Кино ярьж өгөх үү: Амьд бүхнийг анирлая

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Кино ярьж өгөх үү: Амьд бүхнийг анирлая

Арав гаруй жилийн турш төмөр торны цаана суусан Занхаан ойн гүнд нам гүмхэн гурван бүсгүй амьдралд гэнэт орж ирнэ. Гай газар доороос гэдэг шиг Занхаан ойн гүнд ангийн занганд өртөж, шархатсанаар гурван бүсгүй амьдралд орж ирснээс хайр дурлал, үзэн ядалт, хүн байгалийн гүн холбоосын учиг тайлагдаж эхэлнэ.

…Сэлэнгэ аймгийн Бугант тосгны буйдхан хөвчид насаараа ан, гөрөө хийж амь зуух Хунсар, Хунзаяа хэмээн хоёр бүсгүй Дэнсээ хэмээх ээжтэйгээ хамт амьдарна. Охид нь нас биед хүрч, бусдын харц булаах нь Дэнсээгийн сэтгэлийг зовооно. Хүн бүхний хайрыг татсан сайхан бүсгүйчүүдэд нүд унагах залуус олон ч Хунзаяагийн гоо үзэсгэлэн бусдыг илүү их өөртөө татна. Хунзаяагийн гоо үзэсгэлэн эр бяраа эм хүнд гаргаж, архи уухаас өөр хийх ажилгүй Занхааны дотрыг гижигдэнэ. Өөрийн шунаг хүслээ гүйцээхийн тулд Хунзаяа охиныг өөрийн болгох хүсэлдээ хэт их автаснаар киноны өрнөл хэсэг үргэлжлэнэ. Занхаан Хунзаяагийн үзэсгэлэн гоо, сайхан биеийг бузарлаж, өөрийн хүслээ гүйцээхийн тулд юу ч хийхээс буцахгүйд хүрэв. Ийм атгаг санаа тээсэн түүнд Хунзаяагийн ээж бэлэн олз болно. Ээжийг нь хүн алсныг мэдэх Занхаан түүгээрээ түрий барьж Хунзаяг дарамтлан хүчиндэж, улмаар эхнэрээ болгосноор кино үргэлжилнэ. Чухам яагаад Занхаан Хунзаяаг өөрийн болгож, хоёр охинтой бэлэвсэн эмэгтэй Дэнсээгийн амьдралд “гай” дуудаж, ямар үйлийн үрээр энэ гэр бүлтэй учирсныг та бүхэн киноноос үзсэн нь илүү сонирхолтой учраас ингээд орхиё. Хайр дурлал, үзэн ядалт, зовлонгийн үр таригчид тохирсон шийтгэлийг нь амсуулах тэр мөчийг “Анирлагч” киноноос үзэх болно.

Сэлэнгэ нутгийн тайгад Хундай хэмээх увдистай буурайгийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Анирлагч” кино өчигдөр нээлтэй хийсэн юм. Нэрнээсээ эхлээд үзэгчдийг татах, энэхүү кино төгсөх хүртлээ таныг анирлуулж, дэлхий дээр хүнээс өөр амьд амьтан үгүй гэж боддог бидний бодлыг үгүйсгэж, тэнгэр, газар шороо, уул ус, онгон шүтээн бүхэн амьтай гэдгийг тод харуулахыг зорьжээ. Хүний хийсэн үйлийн үрээ эрт, орой хэзээ нэгэн цагт эдэлдэг гэдгийг харуулахыг зорьжээ.

“Анирлагч” киноны  зохиогч, найруулагчаар Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл, Д.Сангибат нар ажиллажээ. Үндэсний телевизийн Санги” хэмээн нэрээрээ танигдсан найруулагч Д.Сангибатын орчин үеийн кино урлагт хүч түрэн орж ирж буй анхны бүтээл нь. Мөн киноны гол зөрчил, амьлуулагч дүр бүтээсэн жүжигчин, продюссер “Амар медиа“ продакшны захирал Р.Адъяа анхныхаа эсрэг дүрд тоглосон нь энэ. Киноны төгсгөлд үзэгчдийн дунд Занхаан буюу Р.Адъяаг үзэн ядсан хүмүүс олон байсан. Гаргасан дүрээ хүнд хүргэсэн эсэхэд үзэгч олон дүгнэлт хийдэг. Үзэгч миний хувьд ч Занхааныг үзэн ядах сэтгэл төрсөн нь Р.Адъяа дүрээ сайн гаргаж, үзэгчдэд хүрсэн болов уу гэж бодогдох. “Анирлагч” кино таныг инээлгэнэ, уйлуулна, бодогдуулна бас …

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж