бин Ладеныг устгасан тухай  дуулиантай зэрэгцээд түүнийг амьд байгаа гэх мэдээлэл нэлээд тархаж байна.  Тухайлбал,  Пакистаны хэвлэлээр   Осама Бин Ладеныг амь үрэгдээгүй  гэж мэдээлсэн. Энэ талаар тус улсын “Rediff.com” сайтын хувь нийлүүлэгч, сэтгүүлч, редактор  Хамид Мирийн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

-Дэлхий даяар Осама Бин Ладены үхлийн талаар шуугиж байгаа энэ үед Пакистаны хэвлэл мэдээлийн хэрэгслээр түүнийг  одоо болтол амьд байгаа хэмээн мэдээлсэн нь улс төрийн жүжиг үү. Аль эсвэл тэр үнэхээр нас бараагүй юм болов уу?
-Түүний тухай хүмүүс янз бүрээр л ярьдаг. АНУ тэргүүтэй дэлхийн ихэнх орон түүнийг террорист  гэсэн ойлголттой байдаг. Харин Исламын орнууд Осама Бин Ладеныг бурхан мэт хүндэлдэг. Учир нь түүний хийсэн бүх зүйл Арабын орнуудын эрх ашгийн төлөө байдаг. Тэр хүмүүсийг хүчирхийллээс хамгаалдаг гэдэгт бид  итгэдэг. Гэтэл өнөөдөр түүнийг амиа алдлаа гэж дэлхий нийт, тэр дундаа АНУ-ын ард иргэд баярлан хөөрч байна. Гэвч би  түүнийг үхсэн гэдэгт итгэхгүй. Тэр цогцос түүнийх мөн, бишийг хэлэхэд эрт шүү дээ.

-Түүнийг 2001 оны  есдүгээр сарын 11-ний өдөр АНУ руу халдахад америкчууд маш их уурлаж байсан. Харин өнөөдөр түүнийг оршуулчихлаа. Гэтэл түү­нийг амьд гэж хэлснээр аме­рикчуудад дахиад айдас тө­рүүлж байна. Ингэх хэрэгтэй гэж үү?
-Энэ бол Пакистан, АНУ-ын ялгаа. Тэд Исламын орон руу хүч түрэмгийлэн дайрсан.  Ард түмнийг алан хядаж, эзлэн түрэмгийлсэн.   Өнөөдөр Арабын орнуудын ихэнх нь гадны, бүр тодруулбал, барууны орнуудын эрх­шээлд орчихсан байна. Харин  энд тэс ондоо ертөнц байгаа гэдгийг АНУ-ын ард иргэд мэдэх ёстой.   
-Осама Бин Ладеныг оршуулах асуудлаар АНУ-ын Засгийн газар Пакистаны эрх баригчидтай зөв­лөлдсөн болов уу?
-Мэдээж хэрэг зөвлөлдсөн. Гэвч  тэр манай улсад  харьяалалгүй.

-Тэгвэл түүнийг Арабын ор­нуудын дунд тэнүүчилдэг байсан гэж болох нь ээ?
-Яалаа гэж. Хүмүүс түүнийг  бурхан шиг  хүндэлдэг байсан учраас Иран, Ирак, Афганистан, Пакистан гээд аль ч оронд байж магадгүй   гэж   АНУ таамаглаж байв. Гэхдээ түүнийг хайх нэрийн дор  бусдын гэр  орон, ард түмнийг хядаж болохгүй шүү дээ. Бид өөрийн гэсэн шашин, газар нутагтай, эрх чөлөөтэй тусгаар улс.

-“Аль-Кайда” бүлэглэл өнөөдрийн байдлаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Тэд тол­гой­логч­гүй болчихлоо шүү дээ. Энэ талаар та юу гэж дүгнэж байна вэ?
-Би түүнийг үхээгүй гэдэгт маш итгэлтэй байна. Хэрэв тэр амь үрэгдсэн бол “Аль-Кайда” цаашид яах тухай би хэлж мэдэхгүй.  Магадгүй, тэд шинэ толгойлогчтой болох байх.

-Энэ үг чинь таныг  АНУ-ын Тагнуулын төв газрын хараанд оруулчихлаа /инээлдэв/. Мэдээж энэ бол тоглоом. АНУ Бин Ладены шарилыг усанд живүүлсэн гэж мэдэгдлээ. Энэ тал дээр та юу гэх вэ?
-Тэд юугаа хийнэ, өөрсдийнх нь  л дур байх даа.

-Арабын ертөнцөд хувьсгалын шуурга дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Ливийн асуудал ч  хурц­­даад байна. М.Каддафийн мэдэгдэж буйгаар түүний эсрэг боссон хүмүүс бүгд “Аль-Кайда” бүлэглэлийнхэн гэж байсан. Харин АНУ-ын хувьд Ливийн ард түмнийг хамгаалах зорилготой эн­хийг сахиулагч цэргүүдийг оруулсан. Таны бодлоор НАТО,  НҮБ  Ливийн ард түмнийг хамгаалж чадах уу?

-Би таныг надаар яг юу хэлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. АНУ болон барууныханд Арабын орнуудтай дайтах ганц л шалтгаан бий. Тэр нь газрын тос. Тэд Каддафийн хүүг хороосон. Бас л харамсалтай хэрэг шүү. Энэ мэт тайлбарлахад хэцүү олон  зүйл бий. Уг нь   НАТО,  НҮБ  тэс ондоо байгууллага юмсан.  Харин сүүлийн үед бол  нэг  зорилготой юм шиг  санагдаад байгаа шүү.

-Ярианы сэдэв маань ха­зайчихлаа. Бин Ладен амь үрэгд­сэн явдалд ихэнх орнууд баяртай байгаа. “Одоо л нэг тайван амьдрах нь” гэж. Нээрэн ч барууныхан Арабын орнуудаар оролдоод байх­гүй амар болох юм болов уу?

-Хүн бүрийн үзэл бодол өөр.  Та бид хоёрынх ч өөр. Би юу гэх гээд байна вэ гэхээр хэн нэгэн үхлээ гэхэд түүний байрыг өөр нэгэн эзэлж л таарна. Энэ бол  хорвоогийн жам.

-Ярилцсанд баярлалаа.
Энэхүү  ярилц­лагын дараа  буюу өнгөрсөн мягмар гарагт  Пакистан дахь АНУ-ын ЭСЯ дипломат төлөөлөгчдөө эх орон руу нь буцаах шийдвэр гаргажээ. Тэд ямар нэгэн халдлагаас сэрэмжилсэн бололтой.  

Б.БААТАР


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж