Эдийн засгийн байнгын хороо нь 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд инфляцийг тогтвортой түвшинд барих, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 он баримтлах Үндсэн чиглэлийг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлоход чиглэсэн байна. Тус байнгын хороо нь Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулах, 2014 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргажээ.
Хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгахад Эдийн засгийн байнгын хороо тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Улсын эдийн засагт үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн бүх шатны хэлэлцүүлгийг тус байнгын хороогоор хэлэлцсэн. Өнгөрсөн зунаас тасраад байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг далласан хууль батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг юм. Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлуулсан нь эдийг засаг дахь дотоодын хуримтлал, хадгаламжийг зах зээлийн зарчмын дагуу хөрөнгө оруулалтын сангууд байгуулах замаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр илүү өндөр үр ашигтайгаар ашиглах, санхүү, хөрөнгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэн тогтох боломж нээгдсэн гэж Эдийн засгийн байнгын хороо үзэж байгаа юм.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар инфляцийг тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилттой. Энэхүү хүрээнд 2014 оны эцэс гэхэд инфляци найман хувь, 2015-2016 онд долоогоос хэтрүүлэхгүй байна гэсэн “амлалт” өгөөд буй. Инфляцийг тогтвортой барьж чадсанаар макро эдийн засаг тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжүүлэх боломж бүрдэх аж. Мөн банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, зээлийн барьцаа хөрөнгийн талаархи эрх зүйн орчинг шинэчлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлсон тогтоолын төсөл юм.
Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар тусгагдсан томоохон зорилт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, улмаар уул уурхайн салбарыг дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл хандлагын хүрээнд газрын хэвлийн баялгийн давуу байдалд тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй дэвшилтэт техник технологи, менежмент нэвтэрсэн, олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болгон хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болох, хууль бусаар олборлох, худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл буурч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын эрх зүйн тусгайлсан орчин бүрдэж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал алхам болж байгааг байнгын хороо дүгнэж байгаа юм.
Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд эдийн засагт ээлтэй, үр өгөөжөө өгсөн хуулийн төслүүдийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж буй. Ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх Газрын тосны хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлэн болгоод байгаа аж.