Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

Хүний эрхийн Үндэсний комиссоос аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар зөвлөмж хүргүүлсэн байна. Энэхүү зөвлөмжид, Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрс шүүмжлэлтэй хандаж байна.

Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумуудын нутаг дэвсгэрт 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт 2014 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал давтагдлаа. Мөн Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд зөвхөн 2014 он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байгааг дахин сануулсан ба Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын Хороо энэхүү илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон болно.  Иймд харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болохынх нь хувьд аймаг, сум, багийн засаг дарга нарт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Хүүхэд нь нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд нь тохироогүй тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцохгүй байх эрхтэй. Иймд тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх;

2. Харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах;

Уг зөвлөмжийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу авсан арга хэмжээний тухай бичгээр хариу мэдэгдэж ажиллахыг зөвлөсөн байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж