Эрэлттэй мэргэжлийн эзэд болох уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Эрэлттэй мэргэжлийн эзэд болох уу?

“Ард түмэн яагаад төрд итгэх итгэл нь алдардаг вэ. Манай төрийн ажлаас л болж байна. Ийм учраас бид одоо зогсох хэрэгтэй. Цуглаж ярилцаж, зөвлөлдөх хэрэгтэй байна. 24 жил бид дураараа хурдаллаа. Одоо мориноосоо буугаад ярилцах цаг болсон” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Ийнхүү улсын маань Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгын дор нийгэмд тулгараад байгаа асуудлыг хамт ярилцъя. Энэ хүрээнд “Ньюс” агентлаг салбар бүрийг онцлон, тулгамдаж буй асуудал, оновчтой шийдлийг олж харахыг хичээн цуврал материалыг хүргэх болно. Бид энэ удаад боловсролын салбарыг онцолж байна. Тэр дундаа зах зээлд эрэлттэй байгаа боловсон хүчнийг бэлтгэж чадаж байна уу гэдэг талаар хөндье.

Монголчууд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үеийн загварын гар утас, компьютер, авто машин эдэлж, хэрэглэж байна. Өнгөрсөн зуунд лааны гэрэлд хичээлээ давтдаг байсан бол одоо нөүтбүүкэн дээр гэрийн даалгавраа хийж, цахимаар даалгавраа шалгуулж, дүгнүүлдэг болчихож. Ямар ч аргаар хамаагүй хичээлээ давтдаг байсан, тэр эгэл бяцхан хүү ирээдүйн Ерөнхийлөгч ч болох юм билүү. Хүний хэрэглээ ингэж өөрчлөгдөж байхад нийгэмд үнэ цэнэтэйд тооцогдох, үр хүүхдэдээ эзэмшүүлэх хүсэлтэй ажил, мэргэжлүүд ч өөрчлөгдсөөр. Нэгэн цагт инженерийн мэргэжил эрэлттэй байж, бэлтгэгдсэн боловсон хүчин нь улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож байлаа. Харин өнөө цагт дээд боловсролын дипломыг л голчилж, дунд мэргэжлийн боловсон хүчин илтэд үгүйлэгдэх болсон. Цаг үе эргэн өөрчлөгдсөөр. Их, дээд сургуулийн тоо ихэсч, хүн бүр дээд боловсролтой болсон ч сурсан мэргэжлээр нь ажлын байр олдохгүй болонгуут эргээд бодит амьдралтай ойрхон мэргэжлээ сонирхох юм. Одоо бол энэ л цаг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах залуусын тоо нэмэгдэж байна. Тэнд янз бүрийн сонирхолтой ажил, мэргэжлийн суурь байх юм. Хүмүүсийн насан туршийн хэрэгцээ, шаардлага юу билээ. Өмсөх, зүүх, үс гэзгээ засуулах, сайхан хоол хийж идэх, орон сууцаа барих, засах гээд л. Тэгвэл МСҮТ-д энэ бүгдийг зааж байна. Та анзаарсан л биз дээ. Цагаан сар, наадам, сургуулиудын төгсөлтийн баяр дөхөөд ирэхээр оёдолчид ямар ачаалалтай ажиллаж, их захиалга авч байгааг. “Үс сайхан бол зүс сайхан” гэдгээр өөрт таалагдсан засалт хийж өгч чадаж байвал үсчиндээ илүү мөнгө төлөх нь харагддаг болсон. Нийтийн хэвшил биш ч ийм хандлага руу явж байна. Гэтэл жишээ нь, хуульчаар төгссөн хүн танил тал ашиглаж мэргэжлээрээ ажил олж авахгүй л бол бүтэхгүй нь гэж ярьж байна. Бодит амьдралтай ойр мэргэжил л хүнийг өөд татахаар үе иржээ.

Бүтээн байгуулалтад ханцуй шамлан орох цаг

Монгол Улсад одоогоор 101 их, дээд сургуульд 800 орчим төрлийн мэргэжлээр 175 мянга гаруй оюутан суралцаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийгмийн ухаан, бизнес, хууль, техник үйлдвэрлэл, барилгын чиглэлээр суралцагчид дийлэнх байгаа талаарх судалгаа гарчээ. Их, дээд сургуулиуд хүмүүс ямар мэргэжлээр суралцах сонирхолтой байгааг тандаж ангиуддаа элсэлт авдаг. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх эрэлттэй мэргэжилтэй уялдах ёстой. Тэгвэл дээрх судалгаанаас техник үйлдвэрлэл, барилгын салбар бодит амьдралтай хамгийн ойр байгаа юм. Бизнес, хуулийн мэргэжлээр төгссөн өчнөөн олон залуус ажилгүй яваа. Тэднийг ажил олгогчтой холбон өгч, ажлын дадлага суулгасан цагт л мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэнэ.

Энэ хооронд бүтээн байгуулалтад ханцуй шамлан орох сорилтын өмнө бид тулгараад байна. Ирэх таван жилд удаан хүлээсэн улс орны том бүтээн байгуулалтуудыг өрнүүлж эхэлнэ. Үүнд, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Тавдугаар цахилгаан станц, Дархан, Сэлэнгийн бүсэд байгуулах Металлургийн цогцолбор, Арьс ширний үйлдвэрийн паркыг нэрлэж болно. Том парк, цогцолборууд дагуул үйлдвэрийг олноор байгуулна, бүтээн байгуулалтдаа ханган нийлүүлэгч компаниудыг татан оруулна гээд нүсэр том ажил өрнөх юм. Харин эдгээр бүтээн байгуулалтыг босголцох боловсон хүчинг одооноос бэлдэж байгаа юу. Улсынхаа тав, арван жилийн дараах хөгжилтэй уялдсан мэргэжилтэн бэлтгэх бодлого байна уу. Одоо суралцаж байгаа 175 мянган оюутны хэд нь бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж чадах мэргэжлээр сурч байна вэ гэсэн олон асуултыг Боловсол, шинжлэх ухааны яаманд тавих уу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд тавих уу? Бид энэ талаар цувралаар хөндөх болно.

Эрэлттэй мэргэжил эзэмшмээр л байгаа биз дээ?

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж