
Төрийн халамж өмнө нь бараг бүгдийг л хамруулдаг байлаа. Иргэнийгээ боломжийн амьдралтай байсан ч бүгдэд өгч байгаа юм гээд л 21 мянга тараасан, баян ядуу хамааралгүйгээр бүх хүүхдэд мөн л 10 мянгаас эхлээд 20 мянгийг тарааж л байна. Бүр гэрлэлтээ батлуулсан л бол хүүхэд гаргасан л бол хауст амьдардаг байна уу, хашаа гэрт амьдардаг байна уу ялгаагүйгээр 500, 100 мянган төгрөг авч л байлаа. Одоо ч үргэлжилж байгаа бүгдийг хамарсан оюутны тэтгэлэг буюу “далан мянга” маань халамж шаардлагагүй бүлгийнхэн, булган шуб өмссөн магистр, докторуудын дансанд ч орж л байгаа.
Ийнхүү төрийн халамж бараг хүн бүрт ялгаагүйгээр хүрэх нь гэх сэтгэлгээтэй болчихсон явж байтал “зорилтот бүлэг” гэх шалгуурыг Засгийн сайд маань яриад эхлэв. Өмнө нь халамжийн бодлого ярих үед зорилтот бүлгийн талаар ярих гэхэд “хэнийг ч ялгаварлахгүй” гэх зэргээр популист царай гаргацгаадаг байсан засаг маань “аманд ч үгүй, хамарт ч үгүй” хэдхэн орон сууцанд бүгдийг хамруулна гэх боломжгүй тул гэнэтхэн “зорилтот бүлэг” гэх зүйл байдаг гэдгийг санасан бололтой.
Өмнө нь ярьж, хэрэгжүүлж байгаагүй болохоор зорилтот бүлэгтээ хэнийг хэрхэн багтаах вэ гэдэг дээр ч туршлагагүй байв. Нийт олны толгойны өвчин болсон байрны үнийн өсөлтийг буулгаж чадахгүй ч нэг хэсэг хүний асуудлыг шийдэж чадах боломжийг хэрхэн хувиарласан бэ гэдгийг нь сонирхлоо. Зорилтот бүлэг гэдэгт залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид гэх дөрвөн бүлгийг оруулсныг өмнө хэлсэн. Гэхдээ энэхүү бүлгээ хоёр хуваасан нь нэг талд нь төрийн албан хаагчдыг гаргаж, нөгөө талд нь үлдсэн гурвыг оруулсан байв. Хамгийн гол нь жилийн турш сурталчилж, олон хүний орчих юмсан хэмээх бодлыг төрүүлж байсан хэдхэн сууцандаа оруулах зорилтот бүлгийнхний квотоор бол төрийн албан хаагчдыг 60 хувьд нь оруулах, үлдсэн 40 хувьд нь өнөөх хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуу гэр бүлийг оруулна гэж шийджээ. Энгийн иргэд, хувийн хэвшлийнхэн, ёстой жинхэнэ үйлдвэрлэгчдийгээ бодвол төрийн албан хаагч гэдэг маань харин ч амьдралын баталгаатай хэсэг. Гэтэл байгаа жаахан “хусам”-ны маань тал илүү хувийг төрийн албан хаагчдад өгнө гэж. Нэг ёсондоо төрийн албан хаагчид гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настантай барьцах хэмжээнд оччихсон халамж шаардсан, зорилтот бүлэг болчихсон гэж ойлгогдов. Уг нь “ухаалаг төр” гэж ярьцгааж байгаа юм бол үүнийхээ оронд зорилтот бүлэгтээ “баялаг бүтээгчдийг багтаана” гэчихсэн бол арай л дээр, эсвэл 40 хувийг нь төрийн албатуудад, 60 хувийг нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэчихсэн бол болох байв.
Гэвч энэ удаагийн бодлого энэ мэт бодолцмоор зүйл байгаа ч үндсэн санаанд нь талархахаас аргагүй. Ченжүүдийн гараар оруулахгүй гэсэн, боломжтой чадалтай нь хэд хэдээр нь байр цуглуулж, хөлслүүлж амьдардаг жишгийг арилгах зохицуулалт хийж өгснөөс нь яахын аргагүй шинэчлэл мэдрэгдэж байв. Яах вэ, юм хийж байгаа хүмүүсийг л шүүмжлэл дагаж явдаг юм гэдэг. Шүүмжлүүл, ажиллаад бай, зорилтот бүлгээ зөв тодорхойл, хавтгайд шаардлагатайд нь халамжаа чиглүүл.